27 April 2014

Андроцидын талаар

Геноцид гэхээр ямарваа нэг үндэстнийг хоморголон устгахыг хэлдэг. Харин андроцид гэхээр зөвхөн эрчүүдийг устгахыг хэлнэ. Грек хэлнээ ἀνήρ - эрэгтэй, латинаар caedo - алах.
Ер нь аль дайнд эрчүүдийнх нь хамгийн олон хувь хядагдсан байдаг юм бол? Дэлхийн II дайн мэдээж хамгийн түрүүнд санаанд орж ирнэ. Оросууд уу немцүүд уу гэж. Гэвч зөв хариулт өөр цаг хугацаанд, өөр газарт бий.
XIX зуунд бүс нутгийн хэмжээний дайн Латин Америкт дэгдэж л дэ. Нэг талаас Парагвай, нөгөө талаас Бразил, Уругвай, Аргентины холбоо. Хэнд ч хэрэггүй, юу ч шийдээгүй дайн. Яагаад хагас сая хүнтэй жижиг Парагвай тивийн хамгийн том 3 улстай (тухайн үед хүн амыг нь нэмэх юм бол дор хаяж 20 дахин нугалахаар) дайтах болсныг энд тайлбарлаад дэмий биз.
Энэ нөхөр удам дамжиж Парагвайн ерөнхийлөгч болсон Франсиско Солано Лопес (1827 – 1870). 18 настайдаа генерал, 28-тайдаа дэд ерөнхийлөгч, улмаар эцэг нь өөд болонгуут ерөнхийлөгч болж дарангуйллаа тогтоосон. Дайн эхлэнгүүт өөрийгөө маршал болгож бас амжиж. Тус дайн жижиг мөргөлдөөн хэлбэртэй байсан гэвэл эндүүрэл. Хүнд артиллери, инженер-техникийн байгууламж, хуягт усан онгоцуудтай жинхэнэ утгаараа дайн өрнөж байв. Цэргүүд хэдэн зуун мянгаараа үхсэн. Ухаан нь самуурсан удирдагч ялах магадлал 0 байсан хэдий ч тэрбээр өөрийн ардын бүх эрчүүдийг дуустал дайтсан. Цэрэгт бүх эрчүүдийг татаад, насанд хүрэгсэд нь дуусахлаар өсвөр насныханруу орж, сүүлдээ бүр 8 настай хүүхдүүдэд буу бариулсан байгаа юм. Болоогүй ээ, хүүхдүүдэд хиймэл сахал зүүдэг байсан баримт бий. Эцсийн эцэст Лопес өөрөө тулалдаанд алагдсан боловч нэгэнт хожимдсон байлаа. Дайн эхлээд зургаан жилийн нүүр үзсэн байв. Энэ хугацаанд Парагвайн эрчүүдийн 90 хувь нь хүйс тэмтрүүлээд амжсан. Энхийн гэрээ байгуулах үед нярай эрэгтэй хүүхдүүдийг оролцуулаад 28 мянган эр тус улсад амьд үлдсэн байжээ. Төсөөлөөд үздээ, 10 эрэгтэйгээс 1 л үлдсэн гэж. Парагвай нэг хэсэгтээ л эмэгтэйчүүдийн орон болсон. 30 жилийн дараа буюу 20-р зууны эхэнд хүртэл эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ 6-7 дахин цөөн байв. Тиймээс олон эхнэртэй байх үзэгдэл нэг хэсэгтээ л дэлгэрсэн. За өөр сэдэврүү шилжээд яахав, ингээд өндөрлөе.

26 April 2014

Музеон. Мазай

Москвад Парк искусств Музеон (орчуулвал Музеон урлагийн парк гэх юмуу да) гэдэг цэцэрлэгт хүрээлэн бий. Модон дунд Дед Мазай-д зориулсан уран баримал байрладаг.
Нерасовын "Дедушка Мазай и зайцы"-г мэдэхгүй уншигч байвал товч тайлбарлаж өгье: Хавар шар усны үерээр Мазай нэртэй өвгөн уснаас зугтаж дов хожуул дээр гарсан туулайнуудыг завиндаа авч эх газар буулгаж авардаг юм.
Энд тэгээд сонин юм юу байгаа юм бэ? гэж уншигч уцаарлаж мэдэх. Хүлээж бай. Анхааралтай хар.
Ха-ха. Титаник айн? Тэр хэвтэж буй нөхрийн төрх ч гэсэн тасархай. Надад ийм төрлийн урлагийн бүтээл маш их таалагддаг.

