15 July 2015

Pluto болон New Horizons

UPD 2015.07.15 14:31
Плутон.
Плутон ба дагуул Харон.
 
UPD 2015.07.15 12:37
NASA-гийн сайт дээр мэдээллүүд гараад эхэлж.


2015.07.14 22:57
Одон орон судлалын мэдээ олж уншлаа.
Өнөөдөр одон орон судлалын хувьд 2015 оны, тэр бүү хэл ойрын 10 жилд хамгийн чухалд тооцогдох "уулзалт" болж байгаа юм байна. NASA-гийн New Horizons сансрын хөлөг өөрийн mission-ы хамгийн чухал хэсэгтээ орсон байна. Энэ нь Плутонд хамгийн ойр зайнд дөхсөн байгаа гэсэн үг. New Horizons Плутон ба түүний дагуулуудын системийг бүтэн өдрийн турш дайран гарна. Ингэхдээ хэдэн GB мэдээлэл цуглуулаад цаашаагаа Койперийн бүс, Оортын үүл, бусад одруу чиглэнэ.
Плутоны түүх түүнийг нээхээс өмнө эхэлсэн гэж үзэж болохоор. XIX зууны 40-өөд онд эрдэмтэд Ураны орбитын цаана дахиад гариг байна гэдгийг тодорхойлсон байв. Ураны орбитын эргэлтийн онцлогууд ийм дүгнэлтэд хүргэж байлаа. Төд удалгүй Нептуныг нээв. Гэвч Ураны таталцалд нөлөөлж буй өөр нэг биет байгаа нь тодорхой болж ирэв. Ингээд 1930 онд Плутон олдов. Эрдэмтэд шинэ гариг нээлээ, шинжлэх ухаан яллаа гэж нэг хэсэг шуурсан боловч тооцоогоор бол шинээр нээсэн Плутон дор хаяж Юпитер шиг хэмжээтэй байж таарах гээд байв. Тэгсэн Плутон бодит байдал дээр өчүүхэн хэмжээтэй байдаг.
Ингээд XX зууны турш Плутоны жинг олон удаа дахин тооцоолсоор, масс нь тооцоо болгоноор багассаар байв. Эцэстээ Ураны гравитацид Плутон ямарч нөлөөгүйг тогтоов. Өнгөрсөн зууны төгсгөлрүү астрономийн техникийн хөгжил Нептуны ойролцоо бүхэл бүтэн бүлэг объект байгааг илрүүлэх боломж олгов. Нептуны цаана орших ихэнх биет нь астероид болон комет бөгөөд эдгээр нь Койперийн цагирагт багтдаг. Гол нь энд буй зарим биет Плутоноос үл ялиг жижиг байв. Ингээд орон орон судлаачидын өмнө асуудал гарч ирэв: эдгээр биетүүдийг гариг гэж зарлах уу эсвэл Плутоны статусыг өөрчлөх үү?
2006 онд асуудал нэг тийш шийдэгдэж Плутон "цолоо" хураалгав. Одоо "Нарны систем хэдэн гаригтай вэ?" гэсэн асуултанд "Найман гариг, таван одой гариг бий" гэж хариулах нь зөв.
Тэгсэн ч гэлээ Плутон эрдэмтэдийн сонирхолыг татсаар байлаа. Тэр Койперийн бүсд орших хамгийн том биет. Мөн өөрийн дагуул Харонтой хоёрлосон гариг гэж нэрлэгдэх системийг үүсгэдэг. Ийм системийн өөр жишээ бол манай Дэлхий болон Сар, Нар болон Юпитер. Энд үндсэн гариг болон дагуулын массын харьцааг авч үздэг. Сонирхолотой нь, дагуул Харон нь Плутоныг тойрч эргэдэггүй юм. Тэр хоёр тэдний массын төв нь болох нэг цэгийн тойрдог.
Үүнтэй яг адилхан тойрох хөдөлгөөний физик спортод ч бий.

