10 July 2015

Хятад улс ба бетон. 1-р хэсэг

АНУ хорьдугаар зууны турш үйлдвэрлэсэн бетоноос их хэмжээтэйг хоёрхон жилийн дотор Хятад үйлдвэрлэсэн мэдээлэл байна. Бүх хятадын статистикийн хорооны мэдээгээр 2014 онд цементийн үйлдвэрүүд нь 2 тэрбум 476 сая тонн бетон хийж. Өмнөх жилийн үзүүлэлттэй нэгтгэвэл 4 тэрбум 890 сая тонн (4,9 гигатонн) болж байгаа юм. Харин USGS Cement Statistic-ийн тоонд итгэвэл 1901-2000 онд АНУ 4,5 гигатонн цемент үйлдвэрлэжээ. Сүүлийн жилүүдэд ОХУ жилдээ 65 сая тонн цемент үйлдвэрлэдэг бол АНУ арай их буюу 80 сая тонныг хийж байгаа. Харин Хятад АНУ-с 30 дахин(!) ихийг үйлдвэрлэж байна. Энэ аюулын их цементийг урд хөрш юунд шингээж буйг сонирхоё.

Орон сууц
Барилгын сектороор ДНБ-ээ хамаагүй нэмэх нь эрсдэлтэй. Тэр тусмаа орон сууц их хэмжээгээр бариад, борлуулалт нь муу бол барилгын сектор араасаа банк, даатгал г.м. санхүүгийн салбараа хөлдөө чирэх нь бий. Нэг бус зуун жил ашиглагдчихаар төмөр бетонон барилгууд барьж болно. Гэхдээ энэ нь эцсийн дүнд хэнд ч ашиггүй байдаг: барилгачид, банкууд, риэлторууд, даатгалын компаниуд - бүгд алдагдал хүлээнэ. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт зах зээлийн эрэлт дүүрээд борлуулалт буурна. Иймд эдийн засгийн үр ашигаа бодоод фанер, гипсэн хавтангаар байшин барих нь дээр. Ийм байшин зуун жил болохгүй ч гэлээ хүн моргэйжийн зээлээ төлөөд дуустал арай ч асуудал үүсгэхгүй ээ. Өмчлөгч банктай тооцоо хийж дууслаа - гэвч удахгүй шинэ байшин барих юмуу хуучиндаа капитал засвар хийхээр болдог. Ингээд эргээд банктайгаа найзална. Барилгын компани, риэлторууд ч хоосонгүй, даатгал ч хийхгүй бол бас болохгүй г.м. цикл зогсолтгүй эргэлддэг. Энэ механизм АНУ-д хамгийн сайн ажилладаг. Жишээ болгож Лос-Анджелесийг сонирхоё:
Хотын төв - Downtown. Энд өндөр байшин, цамхагууд элбэг. Бизнес байгууллагуудын офисын дүүрэг гэж ойлгож болно: банкууд, олон улсын том корпорациуд, засаг захиргаа, хөрөнгө оруулалтын сангууд, даатгалын компаниуд г.м. бүгд энд төвлөрнө.
Бүх талаас даунтаунруу хурдны хайвей-үүд хүрнэ. Харин downtown-аас хэдэн арав, заримдаа зуун км-ийн радиуст suburbia байрладаг. Энэ нь шугамдсан юм шиг зохион байгуулалттай, нэг хоёр давхар байшингаар дүүрсэн дүүргүүд юм. Ийм дүүргүүдэд л америкийн ихэнх иргэд амьдардаг.
Ийм бүтэцтэй болохоор АНУ-ын хотууд бузар том талбайтай байдаг юм. Манайд зарагддаг америк хуучин машинуудын гүйлт Японоос орж ирсэн он чацуу тэрэгнийхээс хавьгүй их байдаг нь мөн л үүнтэй холбоотой. Америкийн болон дэлхийн томоохон мегаполисуудын нутаг дэвсгэрийн хэмжээг харахад ойлгомжтой:
Хятадын урбанизаци жаахан өөр замаар явж байгаа. Мэдээж, нам давхар хорооллууд том хотуудын захаар баригдаж байгаа л да, гэхдээ бүх нийтээрээ АНУ шиг болоогүй байгаа. Шанхайн ойролцоох дүүрэг:
Уси гэдэг хотын захын дүүрэг:
Дээрх Уси болон олны танил бус 3-4 хотод америк загварын субурбия байгуулдаг нь туршилтын шинж чанартай юм. Бусад тохиолдолд орон сууц, шинэ дүүргийн барилгажилт саяас дээш хүн амтай хотод нэг иймэрхүү төрхтэй явагддаг:
Дээрх фото - Гуянь хот. Манай барилгачид, инженерүүдэд хятадуудаас сурах зүйл цөөнгүй бий болов уу. Хятадын хотуудын тухай тусдаа яригдах тул цементийн сэдэвтээ эргээд оръё. Үйлдвэрлэсэн тэр их бетоноо хаашаа шингээсэн юм? Байшин барилга, зам талбай, эмнэлэг сургууль, цахилгаан станцууд - бүгдэд нь цемент орно. Дэд бүтэцийн тусдаа объектууд ч гэсэн заримдаа аварга хэмжээтэй байдаг. Онгоц буудал, вокзал г.м. Ингээд дараагийн бетон залгигч - автозам.

