05 May 2012

Үнэнч үлдсэн 2 түүх

Түүхийн сэдвийг би багаасаа сонирхосоор ирсэн. Материал унших, юм олж мэдэхийн хэрээр ажиглагддаг нэг зүйл бий: туслах дүрийн тоглогчид түүхэнд ихэнхдээ анхааралд өртөхгүй чимээгүй орхигддог юм. Тухайлбал: бахархмаар зоригтой алхам хийсэн зарц хүний гавъяа эзнийхээ нэр сүрэнд дарагдаад л өнгөрнө.
Эзэн хаан ч юм уу тираныг тойрон хүрээлэгсэд үнэнч хүмүүс байх нь ховор. Эрх мэдэл, эд хөрөнгөтэй байхад нь түүн дээр чийдэн дээр шавах дэнгийн эрвээхэй шиг бужигначихаад унтрах үед нь ийш тийш бутраад алга болно. Энэ тал
дээр харин япончууд сайн шүү. Эзэндээ үхэн үхэтлээ үнэнч байж чаддаг ард байгаа юм. Тэр нь бараг норм норматив. Манайх ч хүчирхэг байхдаа тийм л байсан, одоо бол мэдээж худлаа: хэн хэзээ хэнийг дагаж намирчихаад дараа нь бултах нь хувь хүний үзэмжийн асуулал.
Эрх мэдэлтэй байсан хүн унахыг харах хэцүү. Муу хүн байсан байж болно, гэхдээ Саддам юм уу Каддафи шиг хувь тавиланг хэнч амсах ёсгүй гэж үздэг.
Ингээд эзэндээ үнэнч үлдэж чадсан хоёр түүхийг сонирхоцгооё.
1. Хувьсгалд автсан Орос улс. Титэмээсээ татгалзсан эзэн хаан гэр бүлтэйгээ Екатеринбургд хоригдож байв (Уралын энэ хот улаан терророо алдартай, жинхэнэ шийдцэн хэт туйлширагч большевикуудын уурхай байсан юм. Хувьсгалын дараа намын үүрийн дарга Яков Свердловынхоо нэрээр Свердловск болсон түүхтэй). Хааныг дагаж тойрон хүрээлэгсэдээс нь 40 хүн хамт ирсэн гэдэг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр хорих дэглэм чангарсаар, түгшүүр нэмэгдсээр, хүмүүс ч цөөрсөөр. Эцсийн мөч хүртэл дөрөвхөн хүн тэсэж үлдсэн бөгөөд хааны гэр бүлтэй хамт цаазлуулсан юм. Амьд гарах боломж эдгээр хүмүүст байсан уу гэвэл байсан. Гэвч бусдын адил зугтаж амь хэлтэрхийг хүсээгүй бололтой. Царайнаас нь хархад энгийн л улс.
1. Зүүн талд - эмч Евгений Боткин. 2. Баруун талынх: камердинер (зарц) Алоизий Трупп.
3. Зүүн талд: тогооч Иван Харитонов. 4. Баруун: горничная (зарц, цэвэрлэгч) Анна Демидова.
2. Бас хувьсгалын үе. Энэ удаа Францын. Мария-Антуанетта хатны найз Савоягийн Мари-Луиза де Ламбаль гүнжийн тухай өгүүлье.Үймээн самуун эхлэхээс өмнө тэрбээр Англируу дүрвэсэн байсан хэдий ч хааны гэр бүлийг баривчилсан сургаар сайн дураараа Францруу буцжээ. Түүнийг Парижд ирэнгүүт нь мэдээж баривчилж улмаар шүүх хурлаар оруулав. Хурал эхлэхэд шүүгдэгчид "Эрх чөлөө, Тэгш эрхийн төлөө Хаан хатныг үзэн ядаж тангараглая" гэх ёстой байв. Гэвч хадагтай де Ламбаль "Эрх чөлөө, Тэгш эрхээр" тангараглая, харин хаан хатан хоёрыг үзэн ядах ямарч шалтгаан надад байхгүй гэж мэдэгдэв. Хурал үүгээр өндөрлөсөн хэдий ч шүүх танхимын гадна санкюлот буюу хувьсгалч ядуус асуудлыг газар дээр шийдэж хөөрхий бүсгүйг цаазалж орхиж. Есөн шидээр авирлаж биеийг нь хэд хуваасны эцэст яргачид толгойг нь жаданд сүвлээд "хатантантай нь уулзууна" хэмээн шоронлуу зүгэлцгээв. Хэн нэгэн догь сэтгэгч нь "муухай төрхтэй хатантанд айлчилж болохгүй" гэснээр нөхдүүд замдаа үсчингээр орж толгойтой үсийг (эсвэл үстэй толгойг гэх үү? ямартаа ч эвгүй хэллэг болж байна) янзлуулсан түүхтэй. Үр дүн "янзын" болж, хатантан шууд муужирч унасан байна.Эх сурвалж: Борис Акунин.

No comments:

Post a Comment