Дэлхий болон Сарны хувьд ч гэсэн массын төв цэг гэж бий. Зүгээр тэр цэг нь Дэлхий дээр оршидог болохоор Сар энгийн тойрог хөдөлгөөнөөр хөдлөөд байгаа юм.
Өнөөдөр буюу ганц өдрийн турш Плутоны дэргэдүүр аппарат нисгэхийн тулд бараг 10 жилийн өмнө буюу 2006 оны 1-р сард New Horizons-ыг дэлхийгээс хөөрсөн юм. Зохион бүтээгчид нь хамгийн алслагдсан "гаригт" аппаратыг аль болох хурдан хүргэх зорилготой байсан болохоор хөнгөн, жижиг хэмжээтэй төхөөрөмж угсарчээ: жин нь 650 кг, өртөг нь 650 сая ам.доллар. Дэлхийгээс хөөргөхдөө анхны хурдатгалыг нь сайн гэгч өгсөн байна. Тормозлох түлш байхгүй, тиймээс нислэг үйлдэж байхдаа л судалгаа шинжилгээ явуулна.
Ийм шидэлд хүрэх олон шалтгаан байв. Мэдээж өөр хувилбарууд байсан: нислэгийн хугацаа нь урт, аппаратын жин хүнд г.м. Гол нь Плутон өөрөө жин багатай, түүний орбитод орж таталцалд нь тогтох их хэцүү, хажуугаар нь атмосфер гээд байх зүйл бараг байхгүй, тэгэхлээр тормозлоход атмосферийг нь ашиглах боломжгүй. Мэдээж хэрэг арай том аппарат хийгээд, түлш ахиухан шахаад, тойруу, хэмнэлттэй траекториудаар явуулж болно. Одоо Rosetta болон Juno аппаратууд яг ингэж нисэж байгаа. Гэхдээ ингэсэн бол 9 жилийн дотор Плутонд хүрэхгүй.
Эрдэмтэдийг ойлгох хэрэгтэй л дэ бас. Хөдөлмөрийнхөө үр дүнг харчих хүсэл бүгдэд нь бий. Нөгөө талаас төсөв мөнгө баталж буй албан тушаалтан ч гэсэн үр дүнг хүлээж байгаа. 9 жилийн дотор зорилгоо биелүүлэх боломж байхад 20 жилийн траекториор нисгээд яах ч билээ.
Хэдийгээр New Horizons шулуун замаар ниссэн ч гэлээ хажуугаар нь өөр судалгаа шинжилгээний ажил хийгдээд амжсан. Тухайлбал: хөөрснөөсөө хойш жилийн дараа Юпитерийн системийг судалсан. Харьцуулахад: эдийн засгийн хэмнэлттэй маршрутаар илгээсэн Juno 5 жил нисч байж Юпитерт хүрнэ. New Horizons аварга гаригаас 2,3 сая км зайд өнгөрөхдөө Плутон дээр ажиллах "бие халаалтаа" хийсэн гэж үзэж болно.
Тэр тусмаа Юпитерийн дагуул Ио-д онц ач холбогдол өгч ажиллаж. Учир нь Ио нь олон параметраар Плутонтой маш адилхан юм. Энэ ажлын хүрээд LORRI алсын камерераар Ио дээр дэлбэрч буй агуу том галт уулын зураглалыг хийж чадсан байна.
Тшватар галт уул 300 км өндөрт лав цацаж байгаа нь энэ. Тэр ганцаараа дэлбэрч буй галт уул бас биш. Ио-гийн сүүдрийн талыг янз бүрийн оптик төхөөрөмжөөр судлахад Юпитерийн энэ дагуул геологийн идэвхжил маш өндөртэй нь тогтоогдсон.
LORRI камераар авсан хар цагаан зураг дээр оргилж буй лав харагдахаас гадна галт уул өөрөө тод цэг шиг гарсан байгаа. Инфра гиперспектрометр LEISA нь сүүдэр талд байршилтай олон тооны галт уулыг харуулж чадсан. Заримынх нь тухай эрдэмтэд өмнө нь юу ч мэдэхгүй байсан юм. MVIC өнгөт камер нь үндсэн гадаргуугийн (бор өнгөтэй) байдал болон галт уулуудын лавын (цэнхэрээр гарсан байгаа) тархалтыг харуулж. Ио-гийн галт уулуудын идэвхжил Юпитерийн таталцалаас үүдэлтэй. Плутон болон Хароны хооронд төстэй процесс явагдаж байхыг үгүйсгэхгүй. Тийм бол New Horizons-ын техник ямарч байсан илрүүлж чадах нь.
