29 August 2014

Үнэлэмж

Хүний цусны бүлэг, төрсөн жил, орд хэнд ч хамаагүй. Могой жилийн матрын ордод төрсөн хөөрхөн бүсгүй байж л таараа. Харш жилтэй хүмүүс гэж байхгүй. Энэ бүхэнд онцгой ач холбогдол өгч болохгүй. Хамаагүй амар болно, өөрт чинь. Толгойгоо есөн шидийн балай бодлоос ангижруулах хэрэгтэй.
Яс үндэс мөн адил. Цөөхүүлэхнээ байж талцаад яахвээ дэ? Буриад, баяд, дөрвөд, торгууд, захчин, дархад, барга, хотон г.м. цөм монголчууд. Хүний хувийн шинж чанарыг л дүгнэх нь зөв, түүнээс биш аль уулын бэлд, ямар нуурын хөвөөнд мэндэлсэн нь падгүй. Хогийн халх байхад хоншоортой казах байдаг л хорвоо. Үндэстэн ястан болгон өөрийн менталитет-тэй, үзэл бодол, зан ааш нь онцлогтой. Шашин өөр, үүсэл гарал нь бас ондоо (түрэг угсаа) болохоор казахууд бусдаас ялгарах нь бий. Гэвч энэ бол төдийлөн чухал асуудал биш.
Улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг ч гэсэн хэнд хүртээлтэй юм? Аль аль намд сайн нь ч бий, арчаагүй нь ч байгаа. Бүх зүйл харьцангуй. Гэрэл байгаа цагт сүүдэр орших л болно.
Тиймээс хүний хувийн шинж чанарыг нь л үнэлэх хэрэгтэй. Миний бодлоор хүн шударга, энэрэнгүй, зөв бодолтой байхад хангалттай. Ажлын хувьд бол гурилддаггүй байхад л болоо. Энд ур чадвар гэдэг зүйлийг тооцохгүй бол болохгүй. Өдөр шөнөгүй суугаад байдаг, үс нь бууралтаж, шүд нь суларч унатал ажиллах боловч үр дүн харагдахгүй бол хэцүү. Сайн хүн, халамжит эцэг, хамт олны амь, хөөрхөн царай - ажил дээр энэ хэнд ч хамаагүй. Ганц үнэлэмж - ажлын үр дүн.
Насыг авч үзье. Ухаантай буурлууд байхад тавьтаргүй өвгөд ч таардаг. Түүнтэй адил ухаантай залуу байхад юу ч мэдэхгүй нус том баахыг аль тэр гэхэв. Олон жил ажилласан - тэр хэнд хамаатай юм? Олон жил ажилласан гэдэг нь жаахан илүү туршлагатайг л илтгэнэ, түүнээс биш сайн ажиллахын баталгаа биш. Нэг дебилийн 3 жил ухантаж буй зүйлийг дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн хүүхэд хагас жилийн дотор хийж болно. 
Солигдошгүй, орлуулагдашгүй, дархан эрхтэй, хамгийн сайн гэх боловсон хүчин байхгүй. Бүгд орлуулагдна. Ажил түр доголдно, гэхдээ цааш хэвийн голдиролдоо ороод л явдаг. Чи сайн байж болно, чамаас сайн нь бас байдаг юм шүү гэдгийг мартаж болохгүй.

2 comments:

  1. эрийн хугархай гэсэн үнэлэмж монголчуудын дунд байдаг даа
    түүнээс гадна ямар ч хүнд уулнаас амьд буух чадвар гэж юм байдаг гэж боддо.г Тэр нь юу вэ гэвэл ямар ч нөрцөл байдалд /аминд халтай үед ч / нөхцөл байдал, цаг хугацаа, боломж гэх мэт зүйлийг зөв үнэлж түргэн шийдвэр гаргаж нөхцөл байдлыг хянах чадвар гэсэн үг. Энэ бол хүн болгонд өөр байдаг тийм л зүйл

    ReplyDelete