23 September 2012

Хар хайрцаг

Ээлжит уран бүтээл. Гаражид бараг 10-аад жил нэг төмөр хайрцаг хэвтсэн түүхтэй. Уг нь дээр үеийн артиллерийн багажны хайрцаг. Би хавар гаражаа зараад уг хайрцгийг аавынд аваачиж хаясан байв. Улмаар өнгө зүсийг нь сэргээж ашиглалтанд оруулах санаагаа хэрэгжүүлэв. Учир нь гэрт багажны хайрцаг байхгүй, хаа сайгүй юу дуртай нь талаар нэг тарчих гээд төвөгтэй юм. Энэ хайрцгийг балкон дээр хаячихсан байхад нэг хэсэгтээ санаа амарна. 
За ингээд техникийн зах орж 4 баллон шүршдэг хар өнгийн будаг тус бүрийг нь 1500-аар авлаа. 1 баллон-оор 1 м2 талбай буддаг юм байна. Мөн хар өнгө дотроо 2 янз бий - гялгар ба бүрсгэр. Код нь чухал - харгалзан (андуураагүй бол) 39 ба 6. Би гялгарыг нь сонгов. Угийн өнгөний сонголт тааруу юм билээ. Армийн ногоон өнгөөр нь будчих санаа байсан хэдий ч таарах өнгө байсангүй. Хар, цагаан, саарал г.м. стандарт хэдхэн өнгөтэй. Цагаанаар будалтай биш, хар нь дээр. Маскаа зүүж аваад, шпатель атгаад зэвийг нь хусаж гарав. Дараа нь гадаргыг угааж цэвэрлэж хатааснаар будах нөхцөл бүрдсэн. Газраас хөндийрүүлж брус дээр байрлуулж байгаад будаж эхэллээ. Эхэлж дотор тал:
Дараа нь хажуу бөөр нь. Зургийн аппарат байхгүй, гар утсаар авав.
Таг болон ар тал будагдаагүй байгаа байдал.
Бариул, нугаснуудад онцгой анхаарсан. Будаг хүрээгүй гадарга үлдэх ёсгүй.
Хамгийн сүүлд босгож байгаад ёроолыг будав. Хэд хэдэн давхарга явсан, учир нь ёроол зэвэнд хамгийн их идэгдсэн байсан хэсэг.
Шүршиж будах нь давуу тал олонтой: амархан хатна, урсах нь бага, өрмөнцөр тогтно гэж байхгүй, багс өнхөрүүш хэрэггүй, будгийн ажлаа харьцангуй цэвэрхэн гүйцэтгэх боломжтой. Хатааж аваад, машиныхаа ард уран бүтээлээ хийгээд гэрлүүгээ зүгэлсэн дэ.
Гэрт ирсэн хойно аппараттайгаа золгож арай дээр зураг дарав. Шууд утгаар штрихээр сүүлийн штрихийг нь татсан.
Сүхэнд - Thunderstuck, хүрзэнд - Крот. Багажны хайрцганд юу гэдэг оноосон нэр өгвөл зүгээр вэ? Эхэлж - Гроб гэсэн санаа орж ирсэн боловч "За арай л сэрүүдэх байлгүй" гээд болив. Улмаар, хэдийгээр хайрцгийг ямарч талаас нь хархад квадрат үүсэхгүй ч гэлээ "Чёрный квадрат" гэдэг нэр хайраллаа. Казимир Малевичийн алдартай зураг шиг л зүйл бүтээлээ.

1 comment:

  1. Сайн байна уу? Утасаа үлдэнэ үү? Хар хайрцаг сонирхож байна

    ReplyDelete