22 September 2015

Эрдэнэмандал

2015.09.18-20. Архангай. Эрдэнэмандал.
5 дахь өдөр 6:30-д хөдөлсөн. УБ - Лүн - Баяннуур - Дашинчилэн - Өлзийт - Хайрхан - Эрдэнэмандал. Сумын төвөөс 30-аад км зайд байдаг айлд зочилсон юм. Талдаа 530 орчим км давхисан. 300 нь засмал, үлдсэн нь шороо. 15:30 гэхэд ирчихсэн хоол цай хийлгээд сууж байв. Сайн довтолгосон. Өлзийт дээр хоолонд орж саатаагүй бол бүр эрт очих боломжтой байв.
Хайрхан сумын нутагт авсан зураг. Машин барьж явсан болохоор замд дарсан зураг бараг алга.
Намрын налгар өдрүүд сайхан таарсан. Дулаахан гэж жигтэй. Ямарч үүлгүй.
Замд том жижиг нуур багагүй тааралдсан. Ангир нь их, хун нь цөөн юм.
Айлын нохой бид хоёр л хийх юмгүй сайхан нарлаж амрах шив дэ. Боломжтой байсан бол дахиад 2 хоночихмоор л байлаа.
Очсон айл маань нуураас холгүй зуслантай. Тээр цаана харагдаж буй зүүн талын 2 гэр.
Нууранд нь ангираас өөр жигүүртэн алга. Тээр жил хун байсан, сая сураггүй.
Мөн нуурын эрэг дээр ийм байгууламжтай таарсан. Дээр үед тэр дээр нь бурхан байрлуулсан байсан юм гэсэн. Тийм болохоор нуураа Бурхант нуур гэдэг юм билээ.
Эрдэнэмандал өнгөрсөн жил мал тооллогоор хамгийн их толгой малтай, бас хамгийн их хоньтой сумаар шалгарч. Дундговийн Эрдэнэдалай, Архангайн Эрдэнэмандал хоёр эртнээс олон тооны малтай байсаар ирсэн. Бас сая 90 жилийн ойгоо тэмдэглэж. Ойгоороо сум нь одонгоор шагнагдаж. Хос одонтой монголын анхны сум гэж сумынхан нь онгирох аястай. Зун гандуу болж наадмын дараа л өвс ногоо нь жигдэрсэн гэнэ. Хадлан алга, өвсөө дандаа татаж нөөцөлж байна. Самар харин сайн гарч, сумын төвийн дэлгүүрүүдэд цайруулсан самар шуудай шуудайгаараа. Сумын нэг нөхөр самар түүж зарсаар машин авсан гэнэ. Хуучин засгийн шадар сайд Тэрбишдагва энэ нутгын уугуул юм байна. Сая 90 жилээрээ сумын төвөө засмал замтай болгох ёстой байсан ч нөхдүүд хийж амжаагүй гэнэ. Тэрбишдагва сумын засаг ноёныг муу ажилласан гэж олны дунд зандарсан (зарим хүний яриагаар бол алгадсан) юм байх. Сумын төвд шинэ том сүм баригдаж. Мөн ахлах сургууль баригдаж байна лэ. Өөр шинэ объект анзаараагүй. Хамгийн сүүлд 2009 онд би энд ирж байсан л да. Малчид тарвага шоглохоороо туламлаад сумын төвийн айлын хөлдөөгчинд хадгалуулдаг болж. Боолгох бол эртхэн хэлэхгүй бол тэс хөлдүү тарвага удаан гэсдэг юм билээ. Сүү цагаа сайхан гарч. Хэдэн айлаар орж нэрмэл сайн хусаад жаахан уух шив дэ.

No comments:

Post a Comment