03 December 2012

Холимог хуурга

Өчигдөр Сэк-ийнд очиж хуучин аккумлятораа уясан. Хэдэн өдрийн дараа очиж авна, цэнэглэгдэж л байг. Авч явхад амар байлгах үүднээс хайрцаг гялс халтуурдаж урлав. Ес эхэлсэн хойно гадаа хоносон машин өглөө асахгүй бол энэ аккумляторыг гэрээсээ барьж буух гээд байгаа юм шүү дэ, гол санаа нь. Мөн холбогч маань хавчаар дээрээ салж нийлээд байсан, намайг хайрцагтай зууралдаж байхад Сэк янзалчихсан. Одоо олсоор бүслүүрдэж уяад л зөөврийн аккумлятор бэлэн.
Прогресс байрандаа зогсохгүй байнга урагшилсаар. Сэк одоо балкон дээрээ байрлах цехдээ цахилгаан гагнуур хийдэг болсон. Тун удахгүй, дулаараад ирэхлээр төмрөөр юм урлаж эхэлнэ. Одоогоор мань эр бэлтгэлээ базааж, ойр зуурын зүйл туршилтын журмаар гагнаж байна лэ.
Цагдаагийн академи. Энэ бичгийг хараад Police Academy-г шууд санасан.
Байрны гадаа гараж түрээслүүлнэ гэсэн зарлал хадагдсан байхаар нь залгаж үзэв. Өдрийн 6 гэж байна, бас яахвээ. Гэвч... намайг залгахад эзэн нь аль хэдийн олдчихсон байв. Би хоцроогүй байсан ч гэлээ мөнгөгүйн улмаас түрээслэхгүй байсан л да. Ай миний хаяааааг, Рашаантын 18...
23-т хамт сурч, хөөгдөн туугдан байж мөнгөддөг байсан нөхдүүд энэ уутыг таних байх. Задгай мөнгөний хүүдий байгаа юм, тухайн үедээ түрүүвч л гэсэн үг. Аавынд нэг шургуулганаас олсон юм. Би яг ийм материалтай куртка өмсдөг байсан, тэгээд дотор талд нь нөхөөсний запас хэлбэртэй том даавуу илүү оёгдсоноор нь ийм уут хийж билээ. Ер санаанаас гардаггүй юм, мөнгөдөж байсан үе. Төрийн сүлдтэй мөнгөн тэмдэгтийг төмөр чулуугаар балбалаа гэж багш нар загнаад л.
Тасганы овооны уулзварын Баянбүрдийн талд зөвхөн чигээрээ тэмдэг зоож. Зөв л дө, зүүн гар тийш эргэх гэсэн нөхдүүд байнга захын эгнээг хааж заваараад байдаг юм.
Зөвхөн монгол хүн л машиныхаа загварын нэрийг өөрийн гараар, наадаг үсгээр эвлүүлж урлана. Гол нь загварынх нь нэр ондоо газар бичээтэй байхад дэргэд нь шахуу давхар наагаад л сууж байдаг, сонин шүү.
Өвөл цагт бээлийгээ машинд хурдан дулаацуулах арга. Карманаасаа бал гаргаж ирээд сэнсэнд зоож орхино.
Улмаар бээлийгээ баландаа тохоод сэнсээ халуунаар үлээлгэчихнэ дэ.
Нэгэн Их сургууль дээр хурал эхлэхийн өмнөхөн алдаатай бичиг ханыг нь чимэв.
Төд удалгүй хэн нэгэн нь анзаарсан бололтой, алдаагаа гялс залруулчихав. Гэвч анхаарлын тэмдгийг өгүүлбэрийн төгсгөлд тавьсангүй.
Төгсгөлд нь сайн мэдээ. Би зүрхээ үзүүлж, бичлэг хийлгэсэн. Хороололд, манай хуучин гэрийн ойролцоо Бумаа санаа хэмээх хошин гэмээр нэртэй жижиг эмнэлэг баригдсан юм. Тэгсэн 3-р эмнэлгийн зүрхний эмч Цэгээнжав гуай тэнд үзлэг хийдэг юм байна.
Ямартаа ч ойрмогхон зүрхээр бол явахгүй нь тодорхой болох шиг боллоо. Хоёрдогч шалтгаанаар өвдөж байна. Үүнд ядаргаа, стресс, хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, эрүүл бус хооллолт, архи тамхины хэрэглээ г.м. олон зүйл нөлөөлж болдог гэнэ. Зүрхний баруун тал ялихгүй томорч, гэвч айхаар зүйл байхгүй гээд хүчтэй биш эм бичиж өгөв. Мөн амьдралын хэв маягаа өөрчил, идэвхитэй, хөдөлгөөнтэй бай гэж зөвлөсөн.

No comments:

Post a Comment