30 January 2016

Bobby Fischer

Нэг удаа сэтгүүлч М. Талиас асууж: "Шатарчид болон хөгжмийн зохиолчдыг төстэй байдлаар нь холбож болох уу?". Таль: - Бололгүй яахав. Ботвинник бол Бах, Смыслов - Чайковский, Керес - Шопен, Петросян болохоор Лист, Бронштейн - Дебюсси, Ларсен - Прокофьев болно гэв. - Харин Фишер? гэсэн асуултад: - Компьютер! хэмээн товч хариулж.
Уншигч шатар сонирходог бол "Бобби Фишер дэлхийн эсрэг" баримтат киног үзэхэд илүүдэхгүй.
Тэрбээр үндсэндээ Рейкъявик-1972-оор шатрын ертөнц дахь ЗХУ-ын ноёрхолыг таслан зогсоосон. Зөвлөлтийн тамирчид 1948 оноос хойш титэмээ алдаагүй байсан юм (зөвлөлт гэхгүй оросууд гэж үзээд Александр Алехиныг тооцох юм бол бүр 1937 оноос хойш болно).
Фишер гэж ямар хүн байсныг түүний ярьж хэлж байснаас нь төсөөлж болно:
- Би шатраас өөр ямарч зүйлд ийм өндөр амжилтанд хүрч чадахгүй байсан болов уу. Би үндсэндээ сургууль ч төгсөөгүй. Төгсөх шаардлага ч байгаагүй.
- Сургуульд сураад байх юм байхгүй. Багш нар нь тэнэг. Эмэгтэй хүн багшилахыг хориглох хэрэгтэй. Манай сургуульд биеийн тамирын багш л гайгүй нь байв - тэр муугуй шатар нүүдэг юм.
- Намайг шатрын суутан гэдэгтэй би санал нийлэхгүй. Би өөрийгөө тал бүрийн авъяастай гэж үздэг. Зүгээр шатар тоглох хувь таарсан нь энэ. Каспаров мэтийг шатрын суутан гэж нэрлэж болох юм. Тэр яг эрдэмтэй хэрнээ маанаг хүн шиг - шатраас өөр юу ч мэддэггүй.
- Бүсгүйчүүд бол шал дэмий. Залуус тэдгээрт цагаа дэмий зарцуулдаг. Шатар л таашаал авчирдаг юм. Мөн мөнгө ч авчирна.
- Надад дотны найз байхгүй. Надад нууц байхгүй. Найз нөхөд надад хэрэггүй. Би бүхнийг бүгдэд хэлж чаддаг.
- Би сэтгэл зүйд итгэдэггүй, би хүчтэй нүүдэлд итгэдэг.
- Би хүмүүсийг ялах дуртай. Тэдний биеэ тоосон байдлыг дарах нь сайхан.
Фишер өөрийгөө хамгийн сайн шатар тоглодог гэдэгт бат итгэлтэй байсан. Оросууд түүний ялалтанд хүрэх замын түр зуурын саад л байв. Мөн тэрбээр еврейчүүдэд дургуй, бараг антисемит нэгэн байж.
Анатолий Карпов дурсахдаа: "Фишер шатарчидтай муухай харьцдаггүй байсан. Тэмцээн зохион байгуулагчидтай бол хэрэлдэж муудалцах нь элбэг. Тэр тэмцээний нөхцлийг сайжруулах, өөрийн эрхийг хамгаалж ам зөрдөг нь үндсэндээ зөв үйлдэл байсан. 5-6 цаг хөдөлгөөнгүй шатрын хөлөг ширтээд суухад гэрэлтүүлгэ зохих түвшинд байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Шатрын дүрсүүд стандарт байх хэрэгтэй. Фишерээс өмнө үүнийг ойлгодоггүй, янз бүрийн дүрсээр тоглодог байлаа. Хөлөг дээр сүүдэр тусах ёсгүй, тэгэхгүй бол нүд ядардаг. Иймэрхүү зүйлийг Фишер хатуу шаарддаг байсан юм. Өөрийнхөө төлөө шаарддаг байсан ч гэлээ энэ нь өндөр түвшний тэмцээнүүдийн стандартыг тогтоож өгсөн юм".
Түүнд аваргуудыг нь ялсан болохоор ЗХУ-д дургуй байсан. Баруунд болохоор антисемит үзлийнхээ төлөө гадуурхагдаж байв. Сүүлдээ Фишер АНУ-ын ч эсрэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон.
72 оны үйл явдлаар сэдэвлэсэн уран сайхны кино ч бий:
Ганц баатар баахан дайсныг дардаг шиг Фишер оросын гроссмейстеруудыг ээлж дарааллан ялсан түүхийн финал энэ кинонд гарна.
Фишер - Тайманов. 6 - 0.
Фишер - Ларсен. 6 - 0.
Фишер - Петросян. 6,5 - 2,5.
Тэгээд 72 онд Спасскийг буулгаж аварга хэмээх хүндэт цолыг хүртсэн.
 
Аварга болсноосоо хойш 3 жилийн туршид Фишер ямарч турнирт оролцоогүй. Үүгээр зогсохгүй Карповтой тоглох ёстой болоход биелэгдэхгүй шаардлагууд тавьсаар тоглоогүй байдаг. Уг нь тоглосон бол маш сонирхолтой байхгүй юу. Ингээд Фишерээс аваргын титэмийг нь хурааж авсан юм. Оросууд 1975-2008 онд эргээд шатрын ертөнцөд эзэн суусан. ЗХУ байхгүй болчихоод байхад л шатарчид нь ээлж дарааллан аваргалсан: Карпов, Каспаров, Крамник гээд. Фишер тэмцээнд оролцохоо байхад түүний орыг баруунд дүрвэж гарсан ЗХУ-ын 4 удаагийн аварга Виктор Корчной эзэлсэн. Тэр нэг хэсэг Карповын гол өрсөлдөгч нь байв. Шатар үндсэндээ "хүйтэн дайны" бас нэг фронт нь болчихсон байсан цаг үе.
20 жилийн дараа Фишер Спасский нар иргэний дайны гал улалзсан Югославид хоорондоо дахиж тоглосон юм. Үүнийх нь төлөө АНУ иргэншлийг нь хурааж Фишер 15 жил тэнүүчилсэн.
Фишер АНУ-ын талаар: "Та бүхэн АНУ-ын түүхийг хар. Энэ улсын түүх гэж ер нь юу байнаа? Юу ч биш байснаа ямар нэгэн зүйл болох гэж хичээсэн оролдлого. Эзлэн түрэмгийлэл, алаан хядаан... Тэд индянуудын улсыг нь булааж, газрыг нь дээрэмдэж, бараг бүгдийг нь алсан. Энэ л АНУ-ын түүх байхгүй юу. Би энэ улсыг жигшиж байна" хэмээсэн байдаг.
Тэгсэн ч гэлээ 1972 оны Борис Спасский, Бобби Фишер нарын өрөг бол барууны ертөнц ЗХУ-ыг ялсан хамгийн тод ялалт хэвээрээ үлдсэн.
Фишерийн хувьд - суут ухаан сэтгэцийн өөрчлөлттэй зэргэцэн орших гэж оролдсон эмгэнэлт бас нэг жишээ юм болов уу. Фишер шатрын оргилд удаагүй ч гэлээ түүний энэхүү спортод оруулсан хувь нэмэр агуу их.

No comments:

Post a Comment