Зуны олимпийн ээлжит тоглолтууд өндөрлөлөө. Хэдийгээр алт авч чадаагүй ч гэлээ чамалхааргүй амжилт үзүүлсэн шигшээдээ талархаж байна.
Хүмүүс сүүлийн үед олимпийн тоглолтын мөн чанарыг мартаад буй юм болов уу гэж санагддаг. Дэлгэцийн өмнө хар тэнхээгээрээ тамирчинаа дэмжиж орилох, орой найз нөхдөө дагуулж баар саваар орж пиво ууж тоглолт үзэх нь төдийлөн чухал биш. Зуны ч бай өвлийн ч бай олимпийн тоглолт мэргэжлийн хэдхэн тамирчинд зориулсан уралдаан тэмцээн биш. Таныг болон хүүхдүүдийг чинь спортоор хичээллэхэд түлхэц өгөх үүрэгтэй дэлхий нийтийг хамарсан спортын баяр сүүлийн үед эдийн засгийн ашиг сонирхол агуулдаг болчихоод байгаа нь харамсалтай. Олныг спортоор хичээллэхийг уриалан дуудаж, эрүүл саруул амьдралын хэв маягийг сурталчилах ёстой арга хэмжээ. Хүн амын дийлэнх хувь нь ямарваа нэг спортоор хичээллэдэг, олимпийн шигшээ нэг ёсондоо тухайн улс үндэстний пирамидын оргил болно. Пирамидын суурь бэх бат бол тэнцвэр сайн, эсрэгээр суурь муу бол пирамид нурах аюултай.
Бид медалийн тоогоороо уралдахаас гадна спортоор ард олноо хичээллүүхээр юу хийсэнээрээ бусад улс гүрнүүдтэй давхар уралдах хэрэгтэй. Бидэнд бассейнууд, мөсөн катокууд, хөл бөмбөгийн талбайнууд хэрэгтэй байна. Мэдээж энэ асуудал хурдан шийдэгдэхгүй, их хугацаа, хүч хөдөлмөр шаардна. Өсвөр насныхан тодорхой спортыг сонирхоод, олноороо хамрагдаад, бэлтгэл сургуулиа зөв нөхцөлд хийгээд, дотооддоо сайн өрсөлдөөнтэй байвал чанартай тамирчинтай болдгийг жүдо болон боксынхон сүүлийн 2 олимпоор харууллаа.
Медалийн тоог өсгөх яаралтай шаардлага үнэхээр байгаа бол буурай хөгжилтэй орны сайн тамирчинд иргэншил шууд олгоод, стадион барих мөнгөөрөө өргөл барих бас нэг арга зам яахав бас бий.
13 August 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment