25 February 2012

Нөхөр ноёдоо

Танихгүй хүнд хүндэтгэлтэй хандах үг манай монгол хэлэнд хомс. Эрт дээр үед байсан байж мэднэ, гэхдээ одоо бол сэргэхээргүйгээр мартагдаж баларсан.
Хувьсгалаас хойш бид нэг нэгнийгээ эр эм хамаагүй "нөхөр" гэж хандсаар 70 жилийн нүүрийг үзсэн улс.
Тэр нь социализмтайгаа цуг жогорхой болоод удаж байна. Одоо үед хааяа нэг настай хүнээс: "Чи яасан задарсан тархитай нөхөр вэ?!" гэхийг л дуулвал дуулах байх.
Хувьсгалаас өмнө харц ард цөм нэг нэгийгээ чи-йлэх юм уу нэр усаар нь дууддаг байв. Хоч гэмээр тодотголууд өргөн ашиглагдаж байсан нь үнэн: Итгэлт баян, цахиур Төмөр, шувуу Цэвээн г.м.
Цол хэргэмтэй хүнд хандахад арай амар байв. Ноён, гүн, тайж, унзад, хамба г.м. цол хэргэмийг нь ашиглачихна. Мөн нас сүүдэр өндөр хүн бол авхай, гуай нэрнийх нь ард залгачихна.
Бусад улс орнуудын хувьд:
сударь, герр, мистер, сэр, месье, сеньор байдаг бол манайд сүүлийн үед гарч ирсэн "ноёд хадагтай нараа"-гаас өөр зүйл байхгүй. Энэ нь зөвхөн хүндэтгэл ёслолын арга хэмжээн дээр дуулдахаас бус өдөр тутмын амьдралд хэзээ ч хэрэглэгддэггүй.
"Ноёнтоон, цаг хэлж өгөхгүй юу", "Эрхэмээ, машинаа холдуулаад өгөөч" гэхгүй нь тодорхой. Оронд нь: "Хөөе! Цаг хэд болж байна?", "Чи тэргээ зайлуулалдаа!" гэнэ.
Тиймээс бид нэг нэгэндээ хүндэтгэлтэйгээр хандах үндэс алга. Хэлэнд нь үг нь байхгүй байхад яах юм?

1 comment:

  1. За, эрхэм абугай таны бодолтой өөрийн бодлоо уралдуулму! :-)

    Монгол хэлэнд өдийд ч хэрэглэгддэг хүндэтгэлийн үг байнаа байна. Жишээ нь та танихгүй настай хүмүүст хандахдаа "ах", "эгч" буюу цаашилбал "өвөө", "эмээ" гэдэггүй юу? Энэ маяг азийн хэлүүдэд түгээмэл байдаг шиг санагддаг. Японоор тэр-күн, тэр-сама гээд байдагтай адилтгаж болмоор ч юм шиг.

    Үгүй гэхэд "та"-тайгаа байх аа? ;-) "Танд цаг байна уу?", "Та тэрэгээ холдуулаад өгөөч" гэж ярьж болно.

    ReplyDelete