12 January 2017

Тайлан бичих

Ямарваа нэг ажлыг хошного болгохыг хүсэж байвал дэлгэрэнгүй тайлан бичихийг шаардна уу. Ажил хийж буй хүнээр гүйцэтгэсэн ажлынх нь тайланг байнга бичүүл. Эхэлж тайлан нь товч тодорхой, илүү дутуу зүйлгүй байна. Учир нь ажилтан эхэндээ үр дүнд чиглэсэн, ажилдаа төвлөрсөн байдаг юм. Тэгээд удахгүй тайлангийн хэмжээ томсож, уран цэцэн үг хэллэг, лут лут нэр томъёонууд бичигдэж эхэлдэг. Гэвч хэдий чинээ тайлан гоё байна, төдий чинээ ажил нь амьдрал дээр муу байж таардаг. Логик талаас нь авч үзвэл зүй тогтол нь ойлгомжтой юм л да. Хүн өөрийнх нь ажил гарсан үр дүнгээр биш тайлангаар дүгнэгдэхийг ойлгоод анхаарлаа чухал хэсэгт хандуулж буй юм. За тэгээд цаашлаад ажил үндсэндээ тайланд тохируулагдаж хийгддэг болно. Харин ашигт үйлийн коэфицент бол тасралтгүй буурна.
Удирдлахуйн ухааны доройтлын хамгийн сүүлчийн шат нь дэлгэрэнгүй тайлагналт юм. Тайлан бичих нь асар их хугацаа, оюун ухааны чадавхийг үрэн таран хийх боловч үндсэндээ утга учир багатай ажил. Байнга тайлан бичдэг албан тушаалтан энэ ажлаасаа таашаал авч аз жаргалаар гийхийг би лав хараагүй. Хамгийн завхарсан нь - бичигдсэн тайлаанг нь хэнч уншдаггүй л байхгүй юу. Гүйлгэж харвал их юм. "Тэгвэл тайлан бичиж яах юм?" гэсэн асуулт өөрийн эрхгүй ургаж гарна. Ихэнх тохиолдолд хариулт нь "Тайлан бичүүлэхгүй бол ямарч хараа хяналтгүй, замбараагүй байдал үүсдэг юм" байдаг.
Ажлыг алъя л гэвэл тайлан бичүүл. Сар бүр, дэлгэрэнгүй. Ажил унтрахгүй үргэлжлээд байна уу? Долоо хоног бүр тайлагнахыг шаард. Бүр болохгүй бол өдөр болгон авсан ч яадаг юм. Бүгд тайлан бичдэг. Мянга мянган тонн цаас, хэдэн зуун центнер принтерийн хор, сая сая ажлын цаг тайлан бичих ажилд зориулагддаг. Тэгээд хэнч түүнийг нь ашигладаггүй. Бас нэг аймшиг гэвэл тайланг нэвтрүүлэхэд амархан, харин халахад хүндрэлтэй байдаг юм.

Хүн өөрөө өөрийнхөө ажлыг дүгнэнэ гэдэг нь өөрөө буруу байхгүй юу.

No comments:

Post a Comment