Юпитерийг өнгөрсний дараа New Horizons-ыг идэвхгүй төлөвт (унтлагын горимд) шилжүүлсэн. Ихгэснээр энергийн нөөцөө хадгалж буй юм. Хааяа нэг ажлын чадварыг нь шалгах гэж, техникийн үзлэг хийх гэж, заримдаа сансрын биетийн зураг авах гэж сэрээж байжээ. Ингээд 2015 онд идэвхитэй ажлын горимд орох цаг нь ирсэн. 1 сараас эхлэн New Horizons Плутон болон Хароны зураг авалтыг хийж эхлэв. Энэ үеийн зурагнуудын чанар нь Hubble телескопынхыг гүйцэхээргүй байв. Энэ телескопын тусламжтай 2012 онд Плутоны сүүлийн дагуулыг нээсэн гэдгийг хэлэх нь зөв. Дахиад цаана нь дагуул байж ч мэдэх байгаа. New Horizons-ыг хөөргөж байх үед Плутоны гурван дагуулыг л нээсэн байсан юм шүү дэ.
5-р сарын 5-нд LORRI камераар авсан зурагнууд Hubble-ынхтай дүйцэхүйц хэмжээнд хүрсэн. Үүнээс хойш дарагдсан зураг болгон "бидний өмнө нь хараагүй зүйл"-ийг харуулж байгаа гэж үзэж болно. Гэхдээ 5 сарын зурагнууд ч гэсэн их бүдэг байсан. Одоо зай нь хэд дахин ойртсон болохоор зурагнуудын чанар эрс сайжирах нь ойлгомжтой. Таамаглаж байсан шиг Плутоны гадарга эрс тэс өнгөтэй байв. Тод цагаан толбонууд тас хартай зэргэцнэ. Ийм өнгөний эрс тэс байдал Нарны системд төдийлөн их таараад байдаггүй. Сатурны Япет дагуулын мөсөн гадарга Сатурны цагирагны тоосоор хэсэгчлэн хучигдаж үүнтэй төстэй төрхтэй байдаг. Мөн Церерагийн тод толбонууд хэлж болох юм.
Плутоны дагуул Харон ч гэсэн судлах зүйл ихтэй биет. Манай Сартай их төстэй болж таарсан: түүнд мөн л бие биенээсээ ялгаатай 2 хагас бөмбөрцөг бий, Плутонруу харсан тал дээр нь мөн л бараан толбоор "далай" харагдна.
New Horizons зөвхөн гадарга судлаад тогтохгүй Плутон, Харон хоёрын атмосферийн шинжилтгээ хийнэ. Үүний тулд Alice гэдэг хэт ягаан спектрометрээр тоноглогдсон гэнэ. Ингэснээр атмосферийн бүтэц, үүсэл зэргийг нь тодорхойлох боломжтой болж ирнэ.
Нислэгийн хуваарийн дагуу бол өглөө NASA бүх зүйл амжилттай явагдаж дууссаныг мэдэгдэх сигнал хүлээн авах ёстой.
Аппаратын байршилын тухай энэ сайтаас үзэж болно: http://whereispluto.info/
Энд яг физик байршил биш тооцоолсон байршилыг харуулж буйг ойлгох хэрэгтэй. ө.х. аппаратыг урд нь мэдэгдээгүй солир мөргөөд устгачихлаа гэхэд сайт юу ч болоогүй мэт цаашдын траекторийг зааж л байх болно. Нөгөө талаас, аппаратаас сигнал ирэхдээ 4, 5 цагийн сааталтай байдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Плутоны хамгийн сайн гарсан кадрууд 7-р сарын 15-нд дэлхийд ирнэ, Хароных 16-нд. Бүх мэдээллийг 2 жилийн турш нааш дамжуулна, тиймээс өнөөдрийн "уулзалтын" үр дүнг бид ойрын 3 жилийн турш хүлээж авч байх болно.
Тэр хооронд New Horizons Койперийн бүсээс 1-2 астероид "барьж авахыг" хичээнэ гэж байгаа. Ингэснээр хүн төрлөхтөн Нарны системийн хамгийн алслагдсан мухарын тухай мэдлэгээ өчүүхөн ч болтугай тэлэх юмдаа. Дараа нь сансрын хөлөг Оортын үүлийг чиглэнэ. Тэгээд мянга ч юмуу хэдэн мянган жилийн дараа өөр оддын системд очсон байж ч мэдэх, бид үүнийг нь мэдэхгүй нь сайхан юм да. New Horizons цааш 15 жил ажиллах энергийн эх үүсвэртэй. Дараа нь эх дэлхийтэйгээ ямарч холбоогүй болно.

No comments:

Post a Comment