16 June 2011

Manipulation

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад хүчин зүйлсээр дамжуулж систем хувь хүнээр яаж манипуляци хийдэг тухай сонирхуулъя. 10 пунктыг анхааралтай уншаад улмаар бодоод үзээрэй, хаана иймэрхүү зүйл таарлаа гээд.
1. Анхаарал сарниулах.
Улс төрийн болон эдийн засгийн сонирхол нэг бүлэг бүлгэмүүд тулгамдаж буй чухал асуудлуудаас ард олны анхаарлыг холдуулахыг хичээдэг. Үүний тулд мэдээллийн сул орон зайг хэнд ч хэрэггүй, бага утга учиртай мэдээллээр дүүргэдэг. Ингэснээр эдийн засгийн, психологийн, кибернетикийн г.м. салбарын мэдээллийг иргэддээ хүргэдэггүй. Иргэд байнга өөр юманд сатаарч, улмаар тайван сэтгэн бодож, дүн шинжилгээ хийх ёсгүй.
2. Асуудал үүсгэж шийдэх.
Нийтийн дунд тодорхой тайван бус байдал үүсгэх асуудлыг зохиомлоор бий болгоно. Дараа нь түүнийгээ засч залруулж байна гэж өөрт хэрэгтэй шийдвэрүүдийг гаргана. Энгийн үед иргэд дуруйцах байсан, хямралын үед яалт ч үгүй ийм алхам хийж байна гээд дуугуй өнгөрнө. Жишээ нь: хүчирхийлэл, террор зохион байгуулах. Улмаар иргэдийн эрх чөлөөг хумьсан, хүчний байгууллагуудыг хяналтгүй, эрх мэдэлтэй байлгах хууль тогтоомж батлах. Эсвэл эдийн засгийн хямрал төрүүлээд, бүх нийтийн цомхотгол явуулж ажлын байрнуудыг цөөлөх г.м.
3. Аажмаар нэвтрүүлэх.
Хүмүүс дэмжихгүй шийдвэрийг нэг дор биш алхам алхамаар сунжруулж нэвтрүүлэхийг хэлж байгаа юм. Өдөр өдрөөр, сар сараар, жил жилээр буюу бага багаар ээлж дараалласан шийдвэрүүдийг гаргаж амьдралд нэвтрүүлэх. Гэнэт огцом шийдвэр гаргах нь жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлдэг тул мартагнуулж байгаад мэрдэг.
4. Гүйцэтгэлийг хойшлуулах.
Хүмүүс дургуй байгаа шийдвэрийг "зайлшгүй, гарцаагүй авах ёстой" арга хэмжээ гэж сурталчилаад, яг одоо нэвтрүүлэхгүй, гүйцэтгэл нь ирээдүйд, нөхцөл байдал сайжирвал мэдээж цуцална гэж хуурах. Хүмүүс одоо эрхийг нь шууд боогдуулах шийдвэр биш тул бага эсэргүүцдэг. Мөн гүйцэтгэл амьдралд нэвтрэх хугацаа хүртэл ард түмэн тэртээ тэргүй яригдаж л байсан асуудал гэдэг бодолтой болж амжаад, эвлэрч "бэлтгэгддэг".
5. Ард түмэнтэй хүүхэдтэй мэт харьцах.
Иргэддээ хандаж үг хэлэхдээ төр засгийн удирдлага үгээ зөөж, завсраар нь хүлээж пауз авч, урдаас гөлөрч харах нь элбэг. Маш энгийн хэллэг мөн ашиглана. Үнэндээ хэдий чинээ их зүйлийг улс төрчид нуухыг оролдно, төдий чинээ яриа нь гэм хоргүй, гэнэн хонгор төрхтэй болдог байна. Яагаад? Хэн нэгэнд 12 настай юм шиг хандах юм бол хариу үйлдэл нь дагаад 12 настай хүүхдийнх шиг байдаг. ө.х. шүүмж, өширхөлт бага ирнэ, юмыг гүнзгий бодохгүй орхигдуулна. Шинэ жилийн мэндчилгээгээр хэн юу юу гэж хэлдгийн санахыг энд зөвөлчихье.
6. Эмоцыг хөөрөгдөх
Эмоцдоо хөтлөгдсөнөөр хүн болж буй үйл явдалд үнэн бодит дүн шинжилгээ хийж чаддаггүй. Рациональ анализ хийх чадвар нь унтарчихаж байгаа юм. Мөн эмоцоор дамжуулж нийт олонд хуурамчаар хүсэл зорилго, айдас жихүүдэс, үзэн ядалт г.м.-ийг суулгаж болдог. Тод жишээ: нацизм буюу үндсэрхэг үзлийг дэвэргэгчид.
7. Харанхуй бүдүүлэг байлгах
Өөрсдийг нь удирдаж, манипуляци хийж буйг мэдэгдэхгүй гэж боловсролгүй, эсвэл боловсролын доод түвшинд байлгах. Нийгмийн доод давхаргын болон удирдаж буй элитийн хоорондын боловсролын түвшийн асар их зөрөөтэй байх ёстой. Юу болж буйг мэдэхгүй, ойлгохгүй, үг дуугуй үгэнд ордог манкурт боол болж буй нь энэ.
8. Дундажыг баримтлахыг сурталчилах.
Дундаж байх нь сайн гэсэн бодол толгойд нь хийх. Дээш тэмүүлдэггүй, илүү дутуу зүйл шаарддаггүй, жаахан донгиовтор, мөнгө олж байхад хангалттай гэсэн бодолтой, хүмүүжил боловсролд анхаардаггүй, цэвэр бус орчинг тоодоггүй иргэд илүүдэхгүй шүү дэ.
9. Гэм гэмшил төрүүлэх.
Болж бүтэхгүй байгаа бүхэнд зөвхөн өөрөө л буруутай гэж бодуулах. Ухаан багатай, алсын хараагүй, хичээлт зүтгэл байхгүйн улмаас болж ингэж амьдарч байна гэж хүн гутардаг. Өөрөө өөрийгөө голох, сархаданд толгой мэдүүлэх, юу ч хийхгүй, зорилго зорилгүй болох г.м.-ээр аажмаар хувь хүн (личность) гэдэг зүйлийгээ өөртөө устгаж эхэлнэ. Ийм хүн системийн эсрэг хувьсгал хийж, сөрж босно гэж юу байхав.
10. Өөрсдөөс нь их мэдээллийг өөрсдийнх нь тухай мэдэж байх.
Удирдагчид шинжлэх ухааны шинэ ололт амжилт, шилдэг технологийг биднээс илүү мэддэг. Сонгуулийн үеэд зөндөө зөвлөх, сэтгэл судлаачид гадаадаас авдаг шүү дэ. Биологи, нейробиологи, психологи, физиологи зэргийг сайн гэгч мэдэж байгаа. Тиймээс олон түмнээр манипуляци дураараа хийж байгаа юм шүү дэ.

No comments:

Post a Comment