03 July 2015

Өөрийгөө үнэлэх, цаг хугацаатай уралдах тухай

Өнөөдрийн нийгэмд хүн юуны түрүүнд өөрийгөө үнэлэх хэрэгтэй гэж боддог. Чи өөрийгөө үнэлэхгүй бол чамайг хэнч үнэлэхгүй. Өөрөөс чинь чи боол уу хаан уу гэж асуувал хаан гэх нь зөв гэсэн үг. Гэхдээ энэ нь өөрийгөө хунтайж болгож зарла гэсэн үг биш шүү, хэ-хэ. 
Биднийг өнөөдөр энд байлгахын тулд хэдэн сая жилийн өмнө од дэлбэрч, загас уснаас хуурай газарлуу мөлхөж гарч ирсэн. Яг одоо та эдгээр мөрийг уншаад сууж байх магадлал бараг 0 байсан боловч та эдгээр мөрийг уншаад л сууж байна. Ямар олон үйл явдал, тохироо бүрдэж байж өөрийгөө төрсөн гэж бодож байна? Сум хэдэн см зөрсөн бол, өвөө эмээ чинь учраагүй бол, вакциныг нээгээгүй бол г.м. хар мянган аюул алхам тутамд байсан. 
Цаашлаад: үхлийн дараа юу ч тохиохгүй гэж би боддог. Мэдээж амьдрал хэвээрээ үргэлжилнэ, гэхдээ өөргүй чинь. Бидэнд жаахан ч болтугай сайн зүйл хийж бүтээ гээд багахан хугацаа өгөгдсөн байгааг амьдрал гэнэ. Энэ цаг хугацааг тарамдаад өнгөрөөвөл харамсалтай. Амьдралыг хойшлуулж болдоггүй. Нэг дахь өдрөөс, сарын эхнээс, шинэ он гарахлаар... гэж хойшлуулаад л байвал цаг хугацаа үр бүтээлгүй өнгөрсөөр байх болно. Хийхээр шийдсэн л бол хамгийн тохиромжтой хугацаа бол яг одоо. Энэ жаахан хугацаанд "би чадсангүй, би итгэл даасангүй, тэгээгүй, ингээгүй" гэж харамсаж, өөрийнхөө үнэлэмжийг буулгах зүйл аль болох бага хийх хэрэгтэй.
Ихэнх шашинд зовлон зүдгүүр хүнийг гэгээрүүлж, мэлмийг нь нээдэг хэмээдэг. Баяр баяслын төлөө биш сүнсээ нүгэлээс хамгаалах гэж амьдардаг мэт номлол их. Хүлцэнгүй бай, тэгвэл дараагийн амьдралдаа чи сайн дүрийг олно. Би үүнийг мунхруулалт гэж үзэж байна. Чиний зовлон хэнд хүртээлтэй юм? Шударга бус явдлыг хараад буруутай этгээд хойд насандаа шангаа хүртнэ гээд зүгээр орхиж болохгүй биз дэ? Хүн диваажинг газар дээр бий болгох гэж оролдсон нь тэнгэрт диваажин бий гэж бодож нэг насыг барснаас дээр байлгүй.
Нүгэл. Нүгэлийн тухай ойлголт олон хүнийг нүгэл хийхэд нь түлхэц өгдөг. Эзэн энэрэнгүй - чиний бүх нүгэлийг цайруулна. Хаа газрын гэмт хэрэгтнүүд маш их шүтлэгтэй байдгийг анзаарсан уу? Гэмт хэрэгтнүүд ч гэлтгүй хулгайч нар, их бага гарын түшмэлүүд ч тэр. Нэг ёсны: тиймээ, би хумсалсан, булаасан, хуурсан, алсан, гэхдээ би сүм хийд, суварга дуган босгоход хөрөнгө өгч нүгэлээ наминчилсан гэж бодож болохнээ? Нүгэлээ наминчилах гэж ойлголт байхгүй нөхдөө. Буруу, муу зүйл нэгэнт хийсэн бол ганц хийж чадах сайн үйлс чинь алдаагаа засах гэж оролдох юм. Өөрийнхөө хийсэн үйлдлийн үр дагаварыг аль болох хор хөнөөлгүй болгох гэж оролд гэсэн үг. Тэгээд дахиж ийм зүйл гаргахгүйг хичээх.
Христийн шашинд итгэл үнэмшил нэгд тавигддаг. Тэгээд христэд итгэгч Андерс Беринг Брейвик юу хийв? Лалын хэт даврагсад Исламын улс зарлаад тэндээ юу хийж байгааг хар. Энэ бүхэн итгэл үнэмшил дээр л суурилсан. Тиймээс итгэл үнэмшил биш үйл хэргийг нэгд тавих нь зөв. Чи юунд итгэх нь хамаагүй, гагцхүү зөв л зүйл хий. Шашины янз бүрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ төдийлөн чухал биш. Тэр тусмаа мөнгө төгрөг зарж, зардал чирэгдэл болж буй бол хая. Хэрэв ямар нэг зан үйл заавал хийхийг хүсээд байгаа бол өглөө гимнастик хий. Шүтэж болно, мухар сүсэглэж болохгүй.
Хүн шинийг эрэлхийлэх, хайх процессын дунд л хөгжинө. Зогсоо зайгүй шинийг мэдэж, сурч байх хэрэгтэй. Бүрэн дунд, дээд боловсрол гэж байхгүй. Хүн бүрэн боловсорно гэж ч юу байхав. Ямарч тохиолдолд хүн амьдраад дуусахад хорвоо өчүүхэн ч болтугай сайжирсэн байх ёстой.

2 comments:

  1. Uneheer unen, ene heseg ni goy :D "Биднийг өнөөдөр энд байлгахын тулд хэдэн сая жилийн өмнө од дэлбэрч, загас уснаас хуурай газарлуу мөлхөж гарч ирсэн"

    ReplyDelete