31 December 2015

Сургамжийн пост

Монголчууд биднийг өнөөдөр юу нэгтгэж байна? Түүх, хэл, улс гурав л байх шиг. За яахав, соёлыг дээрх гурав дээр нэмж болох юм. Харин юугаараа бид салж сарниж байна? Улс төрийн үзэл баримтлал буюу нам, шашин шүтлэгэ буюу лам, орон нутаг буюу дов жалгын үзэл. Бас нэмэх нь: бэл бэнчин, хөрөнгийн хэмжээ г.м. цааш тоочвол урт үргэлжилнэ. 
Хамгийн өргөн дэлгэрснийхээ хувьд шарын шашин тодорхой хариуцлага авч буяны үйл хийж бусдад үлгэр дуурайлал болоосой гэж би дотроо боддог. Буяны үйл гэдэгт уул овоо тахиж, суварга шүтээн босгохыг хэлэхгүй. Орон гэргүй ядруу нэгнийгээ дэмжээсэй, амьдралын замд хальтирч шорон оронд эрх чөлөөгөө хасуулсанд нь ном түгээж сэтгэлийн дэм хайрлаасай, хэцүү гэр бүлд өсч торниж байгаа хүүхдүүдийн сурч боловсрох боломжийг хангах тал дээр анхаарч ажиллаасай, сүм дуганыхаа дэргэд харж халамжлах хүнгүй болсон настай хүмүүсийг асардаг төв нээгээсэй, халамжийн ясли цэцэрлэгт тусламж хандив цуглуулаасай г.м-ийг ойлгож байна. Харамсалтай нь лам болон бөө нар маань хэн тусламж хандив үзүүлэх чадамжтай байна, тэр хэсэгтэй тулж ажиллачихаад, тусламж зайлшгүй хэрэгтэй хэсгийг үнсэнд хаясан шалз шиг орхичихож байгаа юм. Энэ тал дээр христийн нөхдүүд арай өөр арга барилаар ажилладаг болохоор гэр хороололд хүрээгээ тэлээд байгаа юм. Буруу зүйл энд байхгүй, зүгээр нэг шашин хийж болж буй зүйлийг яагаад нөгөөх нь хийж болдоггүй юм, тэр тусмаа нөөц нь байхад гэдэг асуудал л босно. Гэхдээ бурууг шашин юмуу төрд тохно гэж юу байхав, гол буруу өөрсдөд минь бий. 
Монголчууд биднийг гарцаагүй нэгтэж чаддаг ганц зүйл бол дайсан. Маргааш бодит дайсан аюул заналхийлэл учруулдаг л юм бол монголчууд бүгд нэг юм шиг босч чадна гэдэгт итгэдэг. Баталгаатай. Тэрнээс наана энх цагт нэгдэх нь магадлал бага. Үүнийг улстөрчид овжин ашиглаж бидэнд "дайсан" шургуулах гэж янз бүрээр оролддог. Дайсан нь хэнч, эсвэл юуч байж болно: хятадууд, оросууд, америк нөхөд, МАН, АН, Намбарын хүү, хар машин, уул уурхайн компани, босоо Ганбаа, жүдоч Женко г.м. Дайсан эдгээрийн дунд нуугдсан ч байж мэдэх, гэхдээ яагаад ч гол дайсан бол биш. Гол дайсан маань бидний үнэт зүйлээ ойлгохоо байсан явдал юм. 
Амжилттай карьер, хангалттай мөнгө, гадаадад амрах боломж, тансаг машин, сүүлийн загварын утас тэргүүтэй тоног төхөөрөмж - энэ бол өнөөдөр олонхийн маань хүсч тэмүүлж буй зүйлс. Ихэнх маань нэгдүгээрт ийм зорилго зорилт өмнөө тавьсан байна гэсэн үг. Материаллаг эд баялаг гарт баригдаж бие махбодид мэдрэгддэг нь сайхан юм да. Харин мораль бол эвгүй байдалд оруулж, тав тух алдагдуулдаг дутагдалтай. Гэхдээ үнэт зүйлийнхээ байрыг солих нь буруу гэдгийг ойлгох хэрэгтэй. Жийптэй эр, шубтэй эм болох гэж тэмүүлэх нь инээдтэй явдал шүү дэ, найзуудаа. 