Paris in Motion (Part 4)


25 April 2014

Холимог хуурга

Мэйжикнэт компаний буянаар ажил 2 өдөр интернэтгүй өнжсөн. Төхөөрөмж нь нэг СӨХ-ийн өрөөнд байдаг юм байх, тэр нь цахилгааны төлбөрөө төлөхгүй болохоор тогийг нь салгачихна, дагаад төхөөрөмжүүд нь унтарна - ингээд манайх нэтгүй. Нэг бус удаа давтагдаж буй үзэгдэл л дэ. Тэр цаана юу болж буй манайд хамаагүй, мөнгөө танайд төлсөн, үйлчилгээгээ авмаар байна гэхээр за, одоохон асуудлыг шийднэ гээд таг. Гоё схем, юу ч хэлэх билээ. Би ч сүүлийн өдрүүдэд гэртээ оройтож орж ирээд ядраад унаад өгсөн. Нэг тохиолдолд нь пиво уусан байсан, нуугаад яахав. Үр дүнд нь блогд пост нийтлэгдээгүй. Ингээд гар утсан дээрх зурагнуудаа хуулж холимог хуургаа хийе дэ.
Чулуун ууц. Сүүлнээс нь хөндсөн байдалтай хийж.
Монголбанкны түр үнэмлэх. Тус байгууллагыг цагдаа хамгаалдаг байснаа төрийн тусгай хамгаалалтруу шилжүүлэн өгч. Гээгдүүлвэл хэвлэлтийн зардлыг нь даах юм байна. Ямарч тэд дахин нугалж төлөх юм байхгүй, шударга л юм.
Хулгайчаас болгоомжил. Сонирхолтой нь хулгайчийг дандаа нүд тойрсон баг, кепка, бээлий, ууттай дүрсэлдэг. Яахав аль нэг элемент нь дутаж болно, гэхдээ ерөнхий төрх бол хэвээрээ. Сануулга, сурах бичиг, ном сэтгүүл г.м. хаа сайгүй ийм л төрхтэй.
Дулаарлаа, багажнуудаа цэгцлэх нь зөв.
Демотиватор стилийн анхааруулга. 
Сайн мэдээ. Замын хажуугаар байрладаг үзээрийн самбаруудыг буулгаж байна. Ямартаа ч хүүхдийн 100-д нөхцөл байдал иймэрхүү.
Сайн хогын сав л хийж чадахгүй байгаа улс да. Хийдэггүй юмаа гэхэд худалдаж авахдаа хэрэглэхэд ямар байх вэ гэдгийг нь бодож үзэх хэрэгтэй. Гудамжинд бол ам нь таглаатай, хаалттай сав огт хэрэггүй. Бараг ингээд хажуугаар нь нээсэн нь ч зөв.
Гагнуурчны алдаа.
Танил тэрэг техникийн захын дэргэд таарав.
Гарц. Хөгжим бүжгийн дэргэдүүр явган явахад туйлын бэрх болоод байгаа. Гутал хувцас тоос шороо болох нь дүүрч, яс л бүтэн үлдэж байвал. 
5 сард хөдөө явах хувийн бэлтгэлээ бага багаар базааж байгаа. Машиныхаа муудсан нэг цаап-ыг солиулсан. Шинэ үг: 4.34. Втульк. 
Мөн өчигдөр хойд хоёр амортизатораа солив. Хуучин нь хэрэглэгдээд дууссан болохоос биш сайн амортизатор байсан.
Компьютер дээрээ Word нээчихсэн юм бичээд сууж байтал охин ирээд энд Аав гээд биччихэж гэхэд нь л анзаарлаа.
Ажлын залуу Тайландад амраад ирсэн юм. Ажлынхандаа гахайн махтай печенье авчраад, ха-ха. Болоогүй ээ, тэр мах нь үстэй. Би гурилан бүтээгдэхүүн, жигнэмэг төдийлөн таашаадаггүй. Гэхдээ үстэй махтай печенье бол сонирхож иднэ.
Цагдаа нарт шүршдэг будаг юмуу шохой олгочиход яадаг байна? Хоёр машин шүргэлцнэ, хөөрхий цагдаа тэмдэглэл хийх гээд тэр хавиар тоосгоны хэлтэрхий хайгаад давхичихна. Зураг дээр - ганзага хоосон буцаагүй эр. Анзаараад байсан чинь энэ шинэ малгай нь ТҮК-ийн ажилчдын малгайтай адилхан юм, өнгө нь нэг нь ногоон, нөгөөх нь хар болохоос биш.
Нэг харсан - монгол 3-р сургууль алга болж. Тэгмээр дэ. Одоо барих гэж хэдэн жил болохыг нь харах үлдээ.
Өчигдөр шуурсан - баахан хашаа нурсан. Өөдгүй гарууд өдөржин болж байхад ядаж явган болон машин замаас нурсан хашаагаа холдуулж болноо до. Ийм нөхдүүдийг залхаан цээрлүүлэх үүднээс машин илгээж хашааг нь ачаад хог дээр аваачаад хаячих хэрэгтэй.
За тэгээд төгсгөлд нь хөөрхий Сэлбэ гол. Одоо Бааст гол гэж шоолоход ч хэцүү болж дэ зайлуул. Горхи гэмээр юмуу да.

