04 September 2015

Япон ба Хятадын өнөөгийн харьцаа

Бээжинд парад болж дайн дуссаны 70 жилийн ойг хятадууд өргөн тэмдэглэв.
Вермахт Польшруу халдахаас хоёр жилийн өмнө эхэлсэн энэ дайн 24 сая хятадын амь авч одсон. Түүх амар мартагддаггүй болохоор хятадууд өнөөдөр ч гэсэн япончуудад дургуй.

XIX зууны төгсгөл хүртэл дундад улсын хувьд япончууд бүдүүлэг ард гэж тооцогддог байсан. Өөрсдөөс нь бичиг үсэг, шашин шүтлэг, барилга архитектурыг нь хуулбарласан гэж тэд үздэг байсан цаг. Гэвч XIX зуун шувтрах үеэр нөхцөл байдал өөрчлөгдөв. Хятадууд барууныханд ээлж дарааллан дийлдэж, улс орон нь гадаад ертөнцөөс тусгаарлагдаж байхад Япон барууны соёл иргэншлийн ололт амжилтаас авч болох бүхнийг авч байлаа. 1894-1895 оны хятад-японы дайнд урд хөрш ичмээр ялагдал хүлээснээр хоёр улс "байраа сольсон" түүхтэй. Одоо хятадын тэргүүний залуучууд японруу эрдэм сурахаар явдаг болов. Токиод үүсгэн байгуулагдсан "Тунмэнхой" бүлгэм 1912 оны Синхайн хувьсгалын хөдөлгөгч хүч байсныг мартаж болохгүй. Хятад төд удалгүй иргэний дайнд умбаж анархи бүрэн ноёрхох үед, тодруулвал 1931 онд япончууд ямарч эсэргүүцэлтэй тулгаралгүй Манжчуурыг эзлэн авч өөрсдийн тоглоомын улсыг байгуулаад авсан. 1936 он гэхэд японы засаг милитаристуудын гарт орсон байлаа. Дараа жил нь Япон Хятадад дайн зарласан.

