Би энэ постыг бичих гэж бараг 2 жил болж байна. Байж байж нэг хоёр үг үсэг нэмчихээд л залхуураад орхичихдог юм.
Yahoo messenger-ийнхээ зургийг (аватарыг) хүмүүс янз бүрээр сонгож оруулдаг. Ажиглаж ажиглаж ерөнхийд нь хэдэн бүлэгт хувааж болохыг тогтоолоо. Үүнд:
Зураггүй нууц ноёнтнууд. Залхуурдаг юм уу, зураг оруулдагийг мэддэггүй, эсвэл дүр төрхөө нуухыг эрхэмлэдэг минимализмд дуртай нөхдүүд.
Өөрийн аватарыг бүтээсэн электрон жаалууд буюу Yahoo-гийн аватар угсрагчаар уйгагуй өөрийн төрхийг бүтээгсэд.
Эх орон минь мандан бадраг! Монголын туг, Чингис хаан, гэрэгэ юм уу тамга, соёмбо үсэг, улсын сүлд тэмдэг.
Байгаль дэлхийг хайрлагсад. Уул ус, цэцэг навч, нар сар, хөх тэнгэр, ан амьтан сонгосон улс. Чоно, баавгай, туулай, муур, 12 жилийн бүх амьтан, хос хун. Гэрийн тэжээвэр амьтных нь зураг байх нь элбэг.
Архитектур. Эйфелийн цамхаг, Цагаан хэрэм, Тажмахал, Улаан талбай, Time Square, эрх чөлөөний хөшөө, Биг Бен, манай новшийн Централ тауэр.
Миний нутаг, миний ажил. Моби, Юнител, Өвөрхангай аймаг, Отгонтэнгэр уул. Ажлынхаа юм уу аймаг сумынхаа логог тавигдсан. Эсвэл төрсөн газар, шүтэж явдаг уул усныхаа зургийг нийтлэгсэд. Янз бүрийн ой болж буй бол тэрийгээ нийтлэх нь их: ХХБ-ны 20 жил, Тэнгэр даатгал 10 жил г.м.
Хошин шог. Алиа марзан зураг, эсвэл бичиг тавьсан хүмүүс. Дебилдүү ч гэмээр зүйл их таардаг - инээдтэй гэхээсээ илүү марзан болсон зүйлс гэсэн үг.
Би хөөрхөн. Аль гоё авахуулсан, ёслолын хувцастай, ихэвчлэн баяр ёслолоор даруулсан зурагнуудаа нийтлэгсэд. Шинэ жилээр авахуулсан зурагнууд 12 сарын төгсгөл, 1 сарын эхээр тамтаггүй ихэсдэг.
Юм үзэж нүд тайлсан хүн шүү би. Гадаад дотоодод ажил төрөл, сургалт, зугаалгаар явахдаа авахуулсан зурагнуудаа ээлжлэн тавьдаг нөхөд. Дээрх "архитектур" болон "би хөөрхөн" ангилалтай холилдох нь элбэг байдаг, жишээ нь: шинэ жилээр Токид авахуулсан зураг.
Намайг олоорой. Түмэн олонтой авахуулсан юм уу 2, 3-уулаа авахуулсан зурагнууд. "Би хөөрхөн" ангилалд орчих гэхээр жаахан санаа зовдог юм уу ичдэг юм уу хэн мэдлээ, хүмүүстэй л авахуулсан зурагнууд нийтэлдэг улс.
Үр минь, зулзага минь. Хүүхэд юм хүүхдүүдийнхээ зургийг нийтлэгсэд. Еэ гөөгий, гөөгий.
Чадвал таниарай. Зургаа хар цагаан болгосон, нарийвчлалыг нь бууруулсан, араасаа юм уу хар холоос зургаа авахуулсан нөхдүүд. Өөрийгөө харуулах гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Мань хүн мөн ч юм шиг, биш ч юм шиг.
Спорт. Марадона, Жордан, Өсөхөө, Аса, хөл бөмбөгийн бөмбөг, гольфийн цохиур, уралдааны машин г.м. спорттой холбоотой сэдвээр аватар хийсэн хэрэглэгч нар. Спорт клубуудын лого маш их бий. 5 сард бол Champions League-д тунж үлдсэн багуудын сүлд эрээлжилнэ дэ.
Хүүхэд насанд авчирдаг галт тэрэг. Хүүхэлдэйн киноны баатар, зүрх, барби хүүхэлдэй. Эсвэл өөрийнх нь багын зураг нь. Мөн геймэрүү энд хамаарагдна: есөн шидийн компьютер тоглоомуудтай холбоотой зураг нийтлэгсэд.
Соёл урлаг. Битлз, Леннон, нүцгэн хүүхэн болон гитарын гибрид, Боно, Фреди Меркюри, Цой. Жүжигчид, загвар өмсөгчид ч бий. Хуучны киноны кадрууд байж болно.
Интернэт. Фейсбүүк, твиттерийн лого, лайк ит тэмдэг.
Улс төр, бурхан шашин бүхнээс чухал. Нам төрийн болон шашины улаан фанаатууд: МАН, АН-ын лого, Назаретын Иешуа, Бурхан багш, Жанрайсаг. Нам, ламаа гэж...
Дутуу, орхигдуулсан сэдвүүд мэдээж үлдсэн. Цааш явцын дунд энэхүү постыг баяжуулнаа, хэ-хэ-хэ.
05 December 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment