Tuesday, September 6, 2016

Нийгэмлэгүүд

Дэлхийд хоёр эрс тэс төрлийн хөдөлгөөн өрнөж байна.
Нэг талаас - нэгдэл. Маш олон хүн өөрийгөө бусдаас арьс өнгө, хэл, шашин шүтлэг, үндэстэн ястан г.м. шинж чанараар ялгаж тусгаарлахаа байсан. Өөрийгөө хүн төрлөхтний нэгээхэн хэсэг, эх дэлхий бид бүгдийн гэр орон гэж үздэг болсон. Ийм хүмүүсийн хувьд төрсөн газар, хамрын хэлбэр, хэл ярианы акцент чухал биш. Ухаан мэдлэг, мэргэжлийн чадавхи, найдвартай байдал зэрэг шинж чанарууд л хүнийг дүгнэх шалгуурууд юм. 
Нөгөө талаас - хагарал бутрал явагдаж байгаа. Бутрал ч гэж дэ бүлэглэл гэх нь зөв байх. Өнөөдөр ашиг сонирхлоороо нэгдсэн бүлгүүдийн тоо маш олон болсон. Уг нь энэ бол гайхамшигтай процесс. Зөв нийгэмд хүн өөртэйгөө адилхан сонирхолтой хүмүүстэй нэгдэж санал бодол, мэдээллээ хуваалцах боломж нээлттэй байх ёстой. Сонирхол нь юу ч байж болно: робот зохиох, аялал зугаалга, марк цуглуулга, офф-роуд машин тэрэг, муур нохой, хоол унд, хойд туйлд банан ургуулах зорилго г.м. Ийм нийгэмлэгүүдийн тоо цаашид байнга өснө. Гэхдээ бүлгэм, нийгэмлэг болгон сайн байх албагүй. Муу нөхдийг таних гол гурван шинж бол:
1. Хүмүүсийн амьдралыг баллах - зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины болон хүний наймаа, терроризм, шашны секта г.м.
2. Шимэгчдэх - өөрсдөө оршин тогтнох материаллаг баазаа бий болгох хүсэлгүй, эсвэл боломжгүй болохоор төсөвт шимэгч шиг наалддаг нийгэмлэгүүд. Тухайлбал: мэргэжлийн болон спортын холбоод, шашины төлөөлөл г.м.
3. Бусдыг буруутгах - зөвхөн өөрсдийн зөв гэж үздэг бүлэглэлүүд: фанатууд, наци нар, шашины хэт даврагсад г.м.
Нарийндаа ямарч шашинд өөр нэг бүлэглэлээс (жишээ нь зоос цуглуулагч нараас) илүү юм байхгүй. Адил тэгш эрхтэй энэ хоёр. Зоос цуглуулагчид марк цуглуулагчдыг буруу юм цуглуулж байна гээд галд шатааж алж хяддаггүй, төр засгаас татварын хөнгөлөлт нэхдэггүй, газар шаардаж барилга