10 May 2015

20 литрийн стандарт

1936 онд германы арми шатахуун хадгалах, тээвэрлэх зориулалттай шинэ канистр зохиох бүтээх уралдаан зарласан байна. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн дизайны сонгодог бүтээл төрсөн түүхтэй.
Энэ канистрын тусламжтайгаар немцүүд дайнд ялж явсан бөгөөд хамгийн гол нь тус сав өнөөдрийг хүртэл бараг өөрчлөгдөлгүй үйлдвэрлэгдэж байна.
Өмнөх канисртууд тэгш талтай, параллелепипед хэлбэртэй байв. Булангууд нь гагнаастай, эсвэл цулгай металл лист ороож бүтсэн, ёроол нь тусдаа гагнагдсан сав давамгайлж байлаа. 
Бариул нь нугалсан төмөр, эсвэл уян оосор. 
Ийм каниструуд зөөвөрлөхөд бэрх, гар авдаг, булангаараа юм байнга цохьдог, хамгийн гол нь найгүй гоождог байжээ. 

Хойд Рейн–Вестфаль мужийн Швельм хотын "Мюллер" компаний ерөнхий инженер дээрх бүх асуудлыг нэг дор шийдсэн гайхалтай техникийн санал ирүүлсэн байна.
Wehrmachtkanister нь яг 20 литр багтаамжтай, 4 кг жинтэй. Уг канистр нь өмнөх хувилбаруудыг бодохноо илүү хавтгай, прессээр дарсан 2 хагасыг ганц гагнаасаар нийлүүлснээр бүтсэн, булангуудыг нь бөөрөнхийлж дарсан. Гартаа бариад явахад юманд тээглэх боломж бага. Хажуу бөөрөн дахь хээ нь канистрын хатуу чанарыг нэмэгдүүлнэ, мөн хэт халахаас сэргийлсэн радиаторын үүрэгтэй. 
Эхэн үед бөөрний хээ нь энгийн хэрээс байсан ба явцын дунд өнөөдрийн стандарт төрхөө олж авсан. 
Хойд хэсэгт нь буй ургацаг агаарын карманы үүрэгтэй, канистрын хөвөх чадварыг бас нэмэгдүүлдэг. Өндөр хоолойтой амсар нь юүлүүр хэрэглэх шаардлагагүй болгоно. Тагийг ганц гараар онгойлгох боломжтой, ямарч нэмэлт багаж хэрэггүй. Дээр байрлах гурвалсан бариул их учиртай: ганц цэрэг 4 хоосон, эсвэл дүүрэн 2 сав зөөхөд ямарч хүндрэлгүй, цэргүүд канистрыг бие биендээ дамжуулахад, дундаа дамжлахад тохиромжтой.
Шинэ сав армийнханд их таалагдаж 1939 он гэхэд Вермахтын үндсэн канистр болсон байна. Энэ канистраар зөвхөн шатахуун тээвэрлэж байсангүй, ус, тос тосолгооны материал тэргүүтэй бусад бүх төрлийн шингэн хийдэг байжээ. Ялгахын тулд каниструудыг өөр өөр өнгөөр буддаг байв.
1940 онд АНУ болон Их Британи нь немц канистрыг олж авав. Англичуудын хувьд энгийн аргаар буюу Францаас олсон. Тэд тус савыг jerrycan гэж нэрлэсэн нь өнөөдөр тус канистрын нэр болчихоод байгаа. Англичууд тус савны ач тусыг тэр дор нь ойлгож ямарч өөрчлөлт оруулалгүй хуулбарыг нь үйлдвэрлээд эхэлсэн түүхтэй.
Америкчуудын хувьд арай их адал явдалтай. 1939 онд америк инженер Пол Плейсс Герман дахь гэрээт ажлаа дуусгаад нутаг буцахаар болов. Тэрбээр гэрлүүгээ төдийлөн яараагүй бололтой, учир нь Германаас Энэтхэгрүү машинаар аялахаар шийдсэн байгаа юм. Нөхөр өөрийн танил герман инженерийг уруу татаж, аялалд цуг явахаар ятгаж чаджээ. Тэр хоёр машин худалдаж аваад кузовыг нь урт аялалд зориулж өөрчилсөн байна. Яг хөдөлдгийн даваан дээр цэвэр усны нөөц хадгалах сав байхгүйгээ мэдэцгээв. Ингээд герман инженер склад дээрээсээ 3 канистр зүгээр л "хусчихаж". Авто-аялал өндөрлөдгийн даваан дээр немц эрд эх оронруугаа буцах шаардлага гарчээ. Харин Плейсс Калькуттад ганцаараа ирээд, машинаа орхиод Филадельфируу зүгэлсэн байна. Немц канистр америк инженерт их таалагдсан бололтой, учир нь тэрбээр нутаг буцангуутаа эрх бүхий албан тушаалтнуудын анхаарлыг тус саванд хандуулах гэж оролдов. Гэвч аман тайлбар болон гар зураг хэний ч сонирхолыг татахгүй байлаа. Ингээд Плейсс-д өөрийн машиныг Энэтхэгээс АНУ-руу татах ажил гарчээ. 