03 February 2013

Цагаан сарын бэлтгэл

Аль 1 сараас хойш бага багаар Цагаан сарын бэлтгэлийг базаасаар ирсэн. 1000 гаруй бууз аавын хөлдөөгчинд хөлдөөстэй. Эхний удаа 400, дараа нь 300-г хийлцсэн. Дараа нь дүү нар очиж 300 гаруйг хийлцсэн байсан. Битүүлэгний буузыг ч өчигдөр орой хийж орхисон. Хагас сайнд машин гарч байгаа дээр гадуур дотуур давхисаар нэг мэдхэд л орой болчихсон байх юм. Өчигдөр мөн адил. Тиймээс блог постгүй өнжсөн. Харин өнөөдөр гэртээ өнжих төлөвтэй.
Ууцны мах эвдэж чануулах, айраг худалдаж авах ажил үлдсэн байгаа. Баяр ойртуулж байгаад нэг ухас хийхээс. Бүрхээр дээр л чануулахгүй бол сургууль цэцэрлэгийн гуанзууд усанд чанадаг, тэгээд ялзалж хаячих гээд түгшүүртэй. Бүрхээр гэхээр монгол гэрт л хувиараа чанагсад - тэрийг нь хориглочихсон байдаг. Яахав, барилгын болон ил зогсоолуудын манаач нар нууцаар партизандаж ууц чанаж байх шиг байна лэ.
Өнгөрсөн хагас сайнд циркээр орсон. Битүү хүн. Нарийхан коридорын 2 талаар лангуу засчихаар яаж ч олигтой байх билээ. Цагаан идээний үнэ тэнгэрт хадаж байна. Өрөм - 10, ааруул кг нь 10-15. Жимс ч гэсэн, аньс юу вэ, кг нь 15. Намар жимсэнд явмаар юм байна гэж бодсон. Энэ жилийн онцлог - хөргөдөс сүү бараг алга. Зарж буй цөөхөн хэдэн газар нь аяганд хөлдөөчихсөн хариугүй жижиг юмнууд. Олигтойхон сааль авдаг айл юу болж аяганд сүү хөлдөөх вэ дэ? Яагаад хөдөөнийхөн сүүгээ хөлдөөхөө байсан юм бүү мэд.
Газар шим-ийн дэлгүүрээр орж салат авсан. Яахав зайлуул, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье гэдэг утгаар жил болгон эндээс авдаг л да. Жилээс жилд дэлгүүр нь сарампайрч, үйлчлэгчийнх нь хөмсөг улам зангирсаар. Дараа жилээс больдог ч юм билүү дэ.
Орос чихрийн дэлгүүр бас ороод амжсан.
Постын төгсгөлд хэвийн боовны тухай. Мэйл-ээр ул боовны сурталчилгаа ирдэг болж. Монголын бурхан шашины шинэ төв Их хүрээ хийд-эд ул боовоо захиалбал хаягаар үнэгүй хүргэж өгөх юм байна. Гэхдээ, хэрэв боов таалагдахгүй буцаавал замын зардал 6 мянга төлнө гэдгийн анхааруулж. Хүмүүсийн өргөл барьцын шар тосоор ул боов хийнгүүтээ эргүүлээд зарчих нь муугуй санаа. Тэр тусмаа татвар төлөхгүй, ажлын хүч нь бурханы ном сурахаар ирсэн хүүхдүүд байхад бизнес цэцэглэх биз, хэ-хэ.
Асуудалд нухацтай хандаж буй хүмүүс ч байна.
Энэ тохиолдолд мэргэжлийн хяналтаар ажлын байраа хянуулаад, лабораторид бүтээгдэхүүнийхээ шинжилгээг өгчихсөн байгаа юм. Зөв л дө. Тэгээд ул боов хийгээд Гандангийнх гээд зарж байгаа. Ирсэн мэйлдээ хэвийн боовоо сурталчилаад, дээрх 2 файлыг хавсаргасан байсан юм.
Мань мэт өөрсдөө ул боов хийнэ гэж худлаа. Цагийн дайсан, бүтэхгүй ажил байдаг юм билээ, би үзээгүй биш бас үзсээн, бага байхдаа. Тиймээс худалдаанаас авч таарна. Миний бодол: хатуу, амт нь төдийлөн гоё биш ч гэлээ Өгөөж, Талх чихэр г.м. үйлдвэрийнхийг авсан нь дээр. Албан тоотод заасан БГД-ийн 1 хорооны Энгельсийн 36 тоотод 100м2 талбайд 10 нөхөр хийж буй бүтээгдэхүүн сайн байж болно. Гэхдээ цэвэр бохир усны системд холбогдоогүй байгаа шүү дэ, дээрх хаяг. Гандан ч мөн адил. Тэгээд л сайн бодох хэрэгтэй.

No comments:

Post a Comment