14 April 2015

Монголын радио

Үндэсний радио надад таалагддаг. Олон жил болсон нэвтрүүлгүүд эхлээд л, ая нь явахлаар дотно гэж жигтэй. Дикторуудынх нь хоолой ч цаанаа өөр.
Гэхдээ радиогийн бүх нэвтрүүлэг сайн гэвэл ташаа болно. Эфирээс хасах, эсвэл утга агуулгыг нь өөрчлөх хэрэгтэй хэдэн нэвтрүүлэг байдаг. Үүнд:
1. Хамгийн түрүүнд аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар хийгдсэн цуврал нэвтрүүлгүүдийг хаах нь зөв. Их засаг сургуулиар юу байна ч билүү нэг нэвтрүүлэг бий. Сонсоод байвал тус сургууль монголд байтугай олон улсад бараг л хамгийн шилдэг нь юм шиг. Хөдөө орон нутгийн иргэдэд ийм ташаа мэдээлэл хүргэж болохгүй шүү дэ. Би ч мэднэ, Ням-Осор ч мэднэ, Их засаг өнөөдөр ямар боловсон хүчин бэлтгэж байгааг. 1-2 удаа яваад өнгөрсөн бол яахав гэхсэн. 7 хоногт дор хаяж 2 удаа цацагдаад байх шиг. Надад (жирийн иргэнд) улс оронтой холбоотой мэдээ мэдээлэл л хэрэгтэй болохоос биш Их засаг сургуульд юу өрнөөд байгаа нь ёстой падлий. Үнэндээ Их засагийн төгсөгч байсан ч тэр нэвтрүүлгээр сонирхолыг нь татах юм яригдах нь юу л бол.
2. Номингийн цаг. 3,14z! Сурталчилгаагаар тархи үндэсний хэмжээнд угаахаа болил доо! Номин холдинг сурталчилгаатай сурталчилгаагүй цааш оршин тогтноно, харин үндэсний радио захиалгат нэвтрүүлгийн төлбөргүй бол хэцүүдчих гээд байдаг юмуу, би ойлгохгүй юм. Номингийн тэмцээн уралдаан, байгууллагын сарын аварга г.м. дотоод мэдээлэл нь хэнд хэрэгтэй юм? Энэ нэвтрүүлгээс сонсогч ганц ч болтугай хэрэгтэй мэдээлэл дуулах уу? Ээ дэ юу л бол.
3. Эрдэнэт үйлдвэрээр юу байна? Өмнөх 2-тойгоо адил захиалгат нэвтрүүлэг. Ялгаа нь яахав улсын ХК юм. Тэглээ гээд түгээж буй мэдээлэл нь яг адилхан - хэнд ч хэрэггүй хог. 
Эдгээр 3 нэвтрүүлгийг эхний ээлжинд эфирээс хасах хэрэгтэй. Хэнч анзаарахгүй, нэхэл дагуул болохгүй. Ганц сонсдог нэвтрүүлгийн маань хаалаа гэж иргэд утасдахгүй л болов уу. Гэрт овоорсон хогоо гаргасан юм шиг л цэвэр болоод явчихна.
4. Мэдээллээ шинэчилдэггүй нэг сайхан нэвтрүүлэг бий - алдсан олдсон малын зар. Аль 1-р сараас хойш Дундговийн Эрдэнэдалайд 23 тооны тэмээ эзэнгүй байгаад байдаг. 3 сар өнгөрсөн - зар яг хэвээрээ уншигдсаар. Машинд радиогоор энэ зар явах тоолонд би боддог юм, хувилбаруудыг нь:
а. эзэн нь тэмээгээ алдсанаа цагдаад мэдэгдээгүй, мөн радио сонсдоггүй нөхөр;
б. эзэн тэмээ нь олдсоныг мэдчихээд "за аюулгүй газар байгаа юм байна, тэгж байгаад авна да" гээд яарахгүй байгаа;
в. эзэн нь аль хэдийн малаа очоод авчихсан, гэвч нэвтрүүлэгт энэ тухай мэдэх ямарч буцах холбоо байхгүй тул нэг зүйлээ тоть шиг давтсаар суугаа;
г. тэдгээр 23 тэмээ үнэндээ тэмээ биш харь гаригийнхан, ха-ха.
Вариант В үнэнд дөхөж очно гэж бодож байна. Саяхан хэд хоногийн өмнө Төв аймгаас 1 сард алдагдсан адуу үхрийн зар явж л байна лэ. 3 сар өнгөрчихөөд байна, олдвол олдох цаг болсон. Нэвтрүүлгийн редактор өөрөө ч мэдэхгүй махаар нь хийсэн хуушуур зооглосон байвал би гайхахгүй. Хуучин зарыг шинэчилж, олдсоныг нь олдсон гээд, олдоогүйг нь хэсэг хугацааны дараа зарлахаа болих хэрэгтэй нөхдөө. Мал байтугай хүн алга болсон үед хэсэг хугацаанд зарлаад больдог шүү дэ. Манайд яахав дэ, мал нь төрийн ивээлд, харин хүн нь мөнх хөх тэнгэрээс өөр ямарч хамгаалалтгүй хойно, хэ-хэ. Эфир бөглөх үүднээс нэг зарыг хэдэн сар явуулахаа боль гэсэн энгийн шаардлага л байгаа юм.
5. Хөгжөөнт шинэ нэвтрүүлгүүд. Би шууд сувгаа сольдог. Чих хумигдаж хулгар болж мэдэх аюул дагуулсан нэвтрүүлэг хийдэг тэр авъяастанг харах юмсан. Найзуудаа, эсвэл та нарын хошин шогийн мэдрэмж хэвийн бус байна, эсвэл би хэт дүнсгэр, юм ойлгодоггүй тэнэгдүү гар болж таарах нь. Би өөрийнхөө тухай арай өөдрөг бодолтой тул нэвтрүүлгээ сонсогчийн байр суурьнаас нэг сонирхоод үзээрэй гэж зөвлөх байна.

1 comment:

  1. г. тэдгээр 23 тэмээ үнэндээ тэмээ биш харь гаригийнхан, ха-ха.


    Хахахахахахаха :))))

    ReplyDelete