15 November 2012

Холимог хуурга

Сангийн яамны гадна дугуйны зогсоол байдгийг саяхан анзаарав.
Хуучин байрны өмнөх талбай тагтааныхаа тоогоор удахүй Гандантай өрсөлдөх байх. Энэ үзүүлэлтээрээ жижиг сүм дугануудыг бол хойноо орхиж. Өдөр болгон уут уутаар нь будаа цацдаг өвгөн эмгэн хоёр mission-оо үргэлжлүүлж буй нь илт.
Хүйтний эрч чангарч байна. Би хагас бүтэн сайнд машинаа байрны гадаа хаячихсан чинь 1 дахийн өглөө асдаггүй. Дарсаар байтал аккумлятор суугаад, хүйтэнд чөмгөө царцаахаа дөхсөн. Яаралтай бажиг авч алсаас асаадаг дохиолол суурилуулж, хучлага худалдаж авав. Хучлагыг хулгайч нар шуудаг болохоор дугуйн доогуур нь хормойг нь оруулж тавьдаг гэсэн. Хулгайч ч гэсэн homo sapiens, тиймээс хутгаар зүслэг хийж дугуйнууд доор нь өөдөс үлдээгээд аваад явдаг түүхийг сонсоод монголчууд алзахгүй ээ, муу юмандаа толгой нь ямар сайн гээч хэмээн бодов. Арилдаггүй маркер юм уу шүршидэг будаг олж дугаараа бичих нь дээр гэсэн. Идэр гурван есөөр өглөө оройдоо хучлагатай ноцолдох нь тийм ч сайхан эд бишдэгээ цус.
Марко Поло rock-paper-scissors-ын хайчийг харуулж байна. Манай хуруудах арга дэргэд нь хамаагүй боловсронгуй. Өөр ямар улс үндэстэн манайх шиг хурууддаг бол? Алаг тэнгэр бас байна - энгийн 2-тын систем: нэг, эсвэл тэг. Олуулаа алаг тэнгэрдэх үед нэгийгээ золигт гаргах шиг амар арга байдаггүй: бужигнаан дунд бусад нөхдөд нүд ирмээд алаг юм уу тэнгэрээ гараараа нууцаар харуулчихна. Бүлэг этгээд үгсэн хуйвалдаж байгаа юм л да нэг ёсондоо. За тэгээд нөгөөдүүл чинь дан тэрийгээ л гаргаад байна, нөгөө нэг азгүй гар болохоор үсрээд 2-3 дахь ородлогоос зоолттой сондгойрно. Ажлынхан шинээр орсон ажилтнуудыг эхэлж азаргалаж морожинд гүйлгэж байгаад дараа нь 1-2 сар ажиллаад тэгш эртэй, шинэков биш болонгуут нь энэ арга залиар дэлгүүр их гүйлгэдэг байж билээ, хэ-хэ. ШБОС-ыг санаачлагч нь бараг би л дэ.
Хайранд мансуурсан аялгуу, Хүний сайхан сэтгэл.
Хоёр ширхэг 200-ийн поошиг-той гар хийцийн чиргүүл. Ямар ч дугаар, таних тэмдэг байхгүй. Бас цацруулагч наачихжээ хөөрхий, хэ-хэ. Сүүлийн үед хөхүүрэнд биш ийм пластмасан торхонд айраг бүлдэг, хадгалдаг болчихоод байгаа. Хөхүүрний айрагны дараа ийм саванд иссэн айраг уухад ялгаа нь илт мэдрэгддэг. Нэг саалийн айраг шүү дэ, 2 айлын, ондоо саалийн биш.
Айраг гэснээс, Булганы Баян-Агтаас хүн айраг өгсөн. Тос нь хөвөөд л, ойрд уугаагүйг ч хэлэх үү янзын байна лэ дэ. Булган Хөвсгөлийнхөн иймэрхүү төрлийн орос пивог сайн хэрэглэх юм.
Манайд замын хөдөлгөөний дүрэм ямар байгааг тод харуулах зураг. Дарь-Эхийн уулзвар. Ерөөсөө өөд өөдөөсөө сөөлжлөөд, урсгал сөрөөд ороод ирчихсэн. Нэг урсгал цааш, нэг нь нааш, дараачинх нь цааш, тэгээд нааш - жинхэнэ холимог хуурга.
Тасганы овоо. Дебил оросууд л ийм сурталчилгаа хийдэг. Өөдгүй нь манайхан тэрийг нь сайхан эд байна гээд өлгөчих юм.
Өөрсдөө ч үзээрийн зүйл зохиохдоо сайн дө бид. Би Skytel-ийн сурталчилгаанууд жилээс жилд муудаж, сүүлдээ үзээрийн болж хувирч буйг хараад харамсдаг.
