05 March 2015

Хорих 405-р анги

Өнгөрөгч долоо хоногт найз маань "ТӨХорооноос зарласан ГАЗ-66 автомашины дуудлага худалдаанд орох гэсэн юм. Тэгээд машиныг нь үзэх гэсэн чинь 61-ийн гарамын тэнд, 405-р хориход багаа 66 юм байна, хань болоод цуг яваадхаач" гэхээр нь зөвшөөрөв. 61-ийн гарам ч юу байхав, хэдхэн минут давхиад хүрэв. Цааш явах замыг гарамын МТ-гийг колонкоос асуугаарай гэсэн байв. Заварын дагуу асууж аваад Партизаны САА-н замаар хэдэн зуун метр яваад шорооруу оров. Жижиг толгойн орой дээрээс хорих анги харагдаж эхлэв. Давхиад очтол шалган нэвтрүүлэх пост дээр нь 405 биш 42(7 билүү 9)-р анги гэсэн пайз байх юм. Постын жижүүр нь хүмүүжигч бололтой халзан толгойтой нөхөр гарч ирлээ. 405-р анги цаана байрлалтай, энэ замаа дагаад яв гэв. ө.х. чанга дэглэмтэй 405-руу нэвтрэхийн тулд 42(7..9)-р ангиар дайрч гардаг болж таарч буй юм.
Хашаагаар нь нэвт гарч буй байдал.
Хашаан дотор хашаа. Тэрний дотор дахиад хашаа байвал гайхах зүйлгүй.
Онцгойдуу байрлах хуучны барилга хашаагүй. Бодвол ажилчидын байр юм байлгүй.
405-р хорих анги дээр нь ирлээ. Тахир соёот гэж олны дунд нэрлэгддэг, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хориглууд хүмүүждэг гяндан юм билээ. Шалган дээр бичиг баримтыг нэг бүрчлэн бичиж авсан. Рациар автын механикаа дуудав, машин байгаа гараж нь ангийн хашааны гадна байрлалтай.
Ийм газар смайликууд сонин харагдна.
Төв хаалга. Бас л смайлик.
Зогс!
Механик гарч иртэл гадаа гарлаа. Сайхан дулаахан, урь үнэртсэн хаврын өдөр таарсан. Дотор камерт хоригдож буй хүнд их хэцүү байгаа нь ойлгомжтой. Хүний амьдралд засагддаг алдаа, засагдахгүй алдаа гэж байдаг. Засагдахгүй алдаа нэг хийгээ л бол гүйцээ, дууслаа л гэсэн үг. Юу ч мэдэхгүй 18-тай байхдаа хар ус балгаж хүний аминд хүрээд 25 жилийн ял авч энд хоригдож буй хүн ч бий. Хамаг залуу нас нь шоронд. Аймшигтай. 
Машиныг нь үзсэн - авах юм гэвэл кузов л болсон тэрэг байв. Механикч нь мотор короб авах юмгүй, сүүлийн 5 жил асаагүй машин гэж авсан. Кардан гол нь салчихсан, доогуурах эд анги нь зэвэнд баригдсан, ер нь л хэцүү болсон 66 байна лэ. Авбал их хөрөнгө, хөдөлмөр зарцуулж байж босгох байх. Найздаа дуудлага худалдаанд нь ороод дэмий болов уу гэж зөвлөсөн, оролцоогүй байна лэ.

No comments:

Post a Comment