14 January 2017

2016.11.01. Үдшийн зугаалга

Их хэмжээний фото хуримтлагдаад байдаг. Ялгаж салгаж, шилж сонгож амждаггүй. Амждаггүй ч гэж дэ, цэвэр залхуурал л да үнэн хэрэг дээр. Аль нодинон, уржнан жилийн аяллын зурагнууд ч их дутуу нийтлэгдсэн. Брисбэний зурагнууд сүүлрүүгээ замбараагаа алдсан, осолдохгүй огноо болон хаана авахуулсанаар нь хавтас нээгээд хуулж байгаа. Яахав, зугуухан нийтлээд байвал тэтгэвэрт гартал хүрэх ч юм билүү, хэ-хэ.

Хотын захиргаа үнэгүй усан онгоц жуулчидад зориулж явуулдаг юм (CityHopper). Holman Street-ээс суувал зүгээр, суудалтай, очергүй. Eagle Street зэрэг газраас хүмүүс их суудаг болохоор дээд тавцан дээр суудал олдохгүй, эсвэл дараалалд хүлээх нигууртай. Holmat Street дээр ядаж л машины зогсоол асуудалгүй.
CityHopper-ээс гадна CityFerry гэж бий. Тэр нь нийтийн тээвэр, тиймээс төлбөртэй. Ялгахад амархан: цэнхэр өнгөтэй том усан онгоц бол үнэтэй, хурдан явдаг нийтийн тээвэр нь. Харин улаан өнгөтэй, жижиг, хурд багатай усан онгоц - үнэгүй нь. Мэдээллийн самбар дээр эдгээр усан онгоцуудын маршрутыг харуулж (хаа хамаагүй өнгө ашиглахгүй улаан цэнхэрээр харгалзах замыг нь зааж):
Голын нэг эрэг дээр гэртэй, нөгөө эрэг дээр ажилтай хүн машинаар гүүр хүртэл тойрч давхих шаардлага байхгүй. Автобус, галт тэргэнд ч мөнгө төлөх хэрэггүй. Гэр, ажил нь хотын төвд бол үнэгүй усан онгоцоор туугаад байж болно. 
Бүгд нарийн цагийн хуваарьтай (зүүн дээд буланд CityFerry болон CityHopper-ийн лого гарч):
Зогсоолууд нь тухтай, суух сандалтай, уух устай, гэрэлтүүлгэ сайн, ихэвчлэн цэвэрхэн. Энд нийтийн эзэмшлийн газрууд ер нь арчилгаа сайтай байдаг.
Гэхдээ бас өрөөсөн гутал хэвтэж байх тохиолдол бий л дэ.
Эргэн тойрноо харсан чинь нөгөө өрөөсөн нь бас олдсон. Just do it!
Шөнө хотын төв бас л гоё шүү.
Зогсоолууд ар араасаа хөвөрнө, эргийн дагуух барилга байгууламж ч солигдно. Усан онгоцны ахмад (угаасаа ганц л хүн байдаг) камераар зорчигчдыг хянаж байдаг. Дээд давхарт босч зогсох хориотой, ахмад чанга яригчаар "найзаа, дэлчигнэлгүй суучихгүй юу" гэнэ.
Тойрог хийж буучихаад машинруу алхах замд нэг тэмдэг дээр харц тогтов. Анзаарагдаж байна уу?
Яг улаан нүүрэн дээр нь боолтыг нь тааруулсан байгаа юм. Тэмдэг тогтоосон ажилтан надархуу гар байж. Гэхдээ... би байсан бол тэмдгийг сөөм дээшлуулж боосон ч байж мэдэх.

1 comment:

  1. Хаха, хамгийн сүүлийнх бол албаар харанхуйд мөргүүлж хашраадаг юм байна л даа. Зурагнууд сайхан болж.

    ReplyDelete