Би. Ганц тоон дээр өөрийгөө хэлж буй юм. Надтай цуг хэсэг бүлэг этгээд байгаа бол "Бид" болно. Өөрөөр хэлбэл ард нь ганц "-д" нэмэгднэ, үгийн үндэс "Би" хэвээрээ. Олон "Би" нэгдээд "Бид" нэртэй бүлгийг үүсгэж байгаа хэдий ч энэхүү бүлэг нь нэг цул зүйл биш, олон хувиа хичээсэн "Би" гэдгийг ажиглаж цөхөөд байх зүйлгүй. Бусад хэлэнд би, бид гэдэг ойлголт арай өөр, ядаж л үгийн үндэс нь ондоо. Тухайлбал:
Орос - Я, Мы. Англи - I, We. Герман - Ich, Wir. Цааш урт үргэлжлүүлж болно.
Харин уншигч та манайхтай адил олон тоонд шилжихдээ үгийн үндэс нь ижил үлддэг хэл мэддэг бол мэдэгдээрэй. Бидэн шиг нөхдүүд хаагуур байна гэдэг нь бас сонирхолтой.
Яагаад манайхан багийн спортоор явдаггүй нь ойлгомжтой байгаа биз? Хүн болгон амиатдаг, багаа боддоггүй, багийн үр дүнгийн төлөө хувийн амбицийг хаяж чаддаггүй. Яагаад монголчууд олуулаа нийлэхээрээ хүн болгон нь том толгойлж дорвитой зүйлд хүрдэггүй нь бас ойлгомжтой.
Өдөр тутмын хэвлэлээс нөгөө дуулиантай хурлын протоколыг унших зуур өөрийн эрхгүй ийм бодол төрсөн: Манайхан бүтэхгүй ээ. Хуралдаад байдаг, өдөр болгон цуглаад байдаг - гарч буй дорвитой шийдвэр байхгүй байна шүү дэ. Нэгийгээ хорон үгээр идэхээс өөр зүйл алга.
Хамт байхдаа хүчирхэг байсан түүхээ монгол хүн болгон дурсаж ярих боловч энгийн нэг зүйл огт ойлгодоггүй. Ямар ч шатлал, бүтэц зохион байгуулалтад "Захирах, захирагдах ёс" гэж байдаг юм. Энд мал шиг үг дуугуй дагахыг хэлж буй юм биш. Багийн тоглолтод бусадтайгаа барьцдаггүй юм гэдгийг л ойлгоход хангалттай.
29 April 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment