26 June 2015

Бүх дэлхийн Wi-Fi

Америкийн OneWeb стартап 900 хиймэл дагуулын тусламжтай глобал сансарын интернэт холбоог бий болгохоор ажиллаж байна. Хиймэл дагуулуудыг францын Airbus хийж, оросын Роскосмос орбитод гаргах гэнэ. Энэ тухай жаахан дэлгэрэнгүй авч үзье.
 
Глобал хиймэл дагуул дээр суурилсан интернэтийн санаа 20 гаруй жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Өнөөдөр дэлхийг бүрхсэн 3G, 4G холболтын мөрөөдөл биеллээ олоход тун ойрхон байна. Үүнийг хэрэгжүүлэхээр технологийн хоёр аварга бүлэглэл хоорондоо уралдаж байгаа: нэг талд нь SpaceX болон Google, нөгөө талд нь Virgin Galactic, Qualcomm, O3b нийлж үүсгэсэн OneWeb. Саяхан Facebook сансрын интернэтийн санаагаа орхиж нисгэгчгүй, агаар мандлын дээд давхаргад нэсэх дамжуулах төхөөрөмжүүдэд анхаарлаа хандуулах болсноо мэдэгдсэн.
Inmarsat, Iridium г.м. хиймэл дагуулд суурилсан системүүд аль 90-ээд онд үүссэн бөгөөд өнөөдөр интернэт, утсан холбооны үйлчилгээ хэвийн явуулж байгаа. Эдгээр системүүд нь дэлхийн бөмбөрцгийг бүрэн бүрхэж чадсан хэдий ч түгээмэл ашиглагддаггүй юм. Сансрын холбооны өртөг нь өндөр болохоор энэ зах зээл дээр үүрэн телефоны операторууд ноёрходог. Өнөөдөр операторын антенн байхгүй газар карман зузаан нөхдүүд л сансарын утас, интернэтийг хэрэглэж байгаа. Сансрын интернэтийн бас нэг сул тал нь - хурд. Радиосигнал гэрлийн хурдтай ч гэлээ туулж буй зам нь урт болохоор саатал гардаг. Энд хиймэд дагуулууд янз бүрийн өндөрт нисдэгийг бодолцож үзэх хэрэгтэй: 400-1200 км зайд Low Earth буюу дэлхийд ойр, нам өндөртэй хиймэл дагуулууд байхад 36000 км-т байх Geosynchronous буюу геостационар дагуулууд ч бий.
Орбитын өндөр болгон өөрийн давуу болон сул талтай. Нам өндрийн хиймэл дагуулын бүрхэх талбай бага (газарт хэдий чинээ ойр байна бүрхэх талбайн радиус төдий чинээ жижиг), тиймээс тоо нь олон байх хэрэгтэй, дагаад зардал нь өснө. Гэхдээ сигнал туулах зай богино болохоор харьцангуй хурдан ажиллагааг хангаж чадна. Бараг газрын холболтоос муугуй байх тооцоо бий. Geosynchronous буюу хамгийн өндөрт байрлах станц дэлхийн бөмбөрцгийн бараг талыг ганцаараа бүрхэж чаддаг. Гэхдээ ийм дагуулруу сигнал маш удаан дамжигдна (туулах зам нь найгүй их). Янз бүрийн онлайн тоглоом, интернэт утас (Skype, Viber г.м.)-ны талаар мартаж болно. Өндрийн хиймэл дагуулд бас нэг дутагдал бий: хүлээн авагч хойд, урд туйлруу хэдий чинээ ойр байна, төдий чинээ холболтын чанар муу болдог. Учир нь дагуулын сигнал газрын гадаргатай бараг параллель ирж таардаг бөгөөд энэ нь нэмэлт "шум" үүсгэдэг. Тиймээс холболтоо тогтворжуулахын тулд антеннуудаа өндөрсгөхөөс өөр аргагүй. Эндээс хурдан сансарын интернэттэй болохыг хүсч байгаа бол хар мянган аппарат бага өндөрт хөөргөхөөс өөр сонголт байхгүй нь тодорхой болж байгаа юм.
Нэг жишээ авч үзье: Iridium-ын хиймэл дагуулууд 800 км өндөрт нисдэг, нийт 70 орчим аппарат бий. Тус бүр нь 680 кг жинтэй, 5 сая ам. долларын өртөгтэй. Энд хамгийн гол үзүүлэлт нь үнэ биш юм. Энэ хиймэл дагуул болгон нь хугацааны нэг агшинд 1100 тооны холболтыг л дэмжих чадалтай. ө.х. Iridium бүрэн хүчэн чадлаараа ажиллалаа гэхэд нэг дор 70 мянган хэрэглэгчийг л интернэтэд холбож чадна гэсэн үг. Сайн үзүүлэлт биш гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.
90-ээд онд үүссэн, telecommunication-ы зах зээлд хүчээ үзсэн эхний давалгаанд хамаарах олон компани дампуурсан түүхтэй. Хоёр дахь давалгаанаас нөхцөл байдал дээрдсэн. 2000 оны эхэнд Грег Уайлер гэдэг бизнесмен сансарын интернэтийг хөгжүүлж, www-г хөгжиж буй орнуудад түгээхээр шийдэж. Энэ нь Африк, Ази, Номхон далайн бүсийн 3 тэрбум гаруй хүнд интернэт түгээх төлөвлөгөө байв. Энэ зорилгоор 2008 онд үүсгэсэн O3b стартап 8 мянган км буюу дунд өндрийн орбитын сансарын шинэ аппаратуудыг боловсруулж хөөргөж эхэлсэн.
