07 January 2015

Дамбадаржаагийн хийд

2015.01.02. Дамбадаржаагийн хийд.
Нийслэлийн хийдүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь аль нь вэ? гэж надаас асуувал Дамбынх хэмээн би хариулах болов уу.
Хийд хуучирч балгас шиг болсон хэдий ч энэ нь тус газрыг улам гоё болгоно. Баярын өдөр байсан болохоор дацан хаагдсан байлаа.
Зарим барилгуудынх нь оныг тогтооход бэрх.
Хийдийн хашаа нь хүртэл надад нүгэлтэй таалагддаг.
Жаахан ахааралтай харвал бетонон хашааны дээд ирмэгт төмөр гогцоонууд бий.
Хашаа бетон хавтангийн үйлдвэрт хийгдсэн гэсэн үг. Дэгээнүүд - кранаар өргөхөд зориулсан чих. Хальт харвал маш удсан мэт сэтгэгдэл төрүүлдэг энэ хашаа төдийлөн хуучны эд биш бололтой. Гэсэн хэдий ч гайхалтай гоё хашаа.
Төв хаалга.
Баруун талын хаалга.
Мөнгө хөрөнгө гаргаад Дамбын хийдийг битүү ногоон байгууламж болгох хэрэгтэй. Хүмүүс гэр бүлээрээ ирж амардаг, дугуйгаар зугаалдаг, шүтлэгтэй нэг нь хийдрүү нь орж ном уншуулдаг. Өвөлд нь том задгай каток ажилладаг.
Гэвч мөрөөдөл бол мөрөөдөл, бодит байдал бол бодит байдал. Бодитоор юу байна гэвэл: хуучин байшинг цоолж гарч ирсэн үзээрийн агааржуулалтын хоолой л байна. Энэ труба бид архитектур, түүх соёлын өвдөө хэрхэн хандаж буйг илэрхийлэх шиг.

3 comments:

  1. Данбадаржайлан /Шашныг мандуулагч/ хийд бол Улаанбаатар хотыг Туулын хөндийд нүүж ирснээс хойш Манжийн ноёрхолд баригдсан анхны хийд.Зонхов уулын өвөр бэлд наран зүгт хандуулан Билгэхийн гол, Сэлбэхийн голын бэлчирийн хөндийд байгуулсан их учир утгатай хийд гэж өвөө минь ярьдаг. Цогчин дуган, хурлын дацныг монгол аргаар төмөр хадаасгүй углуургадаж барьсан, хашаа нь хуучин хятад хөх тоосгоор барьсан байж байгаад нураагаад энэ блокон хашааг 2000-аад оны эхээр барьсан юм. Дотор нь 4-н давхар эмнэлгийн балгас бий, хуучин сүрьеэгийн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг байж байгаад сүүлд ахмадын сувилал болоод удалгүй лам нар нь хувьчилж аваад л хэн ашиглахгүй балгас болсон доо.

    ReplyDelete
  2. 1990-ээд оны дундуур өвөөгийнд очих замд энэ хийдээр дайрч гардаг байхад үнэхээр гоё байж билээ. Хашаан дотроо битүү модтой, хашааны хойно одоо энэ суварга байгаа газар чулуун зоорьтой, лам нар нь ногоо тарьдаг, гахай тэжээдэг, нам гүм ёстой л сэтгэл тайвширахаар сайхан газар. Харин тэр зурган дээр харагдаж байгаа хашааны хойд талын 2 давхар тоосгон барилга бол "Чөтгөртэй байшин" гэдэг. 1995 оны үед шахуу нэг цэргийн дарга бариулж байгаад гүйцээж чадалгүй нас барсан, дараа нь нэг ах дүү 2 аваад хойд талд нь нэмэж барьж байгаад нэг нь осолд ороод орхисон, дараа нь нэг орос авгай аваад палкаар дээвэр хэсгийг гүйцээх гэж байгаад цус харвасан гэж хууччуул ярьдаг. Тэрнээс хойш хэн ч энэ байшинг оролдохоо больсон, дотор нь хог новш дүүрээстэй.

    ReplyDelete