Хэдийгээр сүүлийн үед экологийн талаар гартай болгон бичиж, амтай болгон ярьж буй хэдий ч би цөөн хэдэн үсэг нэмэрлэхээр шийдлээ. Манайд hybrid болон gas-аар ажилладаг машинууд цөөнгүй орж ирж байна. Удахгүй Дархан Эрдэнэтэд гааз-ын ШТС-ууд нээгдэх байх (аль хэдийн нээгдсэн ч байж мэднэ, би лазагнаад лавлаж харсангүй). Ойрын ирээдүйд бүрэн цахилгаан машинууд орж ирэх биз. Мэдээж эдгээр тэрэгнүүд нь хар утаа хаясан хуучин төмрийн сэгнүүдийн дэргэд экологид ээлтэй эд. Гэхдээ бүх зүйл 2 талтайг мартаж болохгүй. Яагаад дэлхийн автомашины үйлдвэрлэл шатахуунаас татгалзаж эхлээд байна? Нефтийн нөөц ёроолгүй том сав биш, хэзээ нэгэн цагт энергийн эх үүсвэрийн хомсдол нүүрлэж л таараа. Шатахууны үнэ нэмэгдэхийн хэрээр автомашин худалдаж авагчийн тоо цөөрч мэднэ. Тэр үед 220-ийн залгууранд залгачихдаг машин үйлдвэрлэгч давуу талтай байх нь мэдээж. За тэр болтол хаа ч юм. Гэвч машины батарей өөрөө тийм ч амар далд ордог зүйл биш. Зүгээр хог дээр гаргаад хаячихлаа гэхэд хэдэн зуун жил новширч орчноо хордуулна. Бүх батарейг тусгайлан устгалд хамруулна гэдэг мэдээж үлгэр. Мөн цахилгаанаар явагч тэргийг цэнэглэхээр манайд юу ажиллахав? Цахилгаан станц ажиллана. Цахилгаан станц маань та бүхэн мартаагүй бол нүүрс шатааж байгаа (Атомын цахилгаан станцыг мартах хэрэгтэй гэж энэ далимаар хэлье. Радиацаар биш нүүрсээр амьсгалсаар үхсэн нь зовлон бага гэдэгтэй олонх нь санал нийлэх байлгүй). Тиймээс утаа нэг том яндангаас гарах уу, олон жижиг яндангаас гарах уу л гэсэн ялгаа болж хувирна. Яг одоо утааг, замын хөдөлгөөнийг багасгахын тулд зүгээр л автомашиныхаа тоог цөөлөх нь зөв. Зэргэцүүлээд нийтийн тээврийг сэргээх хэрэгтэй.
За энэ яахав, тусдаа сэдэв. Дугуйруугаа шилжье. Энгийн дугуй хорхойд хоргүй мэт төрхтэй боловч эдийн засгийг сүйрүүлж чадах эвгүй төмөр байгаа юм. Иргэд хэдэн арван сая төгрөг гаргаж автомашин худалдаж авахаа байна. Лизингийн зээл зогсоно. Бензин түлшний хэрэглээ багасна. Машингүй хүн засварын газруудаар үйлчлүүлэхгүй, ямарваа нэг зам талбайн төлбөр түрээс, даатгал, хураамж төлөхгүй. Ядаж л таргалж есөн шидийн бэлдмэл ууж фитнес-т явахгүй. Гай болж иргэд цоо эрүүл болж хувирвал бөөн гай. Эрүүл хүн эдийн засагт хэрэггүй. Тэр витамин, эм худалдаж авахгүй, үнэтэй шинжилгээ хийлгэхгүй, эмнэлгүүдэд хандахгүй. Манайд бол дугуй унах нь ерөөсөө амь насаараа дэнчин тавьсан үйлдэл. Тиймээс эдийн засгаа дэмжиж байгаа бол, амь насандаа хайртай бол машинаа салж унатал нь, милийн гол нь бүтэн эргэтэл нь унах хэрэгтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
DARHAND GAS STATION BN LEE SHT
ReplyDelete