25 April 2016

Устсан прог болон технологи

Технологи сүүлийн 50 жилд маш эрчимтэй хөгжсөн. Тэр дундаа software хамгийн хурдан темпээр хөгжсөн салбаруудын нэг болно. Шинэ технологи, програм үүсээд, тэсрэлт хийж хөгжиж ирснээ хэдхэн сар жилийн дотор устаж үгүй болох нь олон байв. 
Интернэт анх хэрэглэж эхэлж байхад буюу одоогоос 20 жилийн өмнө Netscape гэдэг давгүй browser байж билээ.
Өнөөдөр Netscape сураггүй алга болсон. Зах зээлийг Google Chrome, Mozilla Firefox хоёр эзэгнэж, Apple-ийн фанатууд Safari, цөөн тооны хэрэглэгч Opera г.м. бусад browser ашиглаж байгаа. Монголд Internet Explorer-ийн Е үсэгтэй тэмдгийг Internet-ийн лого шиг ойлгодог. Тиймээс интернэт кафе болгоны хаяг дээр түүнийг байршуулдаг. Гэхдээ манайд ч гэсэн одоо IE ашигладаг хүн ховор болчихоод байна.
Napster гэж сайхан прог байсан.
Дуу mp3 форматаар Napster-аас л олддог байлаа. Дуу сүүлийн хэдхэн жилд баян замнал туулсан байдаг: винил пянз, туузан кассет, compact disk тухайн цаг үедээ дуу хадгалагч гол төхөөрөмж байв. Тэгэхэд одоо төрөөрөмжийн ч хэрэггүй болсон. Napster ер нь торрентын үндсийг тавьсан файл солилцооны peer-to-peer анхны сүлжээнүүдийн нэг юм. Хэдийгээр олон хууль дүрэм, зохиогчийн эрх, лиценз патенттай зөрчилддөг ч торрент өөрөө агуу зүйл:
Харамсалтай нь торрент сайтуудыг эхнээс нь эхлээд хааж байгаа. Над шиг ядруухан амьтанд бол торрент шиг хэрэгтэй зүйл байхгүй.
Хайлтын системийн хувьд Google бүгдийг нугачин дарсан. Уг нь гол хайлтын систем Yahoo байсан юм. Мөн Excite, Ask зэргийг ашигладаг байсан. 
Одоо Bing, Yahoo-г ашигладаг цөөн тооны хэрэглэгчийг эс тооцвол Google дийлэнх массын хэрэгцээг хангаж байгаа. Бас нэг оцлох үзэгдэл бол орон нутгийн хайлтын системүүд томорсон явдал юм. Хятадад Baidu, орост Yandex өргөн ашиглагддаг. Тухайн хэл дээр мэдээлэл хайхад Google-с илүү болохоор хөгжиж байгаа хэрэг.
Зарим жижиг байсан компани томорч, том байсан нь жижгэрч байгааг бас харж болно: Norton (Symentec) болон Kaspersky антивирусын зах зээл дээр үндсэндээ байраа сольсон. Social network-ын гараан дээр мандаж байсан Hi5 сүлжээ FB гарав уу үгүй юу устаад алга болсон. 
Ийм жишээ хар мянга. Ерөөсөө хэдхэн жилийн дотор нөхцөл байдал хаашаа ч хамаагүй эргэж байна.
Yahoo-г би унтарч байгаа компани гэж боддог. Хайлтаа Google-д алдсан бол Messenger-ээ Facebook тэргүүтэнд алдаад дууссан. Yahoo Messenger ашигладаг хүмүүс өдрөөс өдөрт багасч байгаа нь ажиглагдаад байгаа. Оронд нь Skype, Meseenger, WhatsApp, Viber зэрэг програмууд байрыг нь эзэлсэн. Skype-ийг Microsoft, WhatsApp-ыг Facebook худалдаж авч байна гэдэг нь шууд харьцааг дэмжих софт чухалыг илтгэнэ. 
Шууд харьцаа гэснээс - анх пейджер яаж гарч ирж байсныг санаж байна уу? Пейджертэй хүн бол ерөөсөө л босс, айн? 
Би Аянчин зочид буудлын дэргэдээс нэг пейджер цаснаас олж байж билээ. Ийм дугаарлуу залгана уу гэсэн мэдээлэл ирэхлээр нь утасдаж эзэнтэй нь холбогдоод пейджерийг нь эргүүлэн өгч л байв. Даанч пейджерийн нас богино байж дэ. Тусдаа төхөөрөмж байсан тэрбээр хэдхэн жилийн дотор гар утасны SMS гэдэг функц болж хувирсан. Ер нь гар утсанд залгигдсан төхөөрөмж олон бий: сэрүүлгэ, календарь, тэмдэглэлийн болон утасны дэвтэр г.м. бүгд тусдаа гарт баригддаг эд байсан - одоо програм болж хувирсан. Цаашид ч гэсэн олон компани дампуурч, олон програм үүссэн шигээ амар устаж, төхөөрөмжүүд програм болж хувирна.

No comments:

Post a Comment