08 January 2013

Сайтын сэтгэгдэлийн цензур

UPD 2013.01.08 12:24
Хариу мэдэгдэл: http://www.news.mn/content/130069.shtml

2013.01.05 23:55
Оройдоо мэдээ уншсан чинь... Үлгэрийн баатрууд амилсан нь!
http://politics.news.mn/content/129916.shtml
Хэлэх үг алга. Интернэтэд хэн юу бичиж буйг хянах гээд байнаа да, гол зорилго нь? Нэг тэнэг нь нөгөөгөө мангараар нь дуудсаны төлөө хайсаар байж олоод шийтгэл ноогдуулж, хариуцлага тооцох юм биз дэ. "Мангар" гэсэн коммент сайтад мэдээж нийтлэгдэхгүй, гэхдээ баримт болж хавтсанд үдэгднэ. Тэгээд дээрх 6 үсгийг бичигч хэрэгт унана. Үүн шиг утгагүй зүйл үнэндээ байхгүй. Хэрэв төр интернэтэд цензур тогтоох гэж буй бол манай нийгэм хятад шиг, эсвэл лалын чанга дэглэмтэй орнууд шиг л болно гэсэн үг.


Миний хувьд интернэт бол эрх чөлөөт үзэл бодлын талбар. Би дээрх санааг сэдэгчийг  "жинхэнэ 3,14дарас байна да" гэж хэлснээр тэр ноёнтон агшин зуур 3,14дор болоод хувирчихгүй, тиймээс юунд нь эмзэглэдэг юм? Ухаантай хүнд "Өөрийг чинь хүндэлж явдаг. Та маш их ухаантай" гэж хэлэх шаардлага байдаггүй бол мулгуу имбецилд эсрэгээр, "Чи ёстой дүүрчихсэн тэнэг хүүр юм да!" гэж хэлэх нь доромжлол гэхээсээ илүү сэрэмжлүүлэг, анхааруулга болж өгдөг юм шүү дэ. Буян үйлдэж байна л гэсэн үг. Комментууд яг ижил үүрэгтэй.

Мэдээг уншихнаа: ямарваа нэг эрх ямбатан өөртэй нь холбоотой мэдээллийн дор буй тааламжгүй комментуудыг устгаж өгөхийг хүсэхэд сайтуудын удирдлагууд мөнгө нэхдэг цаг иржээ дэ. Ха-ха-ха. Аль аль нь өрөвдмөөр өрөөсөн дугуйнууд юм да. Ер нь автомат коммент бичиж илгээгч зохиох цаг нэгэнт болсон бололтой. Сайтын удирдлагатай яриад тохирч чадахгүй бол шууд спам комментоор серверийг нь бөмбөгдөөд хаана юу байгааг нь олдохооргүй болгож орхидог. Серверийг нь нураасан ч болно. Манай хойд, урд хөршид ийм төлбөртэй үйлчилгээ үзүүлэгч нөхдүүд захаас аваад олдно. Энэ яахав, нэр төрөө хамгаалах хүсэлтэй, мөнгөтэй нөхдүүдэд зориулсан цөөн хэдэн санаа юм да. Зайлуул, өөрсдөө зөв шийдэлд хүрч чадахгүй байх шиг байна. Ямар сайндаа л ийм зүйл сэдээд сууж байхав дэ.

Хүүхдүүдийн тухайд. Цензур тогтоосноор садар самуун, хүчирхийллээс хамгаалж чаднаа - ац! Зурагтаар тэгвэл одоо юу гарч байгаа юм? Эцэг эх нь хүүхдүүдийнхээ интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тавьж, зориулалтын программ суулгаж, болж бүтэхгүй сайтруу хандахыг нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Түүнээс биш хэдэн монголчуудынхаа тогоон доторх хэрүүлийг регистржүүлж бүртгээд яахав дэ, хайран хүч хөдөлмөр. Учир нь яаж ч шүүсэн негатив мэдээлэл интернэтэд байсаар л байх болно.


Манай зарим нэг том нөхдүүд доромжлол гүтгэлэгийн эсрэг гэсэн нэрийн дор татвар төлөгчидийн мөнгөөр татвар төлөгчидийнхөө үг хэлэх эрхийг нь боогдуулж, амыг нь барих зүйл хийх гэж байна гэж дүгнэлээ. Яахав, оролдоод л үз. Попытка не пытка. 1 тэрбум хятадууд паспортын мэдээллээрээ интернэтэд ордог болох гэж байхад 2 сая хүнийг хянах юухан байхав дэ.


Гагцхүү надад нэг асуулт хоцорлоо: Ноён Э-г учиргүй магтан сайшаасан мэдээллийн дор "наадах чинь ердийн нэг криминал" гэсэн комментийг хэн нэгэн үлдээж. Ухаад байсан чинь иргэншилээ сольсон, харийн нутагт ажиллаж амьдарч буй, Монгол улсын иргэн асан А гэгч болох нь тогтоогдов. А-д хариуцлага яаж тооцох вэ?

1 comment:

  1. Hetsuu l yum. Gehdee tsaanaa surtei ih yum hiij chadahgui bhaa daa, naanaa ingej bgaa bolovch. Zugeer l ailgaj bna. Er niinternet cafe-s handsan handaltiig yahiin bol ?

    ReplyDelete