Би нэг зүйл ажиглаад байгаа: энгийн хана хүнд нөхцөл байдлаас шалтгаалж янз бүрийн мэдрэмж төрүүлдэг: эсвэл түгшүүр, эсвэл амар амгалан. Тухайлбал:
1. Хороолол дундуурах нарийн замаар (одоо Христийн сүм болчихсон байгаа Од кинотеатраас 61-р байр хүртэлх) зорчиход 5 дэлгэмэл байрны урдуур, гаражуудын эгнээний зэргэцээ зорчидог. Нарийн зам боловч 2 машин төвөггүй зөрдөг. Гэвч ханан талд яваа машины жолооч баруун гар талд нь өндөр хана байгаа болохоор хурдаа өөрийн эрхгүй хасдаг юм. Харин эсрэг урсгалд яваа машин илүү тохь тухтай, айх аюулгүй байгаа тул хурдаа хасахгүй өнгөрнө.
2. Нуруугаараа хана налж зогсох, ажлын суудал хана руу нуруугаараа харсан бол догь. Ер нь хүн ардаа нүдгүй болохоор нуруундаа өөрийн эрхгүй байнга түгшиж явдаг. Харанхуй үдэш гэрлүүгээ алхаж явтал нэгэн үл бүтэх төрхтэй этгээд ард чинь алхахад л хангалттай нервдэнэ. Эсвэл компьютер дээрээ ажиллаж байтал нэг нөхөр ирээд ард чинь зогсоход л эвгүй сэтгэгдэл төрөөд явчихна. Идеал ажлын ширээний байрлал - буланруу бөгсөө чиглүүлж суух, ар тал болон баруун зүүн жигүүрүүд цөм хамгаалалттай.
3. Хашаа гэж нэрлэгдэх боловч өндөр гэгч хана босгох үзэгдэл манайд ихсээд байгаа. Монгол хүн өөрийгөө бусдаас тусгаарлаж байж л санаа нь амарна. Нийгэм нь тийм болгож буй юм: хэнд ч юунд ч итгэдэггүй, хананы цаана гарч байж аюулгүйн мэдрэмж авдаг, мөнхийн хардлага сэрдлэгэ дунд амьдардаг. Өндөр гэгч хана босгочихоод дээгүүр нь өргөстэй тор татна, хананы цаана болохоор галзуу нохой ганц хоёрыг сойчихно - ингээд л орчин үеийн монгол хүний диваажин.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment