18 March 2012

Хэвтээ тэмдэглэгээ

Нийслэл хот машинаа шингээж чадахгүй байгаа нь нүдэнд илт. Хотын төвд зогсоол олж машин байршуулах туйлын хүнд болсон цаг. Нийслэлийн газрын албаны нэг нөхөр Сөүл хотоос "Бид олон давхар автомашины зогсоолуудыг судалж байна" гэсээр зурагтын цэнхэр дэлгэцээр гарч байх юм. Санаа нь уг нь зөв, гагцхүү хэдий болтол ингэх гэж байна, тэгэх гэж байна, завдлаа, зангалаа, туршлага судалж судалгаа шинжилгээ хийсээр байх юм бэ?! Залхаж байна, тоглоомчгүй. Сая хэдэн өдрийн өмнө БХИС-ийн гаднах талбай дээр түр саатах хооронд харуул рот-ын байлдагч гүйж ирж мөнгө нэхсэн. "Ямар үндэслэлээр би мөнгө төлөх ёстой вэ, энэ чинь сургуулийн хашааны гаднах талбай, олон нийтийн эзэмшилийн газар шүү дэ ахын дүү" гэсэн чинь "Ар талын албаны дарга Пүрэвдорж хурандаагийн тушаал" гэх юм. Би хэлсэн: "Пүрэвдорж хурандаад хууль зөрчиж байна гэж хэлээрэй. Ардын армийн байлдагч дүрэмт хувцастайгаа зогсоолын мөнгө хураагаад зогсож байх ёсгүй".
Тэр олон давхар зогсоолуудыг нь ашиглалтад ортол бага зардалтай, энгийн, үр дүнтэй аргаар авто-зогсоолуудыг цэгцлэх нь зөв. Үүнд хэвтээ тэмдэглэгээ тусална.
1. Зогсоол болгоныг аль болох олон автомашин багтахаар, орж гарах чиглэл тодорхой бөгөөд сул байхаар зохион байгуулж шугаман ба суман тэмдэглэгээ гүйцэтгэх хэрэгтэй.
2. Тэмдэглэгээг чанар сайтай будагаар гүйцэтгэвэл хэдэн улиралыг давах байх.
3. Урсгал хаасан, ногоон байгууламж дээр машинаа орхисон жолооч нарыг замын цагдаа их мөнгөөр торгох нь зөв. Мөн зогсоолын шугаманд багтаагүй, 2 машины зай эзэлсэн бол бас торгууль төл. Тусгай дугаарын утас 24/7 горимд ажиллаж санал гомдол аваг. Зөвхөн замын цагдаа гэлтгүй хэв журмын эргүүлийн цагдаа торгуулийн хуудас бичдэг болог л дэ, яадаг юм.
4. Шон, хаалт, гинж зэргийг бүх зогсоолуудаас мулт татаж хая. Байгууллагын жижүүр манаач нар гаднаа байнга хэдэн зогсоолыг дарга нарт зориулж сул сойдог. Үүнийг ч үгүй хийх хэрэгтэй. Замын хөдөлгөөнд цөм ижил тэгш эрхтэй. Бидэнд хотын өнгийг гундаасан шон, гинж, тор хэрэггүй.
5. Зөвхөн шугам, сум зураад зогсохгүй товч өгүүллэг, пиктограмм бичиж болно. Жишээ нь: нарийн урт зогсоол хоосон байхад ямар ч жолооч хашигдахаас айж амсар дээр машинаа орхино. Улмаар урд нь зөндөө сул зай ашиглагдахгүй хашигдаж үлднэ. Энэ тохиолдолд зогсоолыг машины хэмжээтэй дөрвөлжингүүдэд хувааж хойд зогсоолууд дээр "боложмтой бол урагшил", "утсаа үлдээ" г.м. бичиг юм уу дүрс, пиктограмм харагдахуйцаар байршуулах хэрэгтэй.
6. Жолооч нар жолооч нарыг шийтгэдэг систем. Хэн нэгэн тэнэг нь бусдыг хааж хаячихаад хээв нэг алга болсон бол би тэр имбецилийг хүндлэх албагүй. Нөгөө талаас хүний хөрөнгийг гэмтээж бас болохгүй. Иймд олон тооны стикер худалдаанд гаргамаар байгаа юм: "Тэнэг жолооч", "Зогсоол бузарлагч" г.м. бичигтэй юм уу зурагтай. Сайн чанарын, ховхорноо гонж наадаг цааснууд жолооч бүрийн машинд явдаг болог. 3 машин хааж тэргээ орхилоо, На фашист! Получи гранату! гараад ирсэн, капот дээр 6 наалт.
7. Байгууллага, орц болгон гаднах машины зогсоолоо хэвтээ тэмдэглэгээгээр зохион байгуулах компанит аян зохион байгуулах хэрэгтэй. Мөн цаашдын арчилгааг нь хаячихаж болохгүй.
Төгсгөлд нь, танин мэдэхүйд: Засгийн газрын ордны хашаанд машинууд ордонруу зөвхөн хамраа харуулж зогсдог. Ухарч (ар талаа ордонруу харуулж) тавих хориотой.
Бүр төгсгөлд нь: Мишээл экспогийн хашаан дахь авс шиг хэлбэртэй таксины тэмдэг.

No comments:

Post a Comment