Showing posts with label fact. Show all posts
Showing posts with label fact. Show all posts

22 September 2026

Ээлжлэх дөрвөн улирал

Муу хүн идсэнээ цувралаас.
Зуны дэлгэр цаг дуусаж 
Намар ирлээ 
Нэг мэдэхэд өвөл болсон байна 
Тэгээд эргээд хавартайгаа залгана да

10 September 2026

Цагаатгалын бүртгэл

UPD 2026.09.10 15:27
Хэлмэгдэгсдийн дурсгалд.

2026.03.29 11:50
20 гаран жилийн өмнө би нэг найздаа жижигхэн бүртгэлийн прог бичиж өгч тусалж байв. Тэр нь цагаатгалын бүртгэл байсан юм. ө.х. Монголын төр хилс хэрэг тулгаж хэлмэгдүүлсэн иргэдээ цагаатгаж, ар гэр, үр удамд нь нөхөн олговор олгосон бүртгэл гэсэн үг. Сая гэнэт интернэт ухаж байтал энэ сайт таарав: 
http://old.supremecourt.mn/tsagaatgal
Баазын талбарууд нь яг ийм байсан, сайн санаж байна. Бид 30 гаран мянган иргэдээ хэлмэгдүүлсэн гэдэг юм билээ, түүнээс хэд нь цагаатгагдаж гэдгийг сонирхолоо. 
14,731 иргэн цагаатгагдаж. Бүтэн жагсаалтыг татах гэсэн чинь тийм боломж тус сайт дээр алга. Тэгэхлээр нь ChatGPT ашиглаад Python дээр код бичүүлээд авав. 
Дээрх кодыг ажиллуулаад эксель файлруу бүх цагаатгагдсан иргэдийг оруулаад ирэв.
Ямар ажил, цол хэргэмтэй хүмүүс хамгийн их хэлмэгдэж гээд pivot-лоод харлаа.
Шашины төлөөлөл л байгаа болов уу гэсэн яг л байна. Дээд хэмжээг хэн хамгийн их өгч байсныг сонирхолоо. Буудан алах ял 3,615 байна.
Ихэнхийг нь До яамны онцгой бүрэн эрхт комисс яллаж.
Янз бүрээр бичсэн болохоос биш энэ датаг цэвэрлээд, ангилвал тоо нь бүр нэмэгдэнэ. Буудан алах гэдгээс өөрөөр бичигдсэн нь ч зөндөө.
Дээд хэмжээ гэж бас байна.
Тоо болгоны цаана хэн нэгний амь, хугарсан хувь заяа бий. Үнэндээ л хядаж байсан байгаа юм. 
Сонирхосон нь файлаар авч судалж болно.

03 July 2026

Балгас

Мэдээ: https://ikon.mn/n/3opk
Энэ бол эмгэнэл. Хүүхдийн цэцэрлэг шүү дэ. Яаж өөдлөх билээ дэ ирээдүйдээ ингэж хандаж байхад. 
Хамтарсан үзлэг хийж яах гэж ч байгаа юм? Ойлгомжтой байна шүү дээ асуудал. Ийм барилга барьсан компанийг үгүй хийх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг нь цуцлаад, хохиролыг барагдуулаад, нэмэх нь барилга буулгах, талбай цэвэрлэх зардал, шинэ цэцэрлэг баригдтал түрээслэх байрны зардал г.м. бүгдийг нь гаргуул. Барилга хүлээж авсан, явцын дунд хяналт тавих ёстой байсан төрийн албан хаагчдыг өчиггүй хал.

17 June 2026

Мэдээлэл дутуу хүргэх

Мэдээллийн үнэн зөв байдлын талаар өмнө нь бичиж байсан. Энэ удаад мэдээлэл дутуу хүргэж манипуляци хийдэгийг жишээгээр харуулъя.
Өнөөдрийн нэг мэдээ: https://ikon.mn/n/3ob2
Алуулсан зураач ерөөсөө л оросын эрх баригчдын, дарангуйлагчдын карикатур зурдаг байсан мэт ойлголт төрүүлэхээр. Улмаар "оросуудаас өөр хэн алав гэж дэ" гэсэн дүгнэлтэнд уншигчийг түлхэнэ.
Үнэндээ найз Трамп, Зеленский, украины төр засгийг дутахааргүй муухайгаар зурдаг нөхөр байсан юм. Сөрөг хүчин байсан Навальный хүртэл бий.
Анатолий Шарий үнэн бичиж. Оросыг дэмжигч юмуу Путиныг хайрлаж барьсан зүйлгүй, зүгээр аливаа асуудлыг бүрэн бүтнээр нь харахыг хичээх нь зөв юм. Манай мэдээллийн сувгуудын нэг дутагдал нь барууны мэдээг шууд орчуулаад түгээдэгт оршино. 

08 June 2026

Олигофрения

Элдэв балай мэдээ, зарим хүний хэлж ярьж буй зүйл болон биеэ авч яваа байдал, манай хайрт засаг төрийн зарим шийдвэр зэргийг уншаад, хараад, сонсоод "ямар дебил юм бэ" гэж бодогдох нь элбэг байдаг. Нуугаад яахав, "ёстой хөлдүү гар байна" гэж зөндөө хүний талаар боддог, нээх хэлдэггүй л болохоос. Ер нь нас ахиад ирэхлээр хүн амьтантай маргах, өөрийн зөв гэдгийг батлахыг оролдохоо байчихдаг юм байна. Нээх ухаан, намба суусных биш л дэ, зүгээр хайран цаг - тайлбарлаж батлахад хугацаа их орно, үр дүн нь ихэвчлэн 0. Учир нь - "дебилизм не лечится".

Ингэхэд, мэдлэгт дусал: оюуны хомсдлын нийтлэг нэршил нь олигофрения юм. Олигофрен гэж оюуны хомсдолтой хүнийг нэрлэнэ. Олигофрения нь дотроо 4 хуваагддаг байгаа юм.
Хэн нэгэн өөрийг чинь дебил гэж дуудвал бас ч гэж учиртай доромжилж гэдгийг дээрх хүснэгтээс харж болно, ха-ха. Хүндэвтэр болон хүнд хэлбэртэй бол имбецил болоод ирж байгаа юм. За тэгээд хамгийн найдваргүй, эргэлт буцалтгүй, гэрэл гэгээгүй бол - идиот. "Дебил - идиот - имбецил" гэсэн дараалалтай байдаг гэж бодож явсан маань буруу байсан байна лэ, зөв нь "дебил - имбецил - идиот".

Би бүр өөрт байсан ICD-10-ын баазаас шүүж үзсэн, монгол нэршлийг нь харах гэж:
Англи хэлэнд idiot гэж хараах нь элбэг байдаг нь зүгээр ч нэг тэнэгээр нь дуудаж буй явдал биш бүр хамгийн доод түвшний, 20-с доош IQ-тай, тэнэгийн тэнэг, оюуны маш гүнзгий хомсдолтой гэж буй хэрэг.

29 May 2026

Хотын шинэ дарга

Хот шинэ даргатай болсон. Дан намын аппаратад ажиллаж ирсэн залуу байна лэ. Цаг хугацаа энэ албыг хашиж чадах эсэхийг нь харуулах бизээ. Ганжавхлан яг оноод хэлчихэж.

14 May 2026

Таганская

Ха-ха.
Тоглоомчгүй хэцүү зангилаа. Дэлхийн хамгийн заваан автозамын уулзваруудын дунд байнга байж байдаг юм.

30 April 2026

Ногоон дугаар

Холбоос: https://ikon.mn/n/3n5m 
Бүрэн цахилгаан машин нь дотоод шаталтын хөдөлгүүргүй, дагаад утаа ялгаруулахгүй. Батарейг нь үйлдвэрлэх явцад байгаль орчинд учруулдаг хохирол нь энгийн машин ашиглалтынхаа явцад хорт бодис ялгаруулж байгаль орчинд учруулах хохиролоос хавьгүй их боловч ногоон технологи гэгддэг. За одоо дүүрч, утаа гаргахгүй байгаа нь их юм гэж бодохсон. 
Энд яригдаж буй "туулах зам уртасгагчтай" гэдэг нь батарейтэй, нэмээд дотоод шаталтын хөдөлгүүртэй машиныг хэлнэ. Дотоод шаталтын хөдөлгүүр нь явах эд ангитай ямарч холболтгүй, зөвхөн батарейгаа цэнэглэдэг. Ихэвчлэн жижиг багтаамжтай хөдөлгүүрүүд байдаг (жишээ нь: жийпний хувьд 1500cc юмуу), гэхдээ утаа ялгаруулна. Ийм машин нэг бак бензинээр 1000 гаран км туулах нь энгийн үзэгдэл. Жижиг хэмжээний цахилгаан үйлдвэрлэх станц шиг юм ажиллаад явж байгаа гэсэн үг. Галт тэрэгний зүтгүүр, уул уурхайн том машинууд ч гэсэн цахилгаанаар явж байгаа, мазут болон дизель шатааж цахилгаан бий болгоод. Уг нь ногоон дугаарыг ямарч утаа ялгаруулдаггүй машинд олгож ирсэн нь зөв юм. Манай ухаантнууд юуг үндэслэж ийм шийдвэр гаргаж буйг мэдэхгүй юм да.

22 April 2026

Туулын хурдны зам

Туулын хурдны замыг тойрсон хэрүүл маргаан, хэлцэл тэмцлийг жаал ажиглалаа. Хэлэх үг алга, больчих хэрэгтэй Нямбаа тэргүүтэн.

15 April 2026

Израиль ба еврейчүүд

Би уг нь еврейчүүдийг сүрхий ард түмэн гэж боддог. Хэдэн мянган жил зовлон үзсэн, эцэст нь ямартаа ч улсаа байгуулж чадсан. Хэлмэгдэж, хядуулж байсны хувьд болж дэ гэж боддог. Дэлхийн II дайнд холокостод хамгийн их өртсөн нь еврейчүүд. Гэхдээ цыганууд адилхан авралгүй хядуулж байсан, хэнч өнөөдөр тэр тухай дурсдаггүй. Курд, цыган, палестинчуудыг бодохноо еврейчүүд тусгаар улстай болсон ард түмэн.
Гэвч сүүлийн жилүүдэд Израиль фашист гэмээр бодлого хэрэгжүүлж байгаа. Жинхэнэ харгислалыг үйлдэж байна. Түүхийг байнга сөхөж, ийм зүйл бүү давтагдаасай гэдэг нөхдүүд өөрсдөө яг ижил зүйл хийгээд байгаа нь сонин.

08 April 2026

Лаа шүүдэнз нөөцөлж лагерь гарч байсан түүх

2012 оны 12-р сард ертөнц сүйрнэ гэж бужигналдаж байж билээ. Тухайн үеийн пост: https://ganzo79.blogspot.com/2012/12/blog-post_3919.html

Одоо ч гэсэн бодол өөрчлөгдөөгүй. Бурхан ганц, ямар арга замаар хүрнэ, ямар шашин дагах нь хувь хүний сонголт. Итгэх нэг хэрэг, мухар сүсэглэл бол харин мунхаглал. Бурхантай харьцахад зуучлагч хэрэггүй ө.х. заавал лам пастор, сүм хийдийн тусламжтай үг чинь бурханд хүрнээ гэсэн үг биш. Байгаль дэлхий, уул усаа хайрлаж хамгаалаад, тэнгэрт залбираад явж байх нь хамаагүй дээр.

2012 оны үйл явдалруу буцахад, аав саяхан дурссан: сонин юм шүү, тэр өдөр ажил эль хуль, тал хүн нь байхгүй. Эрдэм шинжилгээний байгууллага шүү дэ уг нь гээд инээгээд байсан. Нэг хүн эхнэр хүүхдээ орхиод хотоос гарсан түүх бас сонссон. Хот байхгүй боллоо гэхэд ганцаараа үлдээд яах гэж байгаа юм? Ккк. Бас сая Учрал томилогдохтой холбоотой манай найз хэлж байсан: 12 онд лаа шүдэнз агсаад лагерь зүглэж байсан хүнээс нээх их зүйл хүлээгээд дэмий болов уу гэж. Харж л байхаас. 

Ер нь тэгээд энэ нийгэмд болж буй олон үйл явдлыг ажиглаад, зарим хүмүүсийг хараад хэлэх ч үг олдохгүй юм да.

06 February 2026

Мэргэжлийн онцлог

Манай мэргэжлийн онцлогийн хамгийн товч, энгийн, үнэн дүрслэл.

26 January 2026

45+

Хүн 45 нас өнгөрөөд хэрсүүжиж, ухааждаг юм шиг байгаа юм. Хүүхдүүд том болоод, тусдаа гарах нь гараад, зарим нь ач зээгээ үзэж өвөө, эмээ болдог. Урд нь хүүхэд төрөх, нярай хүүхэд асрах, цэцэрлэг, сургууль гээд бужигнаж байсан амьдрал нэгэн хэвийн, өдөр хоногууд ялгарах юмгүй болж солигддог. Ихэвчлэн амьдралаас хүлээж байсан хүлээлт нь биелээгүй, мөрөөдөл нь алсад хоцорсон байж таардаг. Итгэж байсан зүйлс нь замхарч, эрүүл мэнд нь доголдох нь түгээмэл - хараа муудна, сахар ихсэнэ, даралт хэлбэлзэнэ, бөөр нуруу, үе мөч өвдөх нь элбэг. Энэ бүхэн дунд насны хямрал гэдэгрүү аажуухан хөтөлж байдаг. 

Дээрх үзэгдэл хүн болгонд их бага хэмжээгээр тохиолддог. Энэ насанд хүн хангалттай туршлага хуримтлуулсан, нийгэмд байр сууриа олсон, өөрөө шийдвэр гаргадаг түвшинд хүрсэн байдаг. Хүний болон өөрийн өмнө хариуцлагаа бүрэн хүлээдэг болсон нас гэхүү дэ. Бас энэ насанд хүн үхэл гээчийг сайн ойлгосон, мэдэрсэн байдаг. Ойр дотны хүрээллээс нь, дотны хүмүүсээс нь ертөнцийн мөнх бусыг үзүүүлсэн хүн мэдээж байж л байдаг. Улмаар хүн өөрийнх нь ч гэсэн буцах өдөр хоног ойртож буйг, хэзээч хамаагүй үхэж мэдэхийг илүү ойлгодог. Би яг зөв амьдарч байна уу, зөв зүйл хийж байна уу, аз жаргалтай байна уу, зөв хүнтэй цуг байна уу г.м. элдэв асуудал толгойд нь эргэлдэж эхэлдэг. Бусадтай өөрийгөө харьцуулдаг - сайнтай нь болон муутай нь. 

Энд хүн нэг зүйлийг сайн ойлгох ёстой юм шиг - нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо. Хүнээс юу үлддэг юм? Нэр үлдэнэ, үр хүүхэд нь үлдэнэ. Үхэн хатан мөнгө ч юмуу, карьер ч юмуу, эрх мэдэл хөөж элийгээ хийх юм. Шуналаа бас дарж байх нь зөв. Хэн нэгэнтэй өөрийгөө заавал жишиж яах гэсэн юм? Анд нөхдийн нөхөрлөл, дотны хүмүүсийн хайр байхад хүнд өөр нээх их зүйл хэрэггүй. 

Би хувьдаа шулуудсан. Миний тухай хэн юу гэж бодох - 80 дахь асуудал. Таалагдахгүй зүйлээ хийхгүй, хэлэх гэсэн юмаа хэлсээр ирсэн, цаашид тэр чигээрээ дуусна. Дуртай зүйлээ хийнэ, ажиллах цагтаа ажиллаж амрах цагтаа амарна. Үлдсэн 1/3 замыг "үхсэн баас, намайг хэн хэлэхэв" уриатай туулна гэж бодож байгаа.

14 January 2026

Улс төрийн таамаг

Ерөнхий сайд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд сунгаандаа гарч дэ гэж бодож байна - орон нутгаар тойроод эхэлж. Хүрэлсүх цэргийн хүмүүжилтэй болохоор ямарч тохиолдолд найз нөхдөө хаяж болохгүй гэж боддог нэгэн. "Мужик" зан гаргадаг гэхүү дэ. Тиймдээ ч Хадгаламжийн банкны мөнгөөр казинод тоглосон хэргээр цуг яллагдаж байсан Зандаршатараа чирээд байдаг байх. Тойргоосоо гарч чадаагүй хүн ерөнхийлөгчид өрсөлдөх нь хэр зөв юм, нам нь мэдэж байгаа юм байлгүй. Яг одоо байгаа рейтингээр бол явцуургүй л харагдаад байгаа, АН-аас Алтанхуяг ч юмуу нэр дэвшихэд тэгээд л хэцүүднэ. Нэг их шударга царайлаад хүн амьтан ажлаас нь чөлөөлөөд яваад байгаа нь сонин л санагдаад байгаа. Ямартаа ч найз лидер бол биш л дэ.
Зандангаа дэвшүүлээд, Учрал нь ЗГ-аа аваад, УИХ-ын даргад харин хэнийгээ тавих юм бол до МАН. 
Залуучуудад хэлэхэд, нам лам хоёроос хол байх нь зөв шүү, өөрийн бор зүрхээр мэргэжлээрээ ажиллаад явах шиг сайхан зүйл байхгүй. Цүнх баригч, суганы үс болж болохгүй.

