02 February 2015

Тансаглал

Ойлгоход бэрх үзэгдлүүд олон юм. Тэдний нэг - хэмжээгүй тансаглал. Хорвоогоос тасарсан хэрэглээтэй хүмүүсийг хараад нүд хорсох ч юмуу атаархал бол төрдөггүй. Хэн хэдий хэмжээний хөрөнгөтэйг ч төдийлөн сонирходоггүй. Хүний мөнгө тоолох ер нь муухай. Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэг өнцгөөс хандаж ирсэн. Гэвч өөрийн эрхгүй интернэтийн уудамд есөн шидийн, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлтэй таарах юм.
Чанартай зүйл өндөр үнэтэй байх нь ойлгомжтой, үүнийг бол би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ аливаа юманд чинь хэмжээ хязгаар гэж бий шүү дэ. Яаж ч бодоод, орсон материал, шингэсэн хөдөлмөр, өөр юу байдаг юм бүхнийг нь нэмээд нэмээд үнийн дүнгийх нь 10 хувьд нь ч хүрэхээргүй бол бас хэцүү биз? Хэт өндөр үнэлгээтэй материаллаг хөрөнгө нь мөнгөтэй хэрэглэгчийг сэгсэрэх арга гэж бодохоос өөр аргагүй.
Хүн хэрэглээнээс нь хол давсан мөнгө олдоод ирэх үед хэвийн сэтгэж чадахаа байдаг юм шиг байгаа юм. Ухаалаг хэсэг нь мэдээж мөнгөний нөлөөнд автахгүй. Нөгөө хэсэг нь "шинэ баяны цээж хөндүүр" болно. Тэгээд л өөрийн статусыг тодотгохын тулд элдэв балай хэрэгтэй хэрэггүй хог сонирхож эхэлдэг. Яг тэр үед дэргэд нь самбаатай худалдагч гараад ирж буй юм. Ингээд сансарын үнэтэй бүтээгдэхүүн эзнээ олчихож байгаа нь тэр. Баатарын толгойд "Би хэр баргийн хүнд байдаггүй юм эзэмшигч, бараг л хорвоо ертөнцийн төв цэг" гэсэн бодол эргэлдэнэ. Үнэндээ бол тэрбээр өөрийн мэдэлгүй эдийн боол болж хувирч буй юм. Энэ үзэгдэл тэгээд цааш улам даамжирна. Хорвоод нүцгэн ирсэн, эргээд нүцгэн л буцна гэдгээ мартаж болохгүй.
Эдийн үнэ тухайн объектын түүхээр хэмжигдэх ёстой гэж би боддог. Жишээ нь: хүүхдэд салбархай бамбарууш байлаа. Өнгө үзэмж муудсан ч тус тоглоом нь хүүхдэд дотно. Шинэ бамбарууш, хүүхэлдэй, өөр юу байдаг юм авч өгсөн ч хүүхэд хуучин бамбаруушаа л хайрлах болно. Тус тоглоомны бодит үнэлгээ 0 боловч эзэндээ бол хамгийн үнэтэй эд. Яг үүний адил аав ээж дурсгасан, өвөө эмээгээс өвлөгдсөн, ямарваа нэг онцгой үйл явдлын түүхийг агуулсан зүйлс л хүнд хамгийн дотно байдаг юм. Хэдэн зоосоор худалдаж авсан бол дайвар, хоёрдогч хэмжигдэхүүн.

No comments:

Post a Comment