Манай нийгэм уур бухимдлаар дүүрэн. Амьдрал хэцүү байхад инээх юм уу? гэж асууж болно. Тэгвэл биднээс ч хэцүү амьдралтай газар зөндөө шүү дэ. Тэгсэн мөртлөө тэнд инээмсэглэсэн хүмүүс нь биднийхээс их. Яагаад вэ - оньсого.
Гадныхан сонин улс. Юм л бол өршөөгөөрэй (икскюз ми), уучлаарай (sorry). Монгол бол ондоо: хүн дэлсэж хаячихаад уучлаарай, шүүх хурал дээр л өршөөгөөрэй гэнэ. Европчууд өглөө буудлын лифтэнд танихгүй хүнтэй тааралдахдаа хүртэл "Гуд монин!" гэж тэнэг юм шиг баясдаг. Бид урдаас нь дуртай дургуй хальт мушилзаж инээмэр аядна. Танихгүй хүн өөрлүү чинь инээмсэглэх нь анх сонин санагддаг байж билээ. Дасал болсон "Үзэн ядаж байна!" сэтгэлгээнээс ондоо харьцаа бас байдгийг гадаадад илүү мэдэрнэ. "Новш гэж!", "Алаад хаячих юмсан!", "Ээ 3,14z!"-ийн оронд "Сайхан харагдаж байна шүү", "Яасан гоё өглөө вэ", "Санаа зоволтгүй, энэ асуудал биш" болоод явчихлаар эхэлж бодно: "шальчигначих юм да, худлаа соёлтой гарууд" гэж. Гэвч төд удалгүй өөрөө орчиндоо уусаж тэдний нэг биш юмаа гэхэд "Ээ 3,14z!" нь цөөрнө.
Хэдхэн өдөр өөр орчинд байж байгаад УБ-таа буцаж ирхэд ялгаа хурц мэдрэгддэг. Шууд Буянт-Ухаагаас л эхэлнэ. Онгоц өглөө эрт юм уу шөнө буусан бол нойр дутуу дүрлийсэн царайнууд угтна. "Энэ муу гаруудаас болж ажиллаж байна" гэсэн уур амьсгал мэдрэгднэ. Гараад зогсоол орохын хооронд явган хүний гарц дээр машин сигнаалдаад авна: "Амьсгаа! Хурдан хөдлөлдөө!" гэж буй хэрэг. "Яачихсан заяагүй улс гэхээрээ бид ийм байдаг байнаа? Яахаараа хүмүүс нь бөөн уур хилэнц болчихдог байна? Хот яагаад үнсэн саарал, гэрэл гэгээгүй юм бэ?" гэж эхэн үед бодох боловч хэдхэн өдрийн дотор эргээн хэвэндээ орно: Бодол нь "Муу өөдгүй гарууд газрын гаваар далд ороосой!" болж хувирна. Яг тодорхой оноосон этгээд энд байхгүй хэдий ч үндсэндээ бүхнийг үзэн ядаж буй юм. Хажууд чинь буй хүмүүс бас яг адил бодолтой гэхээр нийлбэр дүндээ нийгэм нь үзэн ядалт, уур бухимдлаар дүүрэн болж байгаа юм.
Гадаадад хэдхэн хоноод ирсэн ажлын газрын хүн гэрэлтсэн, баяр хөөртэй орж ирдгийг анзаарсан уу? Гадаад ч гэлтгүй, хөдөө томилолтоор эрүүл агаарт, уур бухимдалгүй хүмүүсийн дунд хэд хоноод ирсэн хүн замдаа ядарчихаагүй, сархадыг хэтрүүлчихээгүй бол өнгөтэй болоод л ирдэг. За тэгээд хэдхэн хоногийн дотор саарал өнгөндөө буцаж зүс хувирна да хөөрхийс. Улмаар гудамжаар хөл доорхоо л харж хурдан хурдан алхална - бүх талаас нь бүчиж буй новшийн үзэгдлүүдийг хараад ч яахав: тэнд нэг нөхөр тасарчихсан хэвтнэ, нөгөөх нь цааш харж морь харна, хөл доор бөөн тамхины иш г.м. "өнгөлөг" зүйл их шүү дэ. Гэхдээ мэдээж бүх зүйл энэ чигээрээ байхгүй нь лав. Бид ч гэсэн сайн талруугаа өөрчлөгднө. Цэвэр өөрсдөөс минь хамааралтай асуудал. Тиймээс дотроо "Хуцна да чи!" гэж бодсон ч гаднаа инээмсэглэж сурцгаа, хэ-хэ.
No comments:
Post a Comment