17 September 2015

Алтан хайрцаг

Ийм нөхцөл байдал үүссэн гэж төсөөлье:
Нэг геолог нөхөр тайгад ажиллаж байгаад сураггүй алга болчихож. Эрэл хайгуулаар амьтанд бариулсан цогцос олдов. Ар гэрт нь мэдэгдэж оршуулга, салах ёслол болдгоороо болоод өнгөрч. Мэдээж мань эрийн алтан хайрцгийг нээлгэсэн байж таараа. Лам өвгөн "Тэдэн жил дутуу насалж дэ зайлуул, ум мани бадми хум, зүүн урд зүгт гарга, ийм тийм жилтэй нь ийм тийм ном уншуул" г.м. ном журмын дагуу бүгдийг нь хэлээд өгч. Тэгсэн чинь... Опа! Найз амьд мэнд уулнаас буугаад ирж. Геолог эрийг тайгад төөрч амьд гарах гэж тэмцэж явахад нь нөхдүүд өөр хүний цогсоц олоод оршуулчихсан болж таарлаа.

Бас нэг хувилбар: сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн байж гэнэ. Гэхдээ гаднаас нь хараад тийм гэж хэнч хэлэхгүй. Хэл яриа, үйлдэл нь эв эрүүл юм шиг. Тэгсэн нөхөр лам дээр очоод өөрөө өөрийгөө нас барсан гээд алтан хайрцгаа нээлгүүлчихэж. Би төрсөн ах нь байгаа юм г.м. худал мэдээлэл өгөөд ламыг хуурчихаж.

Одоо асуулт: Амьд хүн алтан хайрцгаа нээлгүүлчихвэл яадаг юм: буцааж хааж барина гэж байх уу? Энэ нь ер нь сайн уу муу юу? Сайн байна гэж ч юу байхав. Их муу байдаг бол өс санасан хүнийхээ хайрцгийг өөрт нь мэдэгдэлгүй нууцаар нээлгэчихэж болохнээ? Лам нас барсан тухай баримт шаардалгүй талийгчийн хань ижил, үх хүүхдийнх нь төрсөн жил усыг асууж байгаад л хэлээд өгдөг шүү дэ. Мөн бодитоор байхгүй хүний хайрцгийг нээлгүүлж болохнээ? Нэг виртуал иргэн бий болгоод бүх сүмээр ээлж дарааллан орж алтан хайрцгийг нь нээлгүүлвэл хэлж өгч буй мэдээлэл нь өөр хоорондоо яг таарах уу зөрөөд давхичих уу? Эсрэгээр, сайн байдаг бол нэгэндээ төрсөн өдрөөр нь хойдох нь гээд уншуулчихсан номын жагсаалт мөнгөний баримттай нь өгч болохнээ?

Надад зүгээр онолын хувьд сониорхолтой байгаа юм, түүнээс биш практик дээр турших гээгүй.

4 comments:

  1. Цөг гэм. Муу ёр. хахахахахаха

    ReplyDelete
  2. Үнэхээр алтан хайрцаг нээгээд мэддэг юм бол наад хүн чинь үхээгүй байна гэж мэдэх ёстой биз дээ? Мэдээгүй бол зүгээр л дүр үзүүлсэн хэрэг гэж ойлгоод байна даа.

    ReplyDelete
  3. Атейст болохоор надад ч яг ийм адын бодол төрдөг шүү.

    ReplyDelete
  4. Лав л үхлүүт хүнд байгаа хүнийг асуух гээд лам (яг лам биш байж магад) дээр очсон чинь (ямар нэгэн мэдээлэл огт өгөөгүй, зүгээр л нэр ус, жилийг нь хэлсэн) алтан хайрцаг нь нээгдчихсэн байна, бушуухан аргалахгүй бол талийх нь гэж хэлж байсныг мэднэ. Мэддэг нэг нь бол мэддэг гэж ойлгоод байгаа.

    ReplyDelete