30 July 2015

Буруутанг хайх

Аливаа зүйлийг гуйвуулахад ядаж цөхөөд байх зүйлгүй. Нөгөө харуудын бослогын үед "Цагаан арьстнууд Христийг алсан, цагаан арьстнуудыг хороо!" гэсэн уриа үүсч байсан шиг боломжийн эхэлсэн зүйлийн утгыг алдуулахад маш амархан.
Заримдаа өөрийгөө ардчилагч, либерал үзэлтэй гэх нөхдийг хараад инээх хэцүү, уйлах хэцүү болдог. Үнэн хэрэгтээ ямар юмны ардчилагч байхав, энгийн нэг хүнд сурталтан л байгаа байхгүй юу. Эсвэл "Эх орон!" гэж цээжээ хий дэлдэгчдийг хараад гунигтай бодол төрдгийг нуугаад яахав. Ямарч нийгмийн үед, аль ч тогтолцоонд бүтэлгүйтэл, азгүйтэл болгондоо нөхцөл байдал, цаг хугацаа, төр засаг, өөр юу байдаг юм, өөрөөсөө бусдыг буруутгадаг хэсэг бүлэг этгээд олддог. Би ядуу амьдарч байна  - улс буруутай. Ийм хүмүүс ямарваа нэг том үйл явдал, өөрчлөлтийг хүлээсэн байдалтай, өөрчлөлт гарч байж л тэд өөрсдөө өөрчлөгдөх юм шиг бодолтой явдаг нь үнэн хэрэгтээ төөрөгдөл. Наад захын жишээ: хүн ажилд орж чадахгүй байна. Мэдээж үүнд засаг буруутай гэж тэр бодно. Найз өөрөө хэт ихийг хүсээд байгаа юм биш үү гэсэн асуултыг өөртөө хэзээ ч тавихгүй. Хүнд хүчир ажил хийхийг хүсэхгүй, тэгсэн мөртлөө өндөр цалин хүлээнэ. Хар ажил голно, учир нь өвөрт нь дээд боловсролын диплом байдаг. Гол асуудал ажил олдохгүй байгаад юм биш. Голоод хийхгүй байгаад "но" оршино. Өнөөгийн хөдөлмөрийн зах чөлөөт шүү дэ. Чадалтай боловсон хүчин үнэлэгднэ, чадалгүй нь лааз өшиглөнө. Үй олон болсон болоогүй хуульч, эдийн засагч, менежерүүд хэнд хэрэгтэй юм? Хуваарь сонгохдоо ирээдүйд ямар өрсөлдөөн өөрийг нь хүлээж буйг нөхөр бодож үзсэн үү? Тэрбээр мэргэжилдээ шилдэг нь болох гэж 4 жил нойроо хугаслаж ном уншсан уу, эсвэл эцэг эхийнхээ мөнгийг үрж баар цэнгээний газраар зугаалж арай гэж нэг юм диплом өвөртлөсөн үү гэдэг ялгаа ажил дээр гарсан хойно илэрхий харагддаг. Өрсөлдөөн дунд ялагдаж байгаа бол цэвэр өөрийн чинь буруу гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсын буруу энд огт байхгүй. Чамайг барилгын инженер биш олон улсын харицааны хуваарь сонгоход төр засаг нөлөөлөөгүй л байх. Бидэнд өнөөдөр юу байна? Бахаан ажилгүй залуучууд. Мөнгө, карьер мөрөөдөх боловч хуруугаа ч хөдөлгөхгүй. Энгийн цэргээс эхлээд дээш мацахын оронд болж өгвөл удирдах албан тушаалаас гараагаа эхэлчих мөрөөдөлтэй. Гялалзсан амжилт үзүүлэх нөхцөл бололцоогоор нь улс түүнийг хангаж өгч чадахгүй байгаа юм байх. Удаан хүлээсний эцэст энэ улсад л учир байна, улсыг өөрчилж байж надад боломж нээгднэ гэсэн дүгнэлтэнд найз хүрнэ. Ингэж сууснаас гадаад гарсан нь дээр юм байна ч гэж бодно. Тэнд өөрийг нь өндөр үнэлж ах мандаад сүйд болно гэж боддог юм шиг байгаа юм. Энд юм хийдэггүй байсан нөхөр тэнд адилхан юуч хийхгүй. Гадаадад ч гологдно. Хэн гүргэр, шургуу ажилладаг, санаачлагатай байна - тэр л урагшилдаг нийгэм. Монголд ч бай, гадаад ч бай - адилхан. Хөлбөмбөгчин сэлгээнд сууж байгаад хэн буруутай юм? Дасгалжуулагч уу? Клубын удирдлага уу? Эсвэл хөлбөмөгчинд өөрт нь асуудал байна уу? Буруутанг хайх гэж байгаа бол юуны түрүүнд толинд хар.

1 comment:

  1. Хүмүүс тэгээл хуульчаар төгсөжийгээ хүмүүсийн унтраахдаа сайн шүү хэхэ. Олон ч хүн төгсдөг олон ч хүн ажилгүй гэртээ суудаг. Гэтэл энд тэнд хуульчаар дутсаар л байна. Гол нь эрмэлзэл, итгэл дэмжлэг шүү дээ.

    ReplyDelete