22 April 2014

British Pathé Archive

Их Британий Пате компани өөрийн архивыг түмэн олонд нээлээ.
85 мянган видео YouTube дээр: https://www.youtube.com/user/britishpathe
Гайхалтай билчэгүүд олноороо нэг дор. Үзээд үзээд барахгүй.

Монголын тухай юу байгааг сонирхолоо л до.
1929 оны экспедици. Хятад л гараад байна.


1939 оны бичлэг. Аягаа долоож буй нөхөр кадрт багтаад амжиж.


1951 он. Ордны урдуур машин давхиад л.


1968 он. Хүмүүсийн зүс царай, хувцаслалт, Улаанбаатар - бүгд гайхалтай.

Сүүлийн үеийн мэдээ

Сүүлийн өдрүүдэд улс оронд болон хувийн амьдралд юу тохиолдсон тухай:
1. Давхар дээлийн хууль, түүнтэй холбоотой жагсаал цуглаан.
Сонирхол татах зүйл биш, тоогоочгүй.
2. Сайд Тэмүүжингийн асуудал.
Сонирхол татах зүйл биш, тоогоочгүй. Үнэндээ бол мань эрийн ганц сул тал нь бололтой.  
3. Намайг нэг нөхөр залилах гэж оролдсон бүтэлгүй оролдлого. Амархан хульхидуулчих хүн шиг харагдсан юм шиг байгаа юм. Өнөөдрийн байдлаар асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа, ойрын үед нэг тийш шуудархаар нь энэ тухай тусдаа пост нийтэлнээ. Хуульч найзтай байх их хэрэг болж байгаа, зөвөлгөө зөвлөгөө авахад.
4. Гол сайн мэдээ. Гэрт баахан хаяггүй CD, DVD байхаар нь амралтын өдрүүдэд цэгцэлсэн юм. Тэгсэн HDD эвдрэхэд цуг үгүй болсон 2008 болон түүнээс өмнөх үеийн зурагнууд олдсон. Баярлаж байна гэж жигтэй. Бууз 300 төг, гуляш 2200 төг байсан үеийн зурагнууд гээд бодолдоо.