Автозам
Хятадад орон сууцтай зэргэцээд цемент их хэрэглэдэг салбар бол автозамын барилга. 2013 оны төгсгөлд урд хөршийн замын нийт урт 4,1 сая км-ийг давсан. Үүнээс 104,5 мянган км нь өндөр хурдны автобан. Автобан нь 2014 он гэхэд 111,9 мянга болж нэмэгдсэн. Жилд 8 мянган км өндөр хурдны автозам барьж байна гэсэн үг.
China National Expressway Network буюу Хятадын үндэсний автозамын сүлжээ нь өнөөдөр дэлхийд хамгийн томд тооцогдохоор болчихоод байна.
Харьцуулалт болгож АНУ-ын National System of Interstate and Defense-ийг авч үзье. 2013 оны байдлаар урт нь 77,017 км байсан нь 2011 оны Хятадын үзүүлэлттэй ойролцоо байгаа юм.
Гол нь хятадууд жилээс жилд шинээр баригдаж буй хурдны замынхаа уртыг нэмж байхад (график бол ерөөсөө параболоид дүрстэй байгаа биз дэ) америкууд тэгж чадахгүй байгаа. 1987 он хүртэл Хятадад нэгч км ийм зам байгаагүй гэж бодохлоор сайн ажиллажээ гэхээс өөр хэлэх үг алга. Анхны төлөвлөгөөнд 2020 он гэхэд 35,000 км замын сүлжээ барихаар тусгагдсан байж. Гэвч 2005 он гэхэд энэ график бараг биелчихээд байв. Тэгээд 2011 он гэхэд 1956 оноос хойш баригдаж буй, гүйцэгдэх боломжгүй мэт санагддаг АНУ-ын Eisenhower National System of Interstate and Defense Highways-ийг гүйцэж түрүүлжээ. Сүүлийн жилүүдэд АНУ-ын автозамын сүлжээний тэлэлт үндсэндээ зогссон гэж хэлж болохоор байгаа. 2012-2013 онд 76,788 км-ээс 77,017 км болсон гэхээр 229 км зам л шинээр тавигдсан байх жишээний.
Хятадын тээврийн хөгжлийн хөтөлбөрт ойрын жилүүдэд бүх мужаа, түүн дотроо 200 мянгаас дээш хүн амтай бүх хотоо автозамын сүлжээндээ холбохоор тусгажээ. Ийм зүйл барьж байхад биелэлээ олох нь тодорхой л до:
2014 оны тооллогоор Хятадад 264 сая тээврийн хэрэгсэл бүртгэгдэж. Түүнээс 154 сая нь автомашин (117 сая нь жижиг, дунд оврын). Сүүлийн 5 жилд хөнгөн тэрэгний өсөлт хурдацтай явагдаж байгаа: тээврийн хэрэгслүүдийн 43,88%-ийг эзэлдэг байсан бол одоо 58,62% байгаа. Орон нутагт мэдээж скутер, мотоциклууд зонхилно. ОХУ-д автопарк нь жилд 2,5-3 сая тээврийн хэрэгслээр нэмэгддэг. АНУ-д энэ тоо 15-16 сая байдаг бол Хятадад 20-22 сая болжээ. Жижиг хотуудад мотоцикл, мопед түгжрэл үүсгэх нь бага. Харин мегаполисуудад машин олноор нэмэгдэх нь замын түгжрэл дагуулж энэ асуудал хотын удирдлагынх нь толгойны гол өвчин болдог. Хятадууд замын бөглөрөлтэй тэмцэх хэд хэдэн аргатай. Өнөөдрийн хувьд 6 хотод (Шанхай, Бээжин, Гуанчжоу, Тяньцзинь, Гуйянь, Ханчжоу) машины улсын тэмдэгтийн (номер гэсэн үг) олголтыг хязгаарласан байгаа.
Номер олголтыг анх хязгаарласан хот - Шанхай. Аль 1986 оноос хойш тус хотод машины номер дуудлага худалдаагаар түгээж байгаа. 2002 онд 15,000 юань ($1,800) байсан дугаарын үнэ 2013 онд түүхэн рекорд тогтоож 91,898 юань ($14,800) хүрсэн. Шанхай нь хөнгөн цагаан төмрийн өөдөс хамгийн үнэтэй зарагддаг газар байх.
Бээжинд болохоор манайд үйлчилж буй дугаарын хязгаарлалт бий. Даваа гаригт хорионд орох цифр 1 ба 6, мягмарт - 2, 7 г.м.
Навигацийн бизнес эрхэлдэг TomTom компани саяхан том хотуудын замын ачааллыг оргил цагт судалсан рейтингээ нийтэлжээ (TomTom Traffic Index). 2014 онд энэ индекст анх удаа Хятад хотуудыг оруулж. Замын бөглөрөл ихтэй хотуудын эхний 30 дотор урд хөршийн 10 хот "хүндэтгэлтэйгээр" өөрийн байр сууриа эзлээд авав. Тодруулвал: Chongqing (12th), Tianjin (14th), Beijing (15th), Guangzhou (17th), Chengdu (19th), Shanghai (24th), Shijiazhuang (25th), Fuzhou (28th), Shenyang (29th), Hangzhou (30th).
36 улсын 218 хот тус судалгаанд хамрагдсанаас хойд хөршийн Москва, Питер хоёр харгалзан 4 болон 7-р байрыг бас эзэлсэн байна.
Дараачийн дугаарт гүүрнүүдийн тухай үргэлжүүлье.

1 comment:

  1. За дараагийн дугаарыг хүлээгээд суучий

    ReplyDelete