Sunday, April 3, 2016

Эхнэр бэлтгэх сургууль

1937 онд нацистууд "Эхнэр бэлтгэх сургууль" нээсэн байдаг. Энд SS болон NSDAP (Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei)-ын гишүүдэд зориулж эхнэр бэлтгэх ёстой аж. Курсуудээр гэр ахуй, хүүхдийн хүмүүжил, хөдөө аж ахуйн хичээлүүд заагддаг. Нацистын эхнэр төгс байх ёстой, мөн их дээд сургуульд сурахгүй, офист болон үйлдвэрт ажиллахгүй, зөвхөн арын албыг сайн даах ёстой гэсэн үзлийг түгээж байлаа.
Нацистуудын гэргий болох хүсэлтэй бүсгүйчүүдийг сургах курсуудын эхийг SS-ийн рейхсфюрер Генрих Гиммлер 36 онд холбогдох тушаал үзэглэснээр тавьсан. Анхны "сүйт бүсгүйн сургууль"-ийг Гертруда Шольц-Клинк толгойлжээ. 1943 оных нь зураг:
Энэ эмэгтэй тухайн үед Национал-социалист эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн нь байв. Тус байгууллагад оргил үед нь буюу 1943 онд 7 сая эмэгтэй гишүүн бүртгэгдсэн байсан юм. 
1939 онд төгсөгчдийн нөхөр болох нэр дэвшигчдэд цэргийн офицеруудыг нэмсэн байдаг. Анхны сургууль Берлины дэргэдэх Ваннзее нуурын Шваненвердер арал дээр нээгдсэнээс хойш 1944 он хүртэл 32 сургууль нээгдсэн тоо бий.
Сургуульд зөвхөн цэвэр цусны арий үндэстэн бүсгүйчүүдийг сонгон шалгаруулж авдаг. Гэхдээ еврей цус нь 1/8-ээс давамгайлаагүй цөөн тооны бүсгүй бас элссэн байдаг. Эрүүл чийрэг бие, сэтгэл мэдрэлийн өвчингүй байх зайлшгүй шаардлагатай. Мэдээж хэрэг бие эрхтний согогтой бол авахгүй. Мөн эцэг эхийн аль нэг нь шизофрени-гээр өвчилж байсан бол шанс байхгүй.
Сургуульд бүсгүйчүүд зургаан 7 хоногийн сургалтанд хамрагдна (1939 оноос 2 сар болсон). Энэ хугацаанд аж ахуй, гэр ахуйн талаар заахаас гадна улс төр, түүх, генетикийн суурь, үүн дотроо яс үндэстнүүдийн тухай хичээл ордог байв. Өдөр бүр биеийн тамирын хичээл 2 удаа орно. 
Хөдөө аж ахуйн хичээлд онц ач холбогдол өгдөг байж - зөвхөн энэ хөдөлмөрийг л немц эмэгтэй хүн хийх хувьтай гэж үздэг. Риторика буюу уран ярьж илтгэх урлаг, биеэ зөв боловсон авч явах, хүүхэд асрах болон хүмүүжүүлэх хичээлүүд бас чухал. Курсыг амжилттай төгсөгчдөд сертификат гардуулснаар "үлгэр жишээ герман эр"-тэй суух эрхтэй болдог. Курс үнэгүй биш л дэ, 135 рейсмаркын төлбөртэй. Гэхдээ зардлаа хурдан нөхөх боломж олон - курсыг төгсөгч "жинхэнэ арий үндэстэн эр"-тэй гэр бүл болвол улсаас 1000 рейсмаркын тэтгэмж 5 жилийн дараа эргэн төлөгдөх нөхцөлтэй олгогддог ба хүүхэд төрөх тоолонд 250 нь хасагдах журамтай. Цэвэр цусны арий үндэстнийхээ тоог нэмэх сонирхол нацист дэглэмд их байсан болохоор ийм арга хэмжээ авдаг байсан нь тодорхой. Мөн ажил хийлгэхгүй, их дээд сургуульд сургахгүй гэдэг нь ч бас үүнтэй холбоотой - бүсгүй хүн гэртээ хүүхэд төрүүлээд л байж байвал зүгээр. Немц гэргийн хүмүүжлийн үндсийг гурван "К" тодорхойлно гэж үздэг байв: kinder, küche ба kirche (хүүхэд, гал зуух ба сүм). 
Хэрэв ажиллаж байсан эмэгтэй нөхөрт гараад сайн дураараа ажлаасаа гарвал улсаас 600 маркын буцалтгүй тусламж ологогдно. 1934 оноос төрөлтийг идэвхтэй дэмжиж эхэлсэн (гэр бүлийн болон хүүхдийн тэтгэмж олгогддог болов). Олон хүүхэдтэй айл эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттэй тарифаар хамрагдна. Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтууд олноороо зохион байгуулагдаж эхлэв. Эх хүн байх, олон хүүхэд төрүүлэхийг засаг нь зогсоо зайгүй магтан дуулж байсан бөгөөд 8 хүүхэд төрүүлсэн бол "Эхийн алтан загалмай" одонгоор шагнагдаж, сард 500 маркын тэтгэмж авах болно. Тухайн үед хамгийн өндөр темпээр хүн ам нь өсч байсан улс Европт Герман байгаа юм. 1934 онд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо нь сая гаруй байсан бол 1939 онд 1,5 болсон байдаг.

1 comment:

  1. Түрүү жил Amazon-ийхон The Man in the High Castle гээд нэг цуврал гаргасан. Плот нь их сонирхолтой юм билээ, Тэнхлэгийн гүрнүүд 2-р дайнд ялаад АНУ-ыг Герман, Япон 2 хуваан захирч буй үйл явдал гардаг. Татаж авчихаад үзэж амжихгүй л байгаад байна.

    ReplyDelete