30 August 2015

Самбар, хаяг, гарчиг

Гудамж талбайдаа ямар хаяг самбар байршуулснаас хотын төрх их хамаардаг. Том хотууд төв гудамжуудаа чанаргүй сурталчилгаанд бузарлуулахгүйн тулд стандарт баталж байгууллага, иргэдээс мөрдөхийг шаарддаг. Тухайлбал: хуучны барилгын фасадад самбар өлгүүлэхгүй, зөвхөн тусдаа үсэгнүүдээс бүрдсэн хаягийг зөвшөөрөх жишээний. 2010 онд Амстердамд дарсан зураг:
Хажууд нь Москва ямар байсныг харьцуулаад нэг үзчих.
Адилхан 2010 он шүү дэ. Шрифт, өнгө, хэлбэр дүрс - бүх үзүүлэлтээр оросууд баруунаас хагас зуун жилээр хоцрогдсон байгаа нь илт. Гэхдээ Москва, Питер тэргүүтэй том хотууд нь одоо өөр болоод эхэлсэн. Стандарт, хэв журам гаргаад хотынхоо төвийг цэгцлээд эхэлсэн байна лэ. Тухайлбал: http://www.artlebedev.ru/everything/moscow/design-code/

Манайд нөхцөл байдал их хүнд - хэн дуртай нь хаа дуртай газраа юу дуртайгаа өлгөж, хадаж, зоосоор байгаа. Наад захын вьетнам автозасвар зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй шар самбар төв замын дагуу зоож л байдаг, тэрийг нь хянадаг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Цөөн тооны байгууллагууд л боломжийн хаяг хийлгэдэг. Бусад нь хамгийн хямд замаар асуудлыг шийддэг. Улаанбаатар хулдаасанд өлгийдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Бид өдөр бүр иймэрхүү зүйл харж байдаг:
Самбар хуучраад, өнгө зүс нь гандсан ч өлгөөтэй байсаар байх болно. Тэр шрифт, зураг хөрөг, бичгийн хэв, өнгөний зохилдлогоо - хэнд ч сонин биш.
Энэ хэдийгээр жижиг мэт зүйл боловч хор хөнөөл ихтэй юм. Хуучны барилгууд яагаад гоё саруул өрөөнүүдтэй байдаг вэ? Таазны өндөр нь 3м болохоор. Хрущевын "буянаар" таазны өндөр 2,5м 2,4м болсноос хойш орос ба монголд хүн шиг барилга баригдахаа байсан. Одоо бид бүгд тагз шиг өрөөнүүдэд дасчихсан. Яг үүний адил ямарч үзэмжгүй зүйл насан туршдаа харсан хүн гоо сайхны мэдрэмжээ алддаг. Дэргэд нь ямарч бохир орчин, заваан зүйл байсан - тоохгүй. Бүхэл бүтэн хэдэн үе иргэд маань угсармалд, эсвэл гэр хороололд амьдраад, гоё орц, цэвэрхэн орчин, зүлэгжилт, хаяжилтын тухай санаа зовохоо байсан. Энэ байдал цаашид тэр чигээрээ үргэжилнэ. Богино хугацаанд хүмүүсийн гоо сайхны мэдрэмж сэргэхгүй. Бага багаар орчин тойрноо сайжруулж, хайрламаар болгоод л байх хэрэгтэй. Гудамж гудамжаар, орц орцоор, хэрчим хэрчимээр. Тэгж байж үр дүн нь тодорхой хугацааны дараа гарч хот маань сайхан болно. Хотын төв маань харьцангуй гайгүй болоод байгаа, би дотроо баярладаг юм. Гэхдээ л хийх юм найгүй их.

1 comment:

  1. 2.4m standard yum gene
    http://www.abis.com.au/habitable-room-and-legal-ceiling-heights

    ReplyDelete