Thursday, April 7, 2016

Тайлан, тайлангийн загварын тухай

Ажлын шаардлагаар янз бүрийн тайлан хийдэг (програмаар гардаг тайлан (report) гэсэн үг шүү дэ). Батлагдсан загварыг нь хараад жаахан гутдаг. Учир нь ихэнхдээ иймэрхүү зүйл байдаг юм:
Яам, агентлаг, байгууллага болгон хачин хачин маягтаар мэдээ тайлан нэхнэ. Энд дотор нь агуулагдаж буй мэдээллийн тухай яриагүй, мэдээж хэрэг хэрэгцээтэй тоо л байдаг байлгүй. Харин яагаад боломжийн загвартай, цэвэрхэн тайлангийн маягт хийчэхдэггүй нь л сонин байхгүй юу. Гадны тайлангуудыг харахлаар аятайхан байх юм:
Бид юугаараа дутсан юм? Адилхан компьютер дээр л хийж байгаадаг. Компьютерийн анхан шатны мэдэгдэхүүнтэй хүн ч хийж дөнгөнө. Тэгэхэд "Үгүй ээ! Сайргар, мөр үсэг нь хаашаа ч хамаагүй үсэрсэн, ойлгомж муу формат бол бидний нэрийн хуудас" гэсэн аястай хачин янзын юм "үүний дагуу тайлангаа бэлдээрэй" гээд вэбдээ байршуулчихсан байдаг. Сэтгэл дутаж байна гэж үзэхээс өөр арга алга. Янз бүрийн анкет маягт бөглөх болно - яг адилхан. Согтуудаа бүтээсэн лугаа зүйл байх нь энүүхэнд. Энэ бол жижиг асуудал, гэхдээ иймэрхүү жижиг зүйлсээс л том нь хамаардаг юм. Гурилдаад, энийг хийсэн болоод өнгөрвөл болох нь тэр гэсэн хандлага нь өөрөө буруу байхгүй юу.
Бас нэг зүйл ажиглагддаг - фонт. Фонт (шрифт)-ийг бүдүүлгээр ярьвал сэртэнтэй, сэртэнгүй гэж 2 хувааж болно. Сэртэнтэй гэж Times-ийг ойлгочих (үсэгнүүд нь үзүүртээ сэртэнтэй шүү дэ). Харин сэртэнгүйн жишээ - Arial. Хүснэгтэн мэдээллийг болж өгвөл сэртэнгүй фонтоор гаргаж бай гэдэг (уншихад хялбар болохоор). Тиймээс гадны програмууд, ялангуяа санхүү нягтлан бодох бүртгэлийн програмуудын тайлангууд нь голдуу сэртэнгүй фонтоор хийгдсэн байдаг юм. Миний хувьд хэрэглэгчийн интерфейс, тайланд ач холбдогдол өгдөг. Програм тасархай гоёо байг гэхэд аятайхан байх ёстой. Мөн цаасан дээр хэвлэгдэж гарах мэдээлэл (тайлан) үзэмжтэй байх хэрэгтэй. ө.х. гарт баригдаж нүдэнд харагдах элементүүд чухал.
 
Зарим харилцагч стандарт нь энэ гээд Times-аар тайлан гаргахыг шаарддаг. Би дуулаагүй юм шиг Segoe, Tahoma, бүр арга ядвал Arial ашиглаад л хийчихдэг. Шалаад салахгүй бол "фонт солих техникийн бололцоо байхгүй, би хүсэвч болохгүй" гэж урдаас нь харж байгаал худлаа хуцчихдаг. Яагаад гэвэл хэрэглэгч тэр болгон зөв байдаггүй юм. Хэрэглэгчийн нүдийг гамнасан, харахад хялбар, ашиглахад энгийн зүйл хийхийг хичээгээд байхад ойлгохгүй тэс хөндлөн зүйл нэхэхэд өөрийнх нь төлөө худал хэлж таардаг. Энэ бол "ариун хууралт", хэ-хэ. Ягаан интерфейс захиалж байсан тохиолдол хүртэл бий. Хамгийн сүүлд ягаан болгож өгье, эхэлж чухал ажлуудаа хийсэн нь дээр гэж явсаар байгаа интерфейсд нь дасгасан. Тиймээс програмаас гарч буй тайлан сайргар бол эсвэл програмист нь муруй гартай сэтгэл гаргаагүй, эсвэл хэрэглэгчийн шахаан доор аргагүй хийгдсэн зүйл гэж ойлгох хэрэгтэй.

No comments:

Post a Comment