Хүүхдийн урлан бүтээх төв тасархай гоё биш ч гэлээ боломжийн архитектуртай байшингуудын нэг. Дотор нь би нэг ч удаа орж үзээгүй яваа гэвэл итгэх үү?
Заналхийлэл шиг уриа. Ер нь яам тамгын газар, агентлагуудад цэвэрлэгээ эхэлсэн нь нууц биш. Ажил хийхгүй, хариуцлага алдсан бол амбаардаад гаргах хэрэгтэй, нам харгалзалгүй. Ажилд авахдаа туршлага, чадавхийг нь нэгд тавихгүй улс төрийн үзэл бодлыг нь голчлон үзэж буй нь буруу. Бид ялсан нь ялагдсанаа нясалсаар ирсэн болохоор одоо иймэрхүү үзэгдлийг хэвийн мэт хүлээж авдаг болж дэ.
Хотын өнгө. 2-р сургуулийн өмнөх энэ гудамжийг Ж.Батмөнхийн гэдэг юм билээ.
Бензин сая хэдэн өдөр ховордонгуут бушуухан шиг саваа дүүргэж авсан. Тэгсэн үнэ нь өссөнгүй. Нэмэгдэх нь тодорхой гэж бодож байгаа, шатахуун импортлогчид ямар буяны байгууллага биш. Одоогоор Засаг хүчээр үнийг барьж байх шиг, сонгуулийн дараа л хөдөлгөөнд орох болов уу.
Эх нялхасын төвийн засвар нь дуусаж шинэ чиглэл заагчидаар ханаа чимж. Амбулатори, лавлах, хүлээн авахын 3 хаалга нь нээгдэж хүн оруулахдаа баахан байцаадаг болсон байна лэ. Улавч өмс гэж нэг нөхөр шаардсан боловч өмсөх улавч нь хавь орчимд нь байсангүй. Гараад өмнөх дэлгүүрүүдээс худалдаж ав гэхээр нь би хэлсэн: ийм доромжилсон зүйл байж таарахгүй шүү дэ, үүдэндээ аваад эндээ заралдаа, заавал хэн нэгнийг боож, чирэгдэл учруулах гэж буй мэт байх юм гэж.
Төгсгөлд нь хөгжилтэй баримт. 2007 онд байгууллагад гадны 3-4 зөвлөх ирж ажилласан юм. Өрөө түрээсэлсэн чинь утасны шугам, интернэт байхгүй байв. Тэгэхээр нь би гэрээ хийж MobiNet-ээс Wireless modem-оор интернэт авсан. Нөхдүүд 2 сар ажиллаад буцсан, би гэрээг цуцалж тооцоо дууссан. Тэгсэн хуучин хаягаар ийм мэдүүлгэ ирж байх юм. 5 жилийн дараа 56 мянга нэхэмжилж. Төлбөрийн үлдэгдэлтэй байх үндэслэл байхгүй, нягтлан тухайн үед бүх мөнгийг нь төлсөн, тооцоотой байсан бол интернэтийг нь тэр дор нь хаах байсан нь ойлгомжтой, төлбөрөө урьдчилж авч байсан нөхдүүд шүү дэ. Нөгөө талаас найзууд 100 гаруй мянгаар зарсан төхөөрөмж нь одоо хаана ч ашиглагдах боломжгүй склад-ад хэвтэж л байна. Энэ чинь ариун явдал уу? Би утасдаад хэлсэн: энэ бүтэхгүй зарга байна, баримтуудаа сайн шалгаж үзэл дэ, шүүхэд хандаад ч юу ч өөрчлөгдөхгүй (хөөн хэлэлцэх хугацаа буюу 4 жил өнгөрсөн хойно шүүх авч хэлэлцэхчгүй), шүүх хурал боллоо гэхэд байгууллагын өмнөөс гэрээ хийсэн би төлбөрт унахгүй нь тодорхой гэсэн чинь эргээд холбоо барих болноо гэсэн. Одоогоор чимээгүй л байна. Сэк, шүүхэд уулзах уу? Дундаа Дашка гэдэг ганц өмгөөлөгчтэй?

3 comments:

  1. Чи тэгээд гаражгүй өвөлжих санаа чинь хэвээрээ юу өөрчлөгдсөн үү. Намухай

    ReplyDelete
  2. Бичсэнийхээ дараа уншсан чинь их хачин өгүүлбэр болсон байнаа. сорри

    ReplyDelete
  3. Гаражгүй өвөлжихөөс өөр сонголт алга. Машин өглөө болгон асахгүй мах идээд эхэлбэл өөр арга зам хайх биз.

    ReplyDelete