20 April 2014

Аглаг бүтээлийн хийд. 2-р хэсэг

2014.04.05-ны зугаалга. Өмнөх дугаар: click!
Автомашины зогсоолын дэргэд ундны усны цэг бий. Дээрээс бууж ирэх үед их хэрэг болдог юм билээ. Толгойгоо норгож, гараа угааж авсан.
Доороос хийд ингэж харагдна.
Дулаахан сайхан өдөр таарсан. Дээшээгээ аажуухан, тааваараа алхацгаав. Жадамбаа охиныхоо зургийг сүмийн фон дээр авч байна.
За тэгээд алхсаар байгаад сүмд хүрэх шив дэ.
Анаарал шууд никель бөмбөрцөгт төвлөрөв.
Бас нэг бөмбөрцөгдүү дүрс. Алтан өндөг бололтой. Даанч тахиа элбэг тааралдаад байсан юм.
Чулуун хөшөөнүүд ёоз ёозоороо. Ихэнхдээ мутант амьтнууд. Арслан барын дундаас төрсөн л гэнэ, хангарьд арслангийн дундаас гарсан л гэнэ. Ер нь энэ сэдвээр бодож үзвэл сонирхолтой л юм билээ. Дурын хоёр амьтан сонгоод дундаас нь ямаршуу төрхтэй үр хорвоод мэндлэх бол гэж. 
Үнэндээ бол чулуугаар ийм зүйл бүтээх нь нөр их хөдөлмөр л дө. Шавь нартайгаа олуулаа уйгагүй ажилласан юм шиг байгаа юм.
Чулуун арсланд янз бүрийн цус холилдоогүй бололтой.
Арын проекц нь. Панк арслан гэдгийг нь ирокез нь илтгэнэ.
Боловсруулалтанд ороогүй галт уулын чулуу цагаан арьстнуудын дунд орсон ганц негр шиг шоовдор харагдна.
Хашлага бол харин янзын. Манай рокерууд ийм гавал савхин хүрмэн дээрээ дүрсэлдэггүй нь сонин.
За ингээд дотогш орцгооё. Нэгдүгээр давхарт л фото авахыг зөвшөөрдөг юм байна лэ. Энд бурханч лам Пүрэвбатын уран зураг, зээгт наамалууд бий. Би зураг авсан, цувралын дараагийн постод нийтлэгднэ. Харин 2-р давхарт музей нь байрлана, тэнд зураг авах хориотой.
Будаа, сүү, үзэм, тос цацах, өргөхийг хориглож. Бичээд тавьчихад учир зүггүй нялгадаад байдаггүй л юм байна. Гэхдээ дэргэд нь харгалзагч байгаа болохоор л энэ. Гаднах хөшөөнүүд тосоор мялаалгаад эхэлсэн харагдсан.
Инээдтэй зохиомжууд бас бий. Матар, телескоп загас, гахай болон ямарваа нэг шавьжийн дундаас гарсан гэмээр битүү цэврүүдсэн амьтан.
Лусын савдаг гэсэн байх шүү. Надад бол тул загас, нисдэг гүрвэлийн дундаас гарсан амьтан шиг санагдсан.
За тэгээд мэдээж арын проекц. Савдаг уурлаж довтлох гэж буй юм биш, зүгээр л уран нугаралт үзүүлж буйг бид эндээс мэдэж авна.

Линкүүд

Сонирхолтой сайтууд.
1. Союз болон хаант оросын шар айрагны шошогнуудын цуглуулга.
http://nubo.ru/old/
Жишээ нь: Улаан-Үдэд ийм пиво үйлдвэрлэдэг байж. БМАССР гэсэн бичгийн анзаарч байна уу? Буриад Монгольская автономная ССР гэж буй юм. Одоо энэ автономи байхгүйтэй адил болсон.
2. Агаарын замууд.
http://contrailz.com
Лондоныг сонирховол:
3. Харин энэ шууд онгоцыг бортыг дугаараар нь ологч (аль дээр нэг уншигчаас ирсэн линк).
http://planefinder.net/
4. Нарийвчлал, мэдээлэл сайтай газрын зураг.
http://www.openstreetmap.org
5. За тэгээд төгсгөлд нь нүцгэн хүмүүс бүхий сайт.
http://www.naked-people.de/

18 April 2014

17 April 2014

Лого харьцуулалт

Ард банк бус санхүүгийн байгууллагын лого:
Харин энэ Oracle:
Хэн нь хэнээсээ хуулбарласан нь тодорхой: мэдээж барууныхан манайхаас, ха-ха.

16 April 2014

Монгол сайхан орноор

2012.08.09. Баян-Өлгий. Алтай таван богд.
 2010.08.21. Өвөрхангай. Улаан цутгалан.
2011.05.07. Сэлэнгэ. Орхон-Сэлэнгийн бэлчир.
2011.07.04. Бага Хэнтий. Хагийн хар нуур орох замд.
2011.08.15. Хөвсгөл. Ринченлхүмбэ сумын төв.
 2012.08.15. Говь-Алтай. Тайшир. УЦС.
2013.05.18. Сүхбаатар. Дарьганга сумын төв Алтан овоо дээрээс.
 2014.02.09. Сэлэнгэ. Зүүнхараа. Ширхэнцэг уул.
Төгсгөлд нь - селфи. Хэдэн өдрийн өмнө Аглагийн хийдийн никель бөмбөрцөгт тольдсон юм.
Очоогүй аймаг - Ховд, Дорнод, Дорноговь. Энэ жил хоёроор нь орох төлөвлөгөөтэй.