1937-1945 онд хятадад үндсэндээ геноцид явагдсан гэхэд хилсдэхгүй. Хятадын түүхчдийн тооцсоноор 7 сая цэргийн, 17 сая энгийн иргэн амь үрэгдсэн. Хамгийн баргар хуудсуудын нэг - Нанкиний эмгэнэл. Шанхайг эзлэн авах 3 сарын тулааны дараа япончууд тэр үеийн нийслэл Нанкиныг зүглэсэн. Арми Нанкин хүрээгүй байхад л зэрлэг балмад үйлдлүүд газар авч эхэлж. Тодорхой жишээ: Тосиаки Мукаи ба Цуёси Нода гэдэг хоёр офицер хэн нь хэдэн хятад олзны цэрэг цааш нь харуулах вэ гэж уралдаж байж. Сонинд хүртэл нийтлэгдсэн нөхдүүд:
Эхэлж хэн нь хурдан 100 хятадыг илдээрээ хороох вэ гэж уралдаж байснаа ялагч тодроогүй болохоор нэмэлт уралдаан зарлаж 150 дайсныг цавчихаар уралджээ.
Хэдэн өдрийн дараа Нанкиныг буулгав.
Энд жинхэнэ утгаараа хүйс тэмтрэлт явагдсан. 1937 оны зураг:
Эхэлж цэргийн насны бүх эрчүүдийг хотоос гаргаж хороов. Зураг дээр япон цэргүүд жадаар хатгаж алах дадлагаа энгийн иргэд дээр хийж байна:
Яргалал цаашаагаа хотод үргэлжлэв. Япон цэргүүд бууны сум ч гарзадсангүй: зэвсэггүй хүмүүсийг илдээр цавчиж, жадаар хатгаж, нохойгоор хүртэл бариулж байв. Гэдсийг нь хүүлэх, нүдийг нь амьдаар нь ухах нь энгийн үзэгдэл. Одоо болтол Нанкины хохирогч хэдэн хүн бэ гэдгийг тооцож чаддаггүй. Хятадуудын үзэж байгаагаар 200-500 мянга. Гэрчүүд Янцзы голоор завиар зорчих боломжгүй болсон гэж мэдүүлсэн байдаг. Хэдэн арван мянган цогцос голд хөвж байжээ. 20-80 мянган эмэгтэй хүчирхийлэлд өртсөн: бага насны охид, жирэмсэн эхчүүд, настай эмгэнүүд, сүмийн гэлэнмаа нарыг ч өршөөгөөгүй. Бэлгийн хүчирхийлэлд эрчүүд ч нэрвэгдсэн. Тэр үеийн япончууд жинхэнэ хэрцгий яргачид байж. Япон цэргүүд хятад өсвөр насны хүүхдүүдийг цаазлахын өмнө:
Хятадын нутаг дэвсгэр дээр "Халдвараас сэргийлэх болон ус цэвэрлэгээний алба" үйл ажиллагаагаа явуулж байв. Энэ гэм хоргүй нэртэй департаментын эрдэмтэд үндсэн ажлаасаа гадна хими, биологийн зэвсэг туршиж байсан. Зураг дээр химийн довтолгоонд өртсөн хятад цэрэг:
Япон цэргийн эмч нар олзны хүмүүст санаатайгаар тарваган тахал, гэдэсний хижиг, холера, салхин цэцэг г.м. халдварт өвчин тусгаад дараа нь эм тариагаа туршиж байсан нь батлагдсан. Үе мөчийг нь хөлдөөж улмаар тайрах хагалгаа ч хийж байсан. Зөвхөн олзны цэргүүд ч биш энгийн иргэдийг барьж авч туршилтанд өргөнөөр ашигласан. Хятад цэрэг олзлогдсон л бол амьд гарах ямарч магадлал байгаагүй. Япончууд бууж өгсний дараа тэдний хорих газруудаас 56 хятад цэрэг л суллагдсан гээд бодолдоо. Туршилтаар олж авсан мэдлэгээ япончууд тэр дор нь амьдралд нэвтрүүлж байсан. Тахал тээгч бөөсөөр дүүргэсэн керамик бөмбөг хаясан тохиолдол бий. Энгийн агаарын бөмбөгдөлт ч сайн явагдсан байдаг. 1938 оны 2 сараас 1943 оны 8-р сар хүртэлх хугацаанд 5 мянга гаруй удаа томоохон хот суурингуудыг бөмбөгдсөн юм. Зураг дээр бөмбөгдөлтөнд өртөгсөд:
Японы явган цэрэг Окамура генералын гаргасан "санко сакусен" стратегийг баримталж байв. "Гурван бүгд" гэж хэлж болох энэ стратеги маш энгийн: бүхнийг галд, бүгдийг ал, бүхнийг дээрэмд. Япончууд тосгон сууринг газрын хөрснөөс арчиж, ургац дээрэмдэж, хүмүүсийг нь газар шорооны ажилд өдөр шөнөгүй дайчилж, жаахан ч гэсэн тушаал зөрчсөн бол хатуу шийтгэж байв. Зураг дээр тамлуулсан хятад эр эхнэрийн хамт:
Япон армийн ар талд "тайвшруулах газар" хэмээн нэрлэгддэг биеэ үнэлэгчдийн хүрээлэнгүүд ажиллаж байсан. Ихэнхдээ хятад бүсгүйчүүдийг ийм газар хүчээр биеийг нь үнэлүүлдэг байж. 1942 оны байдлаар 280 ийм хүрээлэн ажиллаж байсан тоо бий.

Япон үг дуугуй бууж өгсний дараа олон улсын цэргийн шүүхээс 920 хүнд цаазаар авах, 475 хүнд бүх насаар нь хорих ял оноосон юм. Харин эзэн хаан Хирохито буруугуй гээд цэвэр хоцорсон. Мань хүний гарын үсэг гэмт хэргийн шинж чанартай олон тушаалын доор зураастай л байсан. Немцүүдийг бодохноо япончууд олон цэргийн гэмт хэрэгтнээ ялгүй авч үлдэж чадсан байдаг. Одоо болтол хятадуудын аллергийг хөдөлгөдөг япончуудын хоёр үйлдэл бий.
1. Японы удирдагчид Ясукуни сүмд очиж эх орныхоо төлөө амь үрэгсэдэд хүндэтгэл үзүүлдэг явдал. Гол нь 1978 онд японы эрх баригчид тус сүмрүү гол 14 цэргийн гэмт хэрэгтний чандрыг зөөчихсөн юм. Тэгэхлээр одоо болтол нөхдүүд хядлагад хамааралтай генералууддаа хүндэтгэл үзүүлээд байж байдаг гэсэн үг. Энэ нь хятадуудад яаж таалагдахав. Зураг дээр Ясукуни сүм дахь ёслол:
2. Япончууд гэмт хэрэг үйлдэж байсан тухайгаа сурах бичгүүдэд ер дурсдаггүй явдал. Хятадад болсон үйл явдлыг аргагүй арга хэмжээ гэж тайлбарладаг, эсвэл зүгээр дуугуй орхигдуулчихдаг юм. Японы сурах бичгээр бол Нанкинд хядлага болоочгүй. Тулалдаанд 20 орчим мянган цэрэг амь үрэгдсэн, дайн шүү дэ, өөр яахав. Хятадуудад байгаа фото-зурагнууд хуурамч, гэрчүүд нь худалч. Ингээд л болоо.
Албаны түвшинд япончууд энэ дайнд харамсаж байна гэж мэдэгддэг ч японы шүүх нэгч хятадад хохиролыг нь барагдуулах шийдвэр гаргаж өгч байгаагүй. Үнэндээ хятадын ундуйцлыг япон зээл олгож намжаасаар л ирсэн юм. 2010 оны байдлаар өрийн хэмжээ 30 тэрбум ам. доллар байв.

1990 оноос нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж, харин Японых удааширалд оров. Хятад бүс нутгийнхаа лидер нь болох гэж зүтгэлээ. Мандах нарны орны шинэ лидерүүд энэ дайны үр дүнг дахин харж үзэхийг цухуйлгаж эхэллээ. Тэдэнд мөнхийн буруутан болж өргөл барьц барих нь таалагдахгүй байсан юм. Япончуудын батлан хамгаалахын хүчээ сайжруулж цаашид хэвийн армитай болох эрмэлзлэлийг нь хятадууд милитаризм хөөцөлдлөө гэж буруушаасаар. Японы ерөнхий сайдууд суудалдаа ер удаан тогтдоггүй байснаас болж хоёр улсын харилцаа дагаад дэгэн догон үсчиж байлаа. Жишээ нь: Дзъюинтиро Коидзуми хятадуудаас уучлалт гуйсан боловч Ясукуни сүмрүү очиж цэргийнхэндээ хүндэтгэл үзүүлсэн. Харин Синдзо Абэ сүмд зочлохоо түр азнасан ч сурах бичиг дахь түүхийн гуйвуулгыг дэмжсэн. Ясуо Фукуда мөн адил. Ёсикихо Нода болохоор япончууд ямарч гэмт хэрэг хийгээгүй гээд сүмд очсон нь эх орныхоо төлөө амиа алдсан хүмүүсийг хүндэлсэн явдал гэж тайлбарласан. Хоёр улсын ээдрээтэй харьцаа заримдаа олон нийтийн эмх замбараагүй байдал болж хальдаг. 2005 онд цөөн хувиар гарсан сурах бичигт япончуудын үйлдлийг зөвтгөсөн нь ерөнхий сайд Коидзуми сүмд зочилсонтой таарчихав. Үр дүнд нь Бээжин, Шанхай, Харбин, Гуанчжоуд хятадууд гудамжинд гарч япон бизнесменүүдийн хөрөнгийг сүйтгэж эхэлсэн.

Одоогийн хятадуудын үе бараг өмнөх үеэсээ илүү япончуудад дургуй. Өвөө нар нь, эцгүүд нь япончуудтай яаж ийгээд учраа олоод байсан. Нөгөө "чжэн лэн, цзинь жэ" буюу "улс төрд хөндий, эдийн засагт нягт" зарчим хэрэгжиж байсан гэхүү дэ. Одоогийн үе хар багаасаа японы харгислалын тухай бүрэн дүүрэн ойлголттой өссөн. Сургуульд нь яриад өгчихөж байгаа юм. Бээжинд дайны музей бий. Хэдэн зуу, хэдэн мянгаараа сурагчид, оюутнууд энэ музейд зочилдог. Тэнд хүчиндүүлсэн бүсгүйчүүд, хүүхдүүдийн овоорсон цогцосууд, нүдийг нь сохолж гэдсийг нь хүүлсэн хүмүүсийн фотог хараад япончуудад хайр бадрахгүй нь ойлгомжтой. Хятадын кино урлаг ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулсаар байгаа. Тухайлбал, 2005 онд гарсан "Жижиг цэрэг Чжан Га" кинонд 12 настай хүү дайны галд амь гарах гэж тэмцэж буйг харуулдаг. Жаалын эмээг япончууд алж, хүү коммунистуудын нууц бүлгэмд элсдэг. Киноны төгсгөлд энэ хүүхэд төмөр замаар явсан дайсны цувааг амжилттай дэлбэлсэн гэж даргаасаа гар буу бэлгэнд аваад бүр олон японыг алах болтугай гэсэн ерөөл сонсдог. Киноны өмнө тус бүтээл нь бодит үйл явдалд суурилсан, Янь Сюфэн гэдэг хүүхдийн түүх гэсэн бичиг гардаг. Хамгийн гоё нь бүхэл бүтэн киноны турш нэг ч эерэг япон дүр гардаггүй юм.

Үзэн ядалтыг дэвэргэх үйлдлүүдийг япончууд өөрсдөө хийх нь бас бий. 2012 онд хятадын коммунист намын XVIII их хурлын яг өмнө япончууд маргаантай байсан Сенкаку арлуудыг хувийн секторт зарснаа мэдэгдэв. Энэ нь хятадуудын нүүрлүү нулимсантай адил л да. Бас л баахан үймэн самуун дэгдэж япончуудын хятад дахь бизнес хохирол амссан. Зураг дээр Сычуань дахь японы эсрэг цуглаан, 2012 он:
Японы ерөнхий сайд байсан Юкио Хатояма хүртэл уучлалт гуйсан. Гэвч хятадууд өөрсдийн Weibo-гоор "Япончууд дандаа худал бялдуучилдаг. Тэдэнд боломж олддог л юм бол энд хийсэн бусармаг үйлдлээ дахиад хийхэд бэлэн улс" гэсэн утгатай мэдээлэл их түгээж байсан.

Одоо засгийн эрхийг Синдзо Абэ дахиад барьж байна. Тэрбээр урилга хүлээн авч Тяньаньмэний талбайд ирсэн бол уур амьсгал өчүүхэн ч болтугай дулаарах байсан болов уу. Түүнийг хятадын хэвлэл мэдээллээр "хуучны анд" гэж их бичсэн дэ уг нь. Япончууд тэгсэн эсрэгээр Пан Ги Муныг Бээжинд ирсэнд эгдүүцэж мэдэгдэл гаргасан байна: "НҮБ нь дундыг баримтлагч байх ёстой. Түүхийн нэг хэсэгт хэт их анхаарал тавиад байх шаардлагагүй" гэсэн утгатай. Түүх үргэлжилсээр.

3 comments:

  1. http://horom.mn/%D1%85%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%D1%83%D1%83%D0%B4-%D1%8F%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%B4-%D1%8F%D0%BF%D0%BE%D0%BD%D1%87%D1%83%D1%83%D0%B4%D1%8B%D0%B3-%D2%AF%D0%B7%D1%8D%D0%BD-%D1%8F%D0%B4%D0%B4%D0%B0/

    ReplyDelete
  2. сайхан мөлжүүртэй түүх байна

    ReplyDelete
  3. сайхан мөлжүүртэй түүх байна

    ReplyDelete