04 November 2011

Боловсролын талаар

Бид болон ахлах үе маань ЗХУ-ын боловсролын системийн хуулбараар сурган хүмүүжигдсэн улс. Энэ тохиолдолд зоос 2 талтай гэдэг шиг сайн ч зүйл бий, муу тал ч байх нь байгаа.
"Союз нерушимый республик свободных" хэдэн чиглэлээр капиталист ертөнцтэй өрсөлдөж ирсэн. Үүнд: мэдээж нэгдүгээрт зэвсэглэл орно, улмаар атомын энергетик, сансар судлал, онгоц үйлдвэрлэл г.м. үргэлжилнэ дэ. Түүнчлэг урлаг соёлын талд хүчтэй байсан үе. Балет, кинематограф зэрэг нь сайн байсан цаг бий. СССР-д дэлхийн нийт эрдэмтэдийн 1/4 ажиллаж амьдарч байсан гэдэг. Гэсэн хэдий ч хуучин соц. сурган хүмүүжүүлэх ухааныг хэт магтаж болохгүй. Энэ сургалтын систем "дундаж"-чуудад зориулагдсан гол дутагдалтай. Зарим үед ойлгомжтой энгийн сэдвүүдийг удаан үзэж давтах тохиолдлууд байсан уу? Байсан. Энэ нь хурц, авъяаслаг хүүхдүүдийг залхаахад хүргэдэг. Улмаар тийм хүүхдүүд бүдгэрч, сурах сонирхол нь унтардаг. Боловсролын систем нийтлэг саарал масс л үйлдвэрлэдэг машин гэсэн үг. Энд багшаас их зүйл шалтгаалдаг. Чадалтай багш гайхамшиг бүтээх нь бий. Гэхдээ тийм багш мэдээж өдрийн од шиг цөөн. Та нар тэсэн ядан хүлээж хүлээж хичээлд нь дуртай гэгч суудаг байсан багшийг санах гээд оролдоод үз. Хоёр уу? Гурав уу? Тийм бол өөрт чинь аз дайрч. Багш нар цээжилсэн шахуу конспектоор хичээлээ шаблоны дагуу заадаг, дагаад түүнийг нь сонссон сурагчид стандарт сэтгэлгээтэй, заавар журманд захирагддаг робот болдог. "Толгойгоо мартаат ирэхгүй яагаав?", "Чимээгүй суу!", "Хонх дугарсан ч гэсэн сууна шүү!", "Бүгд үхвэл чи дагаад үхэх үү?", "Чи миний оронд хичээл заах юм уу?!" г.м. хэллэгүүдийг цөм сонсож өссөн.
Энэ уйтгартай үзэгдэл их сургуульд ч гэсэн ихэнх тохиолдолд үргэлжилдэг. Биднийг төгсөх үед хувийн сургуулиуд олноор нээгдэж, хэн дуртай нь элсэж байв. Улс тэр аяараа дээд боловсролтой иргэдтэй болох зорилго тавьсан мэт үзэгдэл болж байсан, одоо ч үргэлжилсээр байх шиг байна. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байгааг анхаарах хэрэгтэй. Одоо болон үүнээс цааш өсвөр насныхан ангийнхаа хүүхдүүдтэй биш хэдэн сая энэтхэг, хятад, орос, америк үе тэнгийнхэнтэйгээ өрсөлднө. Хөгжингүй улс орнуудад хөгжилтэй нь үйлдвэрээ байгуулдаг цаг өнгөрсөн. Уг нь гоё схем л дэ. Та нар гараараа ажилла, харин бид толгойгоороо ажиллана. Хөдөлмөрийн хөлс хямд, өөрийн улсын экологи бохирдохгүй г.м. давуу тал олон. Хөгжингүй гэгдэж байсан улсууд нь одоо хөгжилтэйгээ хөлдөө чирчих гээд байна шүү дэ. Иймд боловсролын системд маш анхаарал болгоомжтой хандахгүй бол хэцүү л зүйл болно до.

No comments:

Post a Comment