15 June 2015

Зам, уулзвар, гарц

Нийслэл хотын автозамын талаар бодож явдаг хэдэн зүйл бичье. Чанарын тухай биш (чанар бол ойлгомжтой), зохицуулалтын тухай. Яагаад нийслэлд өдөр бүр олон тооны хүн гэмтэл бэртэл авч байхад дүрэм журамд өөрчлөлт ордоггүйд гайхаж явдаг.

1. Нэг талдаа 3 урсгалтай зам дээр гэрлэн дохиогүй явган хүний гарц хийх нь үндсэндээ гэмт хэрэг. Нэг нь хурдаа хасахад зэргэлдээ эгнээгээр нь хэн нэгэн мулгуу нь хар хурдаараа давхиж орж ирээд хүн хамдаг. Арслантай гүүрний хоёр гарц дээр би шүргүүлсэн, мөргүүлсэн хүн гөөмөн их харсан да. Нүдэн дээр нэг бүсгүйг нистэл нь мөргөсөн тохиолдолд ч гарч байсан. Зуун хүн ажлаасаа хоцрох уу нэг хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирох уу гэдэг сонголтоос хүнээ авч үлдсэн нь дээр байлгүй гэж хувьдаа боддог. Тиймээс гэрлэн дохио хийх нь зөв.

2. Олон эгнээтэй замууд дээр тусгаарлах өргөн шугам (арал) хиймээр санагддаг. Настай хүн, хөл муу иргэн, хүүхэд, эсвэл яараад гарсан хүн замын тэг голд гэрлэн дохио солигдох мөчид гацдаг. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй. Хоёр талаар нь машин сүлжилднэ. Айгаад өөрийн эрхгүй хойшоо нэг алхахад л дугуйн дор ордог. 

3. Машин болон явган зорчигчийн гэрлэн дохио зэрэг ногоон асдаг явдлыг аль болох цөөлөх хэрэгтэй байна. 1-р сургуулийн зүүн урд уулзвар, Хөгжим бүжигийн зүүн тал, Цэцэг төвийн г.м. олон уулзвар явган зорчигчоос авхаалж самбаа, хурдан шаламгай хөдөлгөөн, анхаарал болгоомж шаарддаг. Баруун гар тийш ногооноор эргэж буй жолооч давхар явган хүний гэрлэн дохиог хардаггүй. Тиймээс цонхоороо хараал урсгаж, явган нь хариуг нь тэр дор нь өгөх үзэгдэл байнга таардаг.

4. Гарцтай, гэрлэн дохиотой газар гэрэл дайрч орж ирж буй жолооч нарыг өндөр мөнгөн дүнгээр торгох, эрхийг нь хасах хүртэл арга хамжээ авмаар байна. Сансарын колонк, Дарь-Эхийн автобусны буудлын явган хүний гарц бол жинхэнэ аз сорьсон "орос рулетка" шиг газар. Замын нөгөө талд амьд гарна гэсэн ямарч баталгаа байхгүй. Ногооноор алхаж байхад сигнал тормозоо орилуулаад л автобус ороод ирэх жишээний. 48-р сургуулийн хүүхдүүд Дарь-Эхээс яаж хичээлдээ явдаг юм зайлуул, бүү мэд.

5. Явган зорчигчийг торгомоор юм. Газар дээгүүрэх гүүрэн гарц, газар доогуурах тунель, адаглаад гэрлэн дохиотой гарц хийж өгөөд байхад хаа таарсан газраар чигээрээ зүтгэдэг нөхдүүдтэй тэмцмээр байна. Арга ядаад хашлага байршуулсан байхад түүнийг нь давж буй хүнтэй юу ярих билээ? Халаастай нь л ярьж байж эмх цэгц тогтно, ухамсар сууна. Нэг нь ямарч шийтгэлгүй дүрэм зөрчихийг хараад бусад нь дагаад байна шүү дэ. Нэг талаас хэрцгий мэт санагдавч энэ нь эргээд олон хүнийг эрсдлээс хамгаалж буй үйлдэл болно.

6. Автобусуудыг журамлаж цэгцэлдэг газар гэж байна уу? Үхэхээ мэдэхгүй хоорондоо уралдаад давхилдаад байх юм. Гар утсаараа мэдээлэл солилцоод, тэр тэнд явна, энэ энд явна гэж ирээд л шугамаа булаацалдаад. Өөрөө үхээд тогтож байвал одоо яахав, нэг дебилээр хорвоо дутахгүй гэхсэн. Зорчигчид, хөдөлгөөнд ороцогч явган хүн, жолооч нар давхар хохирно шүү дэ. Автобусны буудал нь 100 метрийн зайнд байхад 3-р эгнээрүү зүгтэж орох ямар шаардлага байна? 2 минутын дараа 3 эгнээг хамаад хөндөлсөх гэж тэр үү? Троллейбус 1, 2-р эгнээгээр яваад болоод байна, тиймээс адилхан хязгаарлаж өгмөөр юм.

1 comment:

  1. Нэмж хэлэхэд тэртэй тэргүй урагшаа явахгүй нь ойлгомжтой нөхцөлд явган хүний гарцан дээр хөндөлдөөд зогсоод байдаг нөхдүүдийг бас сайн торгож байх хэрэгтэй. 3хан метрийн наана зогсоод явган хүний замыг чөлөөтэй байлгах ухаан байхгүй л бгаам даа

    ReplyDelete