Энэ төслийг олон компани дэмжсэний нэг нь Google. Уайлерын компани 1,2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт татаж чадсан ба 2014 он гэхэд 2 удаагийн хөөргөлтөөр О3b аппарат наймыг орбитод гаргасан байдалтай байгаа. Ингэхдээ оросын "Союз-СТ-Б" пуужингуудыг ашиглажээ.
O3b-гийн энэ систем одоо Африк тив, Пакистан, Номхон далайн бүсд ашиглагдаж байгаа. Гэхдээ тус систем бөмбөрцгийн гадаргыг бүрэн бүрхэж чадахгүй байгаа. Глобал систем биш гэсэн үг.
Тиймээс Уайлер нам орбитын хиймэл дагуулууд дээр суурилсан системийн санаагаа цааш хөгжүүлэх бодолтой байгаа юм. Тэр SpaceX-ийн Илон Масктай уулзаж энэ чиглэлд хамтарч ажиллахаар тохирсон байсан хэдий ч 2014 оны төгсгөлөөр хэрэгжүүлэх техникийн арга зам дээрээ нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй салцгаасан. Уайлер жижиг, хямд хиймэл дагуулууд хүсч байсан бол Маск жижиг боловч нарийн загвартай, чадалтай, дагаад үнэтэй хиймэл дагуулуудыг дэмжиж байв. Үр дүнд нь Уайлер SpaceX-тэй ч тэр, Google-тэй ч тэр тохиролцоонд хүрч чадаагүй. Гэхдээ шинэ хөрөнгө оруулагчдыг олж чадсан. Тэдгээр нь: Virgin Galactic ба Qualcomm. Аль аль нь технологи хөгжүүлэгч маш том компани. Энэ 2 компани Уайлер-ын O3b-тэй нийлж OneWeb-ийг үүсгэсэн юм. Төсөлд талууд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь мэдэгдэхгүй байгаа хэдийч ямартаа ч эхний 500 сая ам. долларыг төвлөрүүлж чадсан нь тодорхой болсон. 
OneWeb 150 кг жинтэй, 350-500 мянган долларын өртөгтэй хэдэн мянган хиймэл дагуул 800-950 км өндөрт байрлана гэсэн тооцоо гаргав. Төслийн нийт өртөг 3 тэрбумруу дөхнө. Ингээд эхний ээлжийн 900 ширхэг хиймэл дагуулыг угсарч чадах компанийг цаг алдалгүй хайж эхэлсэн.
900 гэдэг нь Дэлхийн орбитод одоо байгаа, хэвийн ажиллаж буй хиймэл дагуулуудын тооноос бараг хоёр дахин их гэсэн үг. Өнгөрсөн 7 хоногт гүйцэтгэгчийн нэр ил болсон нь францын Airbus байлаа.
Airbus өөрийн үйлдвэрт туршилтын 10 аппарыг угсарч үзээд үйлдвэрлэлийг АНУ-руу шилжүүлэхээр тохиролцож. 2019 он гэхэд бүх хиймэл дагуул байраа эзэлсэн байх болно гэнэ. Эдгээрийг Роскосмос-ын 12 "Союз", Virgin Galactic-ийн 39 LauncherOne пуужин орбитод гаргахаар болж. 50 гаруй хөөргөлт болно гэсэн үг. Илон Маскийн SpaceX одоо өрсөлдөгч болохоор энд оролцуулаагүй нь илэрхий.
Ийм хэмжээний хөөргөлтийг хятадууд ч гүйцэтгэж чадах хэдийч OneWeb оросуудад илүү найдаж. Нөгөө талаас - оросуудын хурдасгуурын блок болох "Фрегат" нь хамгийн сайн төхөөрөмжийн нэг хэвээр байгаа. Хиймэл дагуулыг орбитод гаргах анхны хурдатгалыг олгодог "Фрегат" 32 хиймэл дагуулыг нэгэн зэрэг орбитод нь оруулах боломжтой гэж үзэж байгаа юм билээ.
SpaceX-ийг үүсгэн байгуулагч Илон Маск ч гэсэн өөрийн сансарын системийг тооцоолчихсон, ажлаа эхэлсэн байгаа: хиймэл дагуулууд, тэдгээрийн хоорондын холбоо, дахин дамжуулагч г.м. Санаа нь OneWeb төсөлтэй бараг ижил. Ганц зөрүү нь - өртөг. Маскийн төсөлд 10 тэрбум шаардлагатай байгаа юм. Эхний 1 тэрбумыг Google хөрөнгө оруулалт хэлбэрээр хийчихээд байгаа. Маск Сиэтлд хиймэл дагуул боловсруулах лаборатори аль дээр байгуулсан. Ажил нь амжилттай урагшилвал 4000 сансарын аппарат хөөргөнө гэж байгаа. Энэ нь эргээд түүний SpaceX-д их хөрөнгө оруулалт болох талтай. Олон удаагийн хөөргөлтийн пуужингуудаа ч сайжруулахад нь дэм болох байх.
Ер нь интернэтийн хөгжлийн чиг хандлага нэг иймэрхүү. Удахгүй орбитын хиймэл дагуул дээр серверүүд байрлуулж эхлэх байх. АНУ-ын цэргийнхэн туршилт хийгээд эхэлчихсэн байгаа. Цахилгаан тасалдлаа, түймэр үер газар хөдлөлт боллоо гэх аюулаас ангид. Мэдээж сансарт ч гэсэн асуудал үүсэх нь тодорхой, гэхдээ прогресс хүндрэл бэрхшээлгүй явагдна гэж юу байхав, давж байж, шийдэж байж үр дүнд хүрнэ.

1 comment:

  1. Таны хааяа оруулдаг иймэрхүү постонд чинь их дуртай шүү

    ReplyDelete