04 January 2015

Удирдагч байх

Байгууллага хамт олны толгойд хэн байх нь их чухал. Дарга байх хөндлөнгөөс харахад амархан: чухал царай гаргаад явж байхад болчих юм шиг. Мэдээж тийм биш. Сайн удирдагч үнэндээ өдрийн од шиг ховор тохиодог юм. Миний бодлоор хамгийн чухал нь хүмүүсийн хүндэтгэлийг олж авах. Доор чинь ажилладаг хүмүүс чамайг хүндэлдэг бол чи сайн удирдагч. Ажилчид ямарч тохиолдолд даргадаа захирагдана. Гэхдээ хүмүүс чамд захирагдаж байна уу, эсвэл чиний албан тушаалд захирагдаж байна уу гэдэг ялгаатай. Ихэнх тохиолдолд 2 дахь нь байдаг юм. Хүмүүсийнхээ хүндлэлийг олсон хойно л тэд жинхэнээсээ чамд захирагдна. Хүндлэл олох хэцүү. Учир нь ямар үйлдэл, зан чанарынх нь төлөө хүнийг хүндлэх вэ гэдэг хэм хэмжүүр хүн болгонд өөр шүү дэ. Нэг болчимгүй үйлдэл хийлээ, тэнэг үг хэллээ, шударга биш шийдвэр гаргалаа - ингээд л чи зөвхөн албан тушаалаар удирдагч болж буй юм. Нэр хугархаар яс хугар гэж.
Надад сайн удирдагч таарч байсан уу гэвэл таарч байсан. Ийм хүний удирдлаган дор ажиллахад сэтгэл амар - тушаал өглөө, эргэлзээ байхгүй биелүүллээ. Учир нь буруу, шударга бус, эсвэл хууль бус зүйл тушаахгүй гэдэгт бүрэн итгэлтэй. Шаардлагатай бол удирдагч чинь чамайг хэний ч өмнө өмөөрнө, ар тал бат гэдгээ мэдэж байх гоё. Ийм хүнээс дотоод эрч хүч, өөртөө итгэх итгэл мэдрэгддэг. Тушаалаа, хугацаа өглөө, цаг нь болох үед шалгалаа. Явцын дунд цөөн тооны зөвөлгөө өгч залруулга хийнэ. 
Өөр янз бүрийн л хүмүүсийн удирдлага дор ажиллаж үзсэн дэ 15 жилийн хугацаанд. Миний анхны удирдагч армийн дэд хурандаа хүн байсан юм. Тэр хэн нэгэнд таалагдах гэж, эсвэл хүндлэл олж авах гэж хичээдэгчгүй байв, цэргийнхний түгээмэл зан. Зүгээр л урдахь ажлаа илүү дутуу зүйлгүй хийдэг нэгэн. Шулуун шударга, удирдлагатай тийм ч сайн харьцаатай байгаагүй. Удирдлага дор нь жил ажиллахдаа би даргын итгэлийг олж авсан. Намайг их үнэлдэг, магтдаг, хүү шигээ ханддаг байж билээ. Үнэндээ бол би тэр үед юу ч мэддэггүй ногоон нус л байсан. Би хэзээ ч удирдагчид өөрийг нь магтаж барьсан үг хэлж үзээгүй. Бялдуучилсан болчих юм шиг санагддаг юм. Ер нь магтаал урамшуулал дээрээс доош чиглэх нь зөв байх. Доороос дээш чиглэснийг интернэтэд "долоох" гээд байгаа шүү дэ. Даргыг том дарга нь магтдаг юм байгаа биз, би бол илүү. Анхныхаа даргатай ч тийм л байсан. Харамсалтай нь залуугаараа зүрхний шигдээсээр өөд болсон до зайлуул. Дэд хурандаад жаахан хөндий ханддаг байсандаа хааяа харамсдаг л юм, тэглээ гээд одоо яах ч билээ, цаг хугацааг ухраах биш.
Удирдагч хатуу ширүүн, өндөр шаардлагатай байж болно, тэр нь ч зөв, гол нь шударга, найдвартай хүн байх ёстой. Дарга л юм бол доор ажиллаж буй хүн болгоны өмнө хариуцлага хүлээхээс гадна тэднийхээ өмнөөс дээд удирдлагын өмнө хариуцлага хүлээх ёстой. Арьсаа хамгаалагч яаж ч эргүүлсэн удирдагч биш.
Дарга болох хүсэл сонирхолтой хүн олон таардаг. Харамсалтай нь цөөхөн нь хүмүүсийн хувь заяаг хариуцаж, тэдний өмнөөс хариуцлага хүлээхээ ухамсарладаг. Ихэнх нь карьер хөөж, амар хөрөнгө хийх хүсэлдээ хөтлөгдөгсөд. Чухал хүн болох, нийгэмд байр суурь эзлэх, хүмүүс өөрийг нь таньж мэддэг болохыг хүсэгсэд. Дарга болохгүйгээр хүмүүст танигдаж, хүндлэгдэж, нийгэмд байр сууриа олж болдог юм гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.
Би даргын албан тушаалыг бодож үзэж байсан уу? Худлаа яриад яахав - хүн болгонд бодож үзэх цаг ирдэг. Тодорхой санал ирж байсан уу? Ирж байсан. 
Надад чухал төрх хэзээ ч зохиж байгаагүй, мөн өөрийгөө сайн удирдагчийн хэмжээнд боловсорч хөгжсөн гэдэгт эргэлзэж байна. Удирдлага дор нь ажиллаж байсан сайн удирдагчид надад "дарга гэж ийм байх ёстой шүү" гэдэг шалгуурыг маш өндөрт өргөсөн байж ч мэдэх. Тиймээс надад тэднийг дуурайх ч юмуу тэр өндөрт хүрэх гэж оролдлого хийх хүсэл төдийлөн алга. Дарга болоогүй шалтгаан ердөө энэ. Яг өнөөдрийн хувьд авч үзвэл өөрөө өөртөө дарга байх нь надад илүү зохиж байна. Ингэлээ гээд өөрийгөө үнэлэхгүй байгаа юм биш, харин ч үнэлж буй юм.
Хүн сайн дарга байх албагүй, гэхдээ дор хаяж сайн гүйцэтгэгч байх ёстой.

2 comments:

  1. Браво!!! Үнэн үг

    ReplyDelete
  2. Даргын хамгийн зөв хандлага нь хэн хамгийн их хариуцлага хүлээж байна тэр хүн хамгийн их эрх мэдэлтэй байх учиртай юм. Буруу хүний толгойд зөвхөн эрх мэдэл л эргэлдэж байдаг.

    ReplyDelete