24 December 2025

Төрийн өмчит компаниудын бүтээмж

UPD 2025.12.24 16:23
Байхгүй. Нөгөө хэдэн менежерээ халж орхиж. Тэгээд оронд нь дэд сайд оруулаад ирж байгаа юм. 
Миний хувийн бодол - аль аль нь шаардлагагүй. 29 тэрбумын зардлыг 864 сая болгож бууруулж буй мэт мэдээлэл түгээчихжээ бас, ккк. Үнэндээ 29 тэрбум шаардлагагүй зардал 25 онд гарсан, ирэх онд 864 сая бас гарнаа л гэдгийг илтгэж байна. 29 тэрбумыг 128 хүнд хуваагаад, 12 сард хуваавал 18.8 сая гарч байна. Өндөр л цалинтай байж манай менежерүүд. Эгдүүцсэн хүмүүс анхнаасаа гарч ирж байх шиг:
Дэд сайдууд дэргэд нь хөөрхий 4.5 сая юм байна. Гэхдээ аль аль нь бялуу хуваалт шүү дэ яг үнэндээ. Тэгээд суудал нь ганхаад ирэхлээр чиглэлийн 4 яамандаа дэд сайдтай үлдье гэсэн сураг дуулдсан. Бусад нь тэгвэл онц хэрэгцээгүй байсан юмаа да? Ккк. Өрөвдөлтэй л харагдах юм. Би Оюунгэрэлийг дэмждэггүй л дэ, гэхдээ энд бол зөв л зүйл бичиж.
Тэгээд аягүй бол цагаан сарын өмнө унаад өгнө дө чаавас.

2025.06.17 15:56
Төрийн өмчит компаниудыг нэг сайн гэгч сэгсрээд илүү дутуу хачиг, шимэгчээс нь салгамаар байгаа юм. Нэгтгэхийг нь нэгтгээд, татан буулгахыг нь буулгаад, хувьчлахыг нь хувьчлаад, орон тоог нь цөөлөөд, цалин хөлсийг нь нэмээд, цомхон, чадварлаг бүтэцрүү шилжүүлэх нь зүйтэй. Төрийн өмчит компанид ажиллаж үзсэн. Тэн хагас нь ажил хийдэггүй, зарим нь ажилдаа ч ирэхгүй. Сонгууль дөхөөд ирэхлээр "Хөдөөгийн сэргэлт" г.м. улс төржсөн ажилд томилно. Мандахчгүй, унтрахчгүй. 
Сонгуулийн дараа бүтээмжийн менежерүүд томилогдоод байсан, ямар ахиц үр дүн гарч буйг нь ил тод харахсан. Нэг экселийн хүснэгтэнд томилогдсон хүн, компани, урд жилийн үзүүлэлтүүд, тэгээд энэ жилийнх. Хэдхэн түлхүүр үзүүлэлт байхад хангалттай. Мөн томилогдсон хүмүүсийн CV-г үзье. Хэн нь яг мэргэжлийн хүн юм, хэн нь цүнх баригч юм гэдэг нь тос ус шиг шууд ялгараад харагдана. Сэтгүүлчид микрофон барьж хүн ноцсоноос иймэрхүү зүйл дээр ажиллавал сонирхолтой.

Баяр

Төсөв мөнгө хүрэлцэхгүй байхад төсвийнхөн шинэ жил тэмдэглэхгүй шүү гэсэн захирамж хэдэн өдрийн өмнө гарсан байна лэ. Мэргэн санааны үр дагавар эхнээсээ гарч байна:
Төрийн банк төрийн өмчит ХК болохоос яам, агентлаг биш. Байгууллагаас мөнгө гаргаагүй, ажилчид нь өөрсдөө гаргасан байсан. Тиймээс ажлын бус цагаар хүмүүс нийлээд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямарч сайд даргад падлий асуудал. ТУЗ-д нь СЯ суудалтай, нөлөөтэй, хэдэн захирал нь эмээсэн юм байлгүй дэ.

Ихэнх баяр манайд гажуудалтай тэмдэглэгддэг. Шинэ жил тэдний нэг. Энэ талаар Молор-Эрдэнэ ортой зүйл бичиж.
Баярыг архидалтгүй, цомхон, байгууллага ажилчидад дарамтгүй тэмдэглэж болно. Явж явж соёл, төлөвшлийн асуудал. Завхарлыг бий болгож байгаа нь манай болон дээд, доод үеийнхэн. 60-70-80-аад оныхны дийлэнх масс нь орк гэдэгтэй би сүүлийн үед санал нийлээд байгаа. 2000 оноос хойш төрөгсөд энэ тал дээр биднээс хавьгүй дээр. Тиймээс: тэмдэглэж болно, өөрсдөө мөнгөө гарга, даруухан тэмдэглэ, архи бага гудар. 

Баяруудыг авч үзвэл гол 3 баяр бидэнд бий. Шинэ жил, цагаан сар, наадам. Цагаан сар - тусдаа сэдэв. Энэ баяраар зайлшгүй зардал гардаг, цаг хугацаа ч зарцуулж таардаг. Үндэсний уламжлалт баяр болохоор өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн, тэмэдэглэх ч болно. Харин бусад баяраар юм л бол нийлж найрлаад байвал утгагүй.  

Эргээд өнөөгийн хоригийг авч үзвэл - зарим зальтай удирдлагууд оны төгсгөлд хурал семинар, сургалт төлөвлөөд, оройн зоог бүхий төсөв баталсан байгаа. Тэгээд оройн зоогийн халхавч дор ёлка хийнэ. 
Хувь, хувьсгал ямарч байгууллага байсан хүлээн авалтын мөнгөө баярлах гэж байгаа хүмүүс нь өөрсдөө гаргадаг болчиход бүх асуулал шийдэгдэнэ. 

Сүүлийн жилүүдэд засаг төр юм л бол хориглодог, хаадаг, торгодог болчихоод байгаа. Үүнийгээ бодлого гэж андуурдаг. Ямарч дебил ийм шийдвэр гаргаж чадна. Том зургаар нь авч үзвэл: төсөв жилд хоёр батлагддаг нь уламжлал болсон, тэгээд ч хүрдэггүй. Аргаа бараад том татвар төлөгчдөөс ирэх жилийн татварыг урьдчилж авах гэдэг, хэдэн сангийн мөнгө цаасан дээр үлдсэн, төсөвтэй холиод идчихдэг, ЗГ бонд гаргаж урд хормойгоороо хойдхоо нөхдөг г.м. үзэгдлүүд улам даймжирч байна. Улс мөнгөгүй биш мөнгөтэй, гагцхүү тэр мөнгийг зөв удирдан зарцуулж чадахгүйд учир байгаа юм.

18 December 2025

Гадаад хэлээр ярих, ярихгүй байх

Зүгээр хувийн бодол.
Занданшатар ОХУ-д Путинтэй уулзсан юмаа да дээр. ЕС маань оросоор төгс ярьлаа, мэдлэг боловсрол өндөр ЕС шүү гэсэн магтаалтай бичлэг сая хальт үзлээ.
1. "Радуга" сурах бичгээр хичээл үзсэн хүн болгон иймэрхүү түвшинд ярьчихна. Акцент их байна, цэвэр ярьж байна гэж хэлж чадахгүй.
2. Тусгаар улсыг төлөөлж айлчилж байгаа бол монголоороо ярь л да. Тал засаад байгаа юмуу? Багшийн өмнө шалгалт өгөөд сууж байгаа оюутан шиг л болчих юм.

03 October 2025

Ам цагаан хулгана

Орой унтах гээд хэвтэж байгаа хүүхэд "ам цангаад байна, юм ууя" гэхэд нь ам цагаан хулганы тухай ярьж өгөөд юм уулгадаггүй аав ээж одоо цагт цөөхөн л үлдсэн болов уу. Эцэг эх нь босохоосоо залхуурсан ч юмуу уух зүйл байхгүйгээс болж унтахад нь шингэн зүйл өгдөггүй байсандаа биш хүүхэд шөнө орондоо шээчихдэг байснаас үүдэлтэй байх.