1940 он гэхэд канистр америкчуудын гарт байв. Гэхдээ цэргийнхэн тус савыг судалж үзээд тухайн үед АНУ-ын армид хэрэглэгдэж байсан 45 литрийн савнаас дээрдээд байх зүйл алга гэж дүгнэв. Төд удалгүй америкчууд тус канистрын өөрчилсөн хувилбарыг үйлдвэрлэж эхлэв. Энэ америк канистр бүтэхгүй зүйл байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тус сав хоёр хагасыг нийлүүлж бус нэг төмөр листийг ороож, дээд доод хэсгийг нь тусдаа гагнах замаар хийгдэж байсан юм. Хоолой нь өргөн боловч юүлүүр заавал шаардлагатай. Хойш нээгддэг таглааны оронд эргэгддэг бөглөө хийсэн нь тусгай түлхүүргүйгээр тус савыг онгойлгох боломжгүй болгов. 
Ийм канистрыг угааж цэвэрлэхэд хялбар, дүүргэж хоослох нь хурдан, амархан боловч гагнаасаараа найгүй дусдаг байв. 
Сав сайн байх нь чухал гэдгийг холбоотнууд Хойд Африк дахь дайны үед бүрэн мэдэрсэн. Шатахуун нь амжилтын нэг үндэс гэдгийг ойлгосон гэж хэлж болно. Монтгомерийн армийн ар талыг шалгах явцад хяналтын баг муу савалгааны улмаас шатахууны алдагдал 40%-д хүрч буйг илрүүлжээ. Бензин далайн эргээс төмөр замаар 200 литрийн торхоор цэргийн баазуудруу тээвэрлэгдэж байв. Тэнд шатахууныг керосины 20 литрийн энгийн дөрвөлжин саванд хийнэ. Энэ саванд шатахуун халангуутаа дээгүүрээ сагаж асгаж, хажуугаараа бүх гагнаасаар дусч шүүрч байв. 
Английн генерал Дезмонд Янг: "Цөлд алба хаагаагүй хүн жижиг мэт боловч бидний хувьд хамгийн сул тал маань болоод байсан хангамж, тоноглолын асуудлаас амжилт яаж нөлөөлдгийг ойлгохгүй дэ" гэж бичиж байжээ. Англичуудын хувьд хамгийн чухал олзны нэг нь немцүүдийн канистр болоод байв. Тэд бүр тусгайлан канистрын араас ангуучилж байлаа. 1943 он гэхэд англичууд канистрын үйлдвэрлэлээ жигдрүүлж, оны эхэнд Хойд Африкруу 2 сая сав яаралтай журмаар илгээсэн. Дайн дуустал холбоотнуудын канистрыг англичууд голчлон нийлүүлж байж. Тэд нийт 21 сая "немц канистр" үйлдвэрлэсэн. Улмаар тус канистр дайнд оролцсон улс болгоны армийн хэрэгцээнд шилжиж, цаашдаа эдгээр улс бүр энэ савыг өөрсдөө хийж эхэлхэд хүргэсэн түүхтэй. Жижиг деталиуд нь л өөрчлөгдөхөөс бус ерөнхий дизайн нь сонгодог хэлбэрээсээ хазайдаггүй энэ сав дэлхийд хамгийн их тархсан шатахууны канистр мөн. Жишээ: 40 жилийн зөрүүтэй савнуудаас ялгааг ол.
Энэ савны хувьд өөрчлөлт оруулснаас оруулаагүй нь дээр гэмээр төгс бүтээл болж чадсан гэдэгтэй эвлэрхээс өөр арагүй. Өнөөдрийн АНУ-ын армийн савыг сонирхоё:
Америкчууд яаж зүгээр байхав, таглааг нь эргэдэг болгосон байгаа юм. Гэхдээ энэ алхамыг хийхээс өөр аргагүй, учир нь энэ канистр нь төмөр биш пластмасс байгаа юм.

Төгсгөлд нь: 50-иад оны сүүлч, "Muller" үйлдвэрт канистр хэрхэн хийгдэж буй процессыг сонирхоё.Энэ хэв дарагч (пресс) машинаар канистрын талыг бүтээнэ.
Опа! Тал канистр.
2 хагасыг нийлүүлж гагналаа.
Гагнаасыг цэвэрлэлээ.
Бариулыг нь үйлдвэрлэлээ.
Бариулыг их биетэй бэхэллээ.
Таглааг нь суурилууллаа.
Суурь (грунт) будаг хийлээ.
Хамгийн сүүлд нь өнгөөр будаад болоо. Канистр бэлэн!

3 comments:

  1. эх сурвалжийг нь дурдан, фб дээр ашиглаж болох уу. намух

    ReplyDelete