Хааяа би боддог юм - над шиг "хөлдүүвтэр" гар зүйл төрлийнхөө хувьд ховордсоор бараг устаж үгүй болж байгаа байх гэж. Ядаж байхад эргэн тойронд маань ихэвчлэн надтайгаа таарсан палентологийн олдвор (уучлаарай анд найз, ахан дүүс маань, хэ-хэ). Гэхдээ хэн нэгнээс хараат бус, өөрийнхөөрөө байгаад нь би эдгээр хүмүүсээр бахархдаг. Эцэг эх, ах дүүс, анд найзууд минь бүгд сайн, эрүүл энх явна. Хэзээд дэргэд маань түшээд авах хүмүүс байгааг мэдрэх шиг сайхан зүйл энэ хорвоод цөөхөн. Бат артай л гэсэн үг. Надад илүү харж билүү долоох шаардлага ч үндсэндээ байхгүй байгаа юм. Хүн аз жаргалтай амьдрахад нь нээх их юм хэрэггүй гэдгийг ойлгох л юм бол тэрбээр жинхэнэ утгаараа аз жаргалтай байж чадна. 
Харамсалтай нь өнөөдөр маркетинг эрчээ авч хүн өөрийн статусыг эд материалаар батлах ёстой гэсэн бичигдээгүй хууль нийгэмд үйлчилж байна. Энэ хуулиар чи байнга ямар нэг зүйлээр дутуу дулимаг байх ёстой болж таарна. Тэр нь мөнгө, эд хөрөнгө, секс, интернэт, өөр юуч байдаг юм, хамаагүй. Сурталчилгаанд маш их мөнгө эргэлддэг. Энэ мөнгө улам их хөрөнгө татах зорилготой ажиллаж байгааг ойлго. Хэн нэгний үс хагтай бол, эсвэл машин нь хуучин загварынх бол тэрбээр автоматаар looser болж харагддаг нийгэм болчихсон нь эмгэнэл. Надад яагаад ч юм тослог толгой, сэг машинтай ч гэлээ сайн хүн зөндөө л таарч байсан. Зогсоо зайгүй баян хангалуун амьдралын жишээгээр бөмбөгдөөд ирэхлээр хүн өөрийн эрхгүй "би 3,14z яаж амьдраад байгаа юм бэ?" гэж бодоод мөнгө хөөдөг. Тэгж бодох хэрэггүй - хүнд нэг хувь бий, худагт нэг ус бий. Өөрийнхөөрөө л бай. Дийлэхгүй өрөнд орж шинэ гар утас, эсвэл машин аваад хэрэггүй. Төлбөрийг нь төлөх гэж морь нохой шиг зүтгэнэ шүү дэ. Дараа нь эргээд харахлаар гэр бүлдээ ч олигтой цаг зав гаргаагүй, эцэг эхээ ч цөөхөн эргэж тойрсон, найз нөхдөөсөө ч холдсон байх вий. Брэнд хувцас, ганган гаджетгүй байлаа гээд хэнч үхэхгүй. Найз Д хэлсэн үг үнэн: "Намайг приус унаад явж байна гээд хэнч машинаас чирж гаргаад зодоогүй л байна" гэж :)
Энэ бүхнийг яах гээд дахин дахин бичээд байгаа юм бэ гэвэл - бидний үнэт зүйл (моральные ценности) өөр болчихоод байна. Одоо нэгд тавигдаад буй материаллаг эд баялаг бол үнэн хэрэг дээрээ хоёр буюу түүнээс хойш эрэмблэгдэх асуудал. Баахан мөнгөн дэвсгэрттэй зураг шэйр хийгээд ч юмуу лайклаад жаргалаа юу? Эсвэл гэнэт баяжих юм уу? Миний бодлоор хүн юуны түрүүнд найз нөхөрлөл, хайр, энэрэнгүй сэтгэлийг үнэлж сурах хэрэгтэй юм шиг. Тэгээд чадлынхаа хэрээр шударга бай. Тус болох боломжтой л бол таних танихгүй нь хамаагүй, хүнд тусалж байх хэрэгтэй. Мэдлэгээ бусдад харамгүй түгээ, авсанд мэдлэгээ чирээд орох нь зөв сонголт биш. Худал хэлж, хулгай хийж болохгүй гэдгийг үр хүүхэддээ хар багаас нь ойлгуул. Уг нь энгийн л зүйлс. 
Эцэст нь: хүн болгон өөрөө өөрийнхөө аз жаргалын эзэн нь байдаг. Ирж буй 2016 он уншигч та бүхэнд үр бүтээл, өндөр амжилт авчирсан жил байна гэдэгт итгэлтэй байна.

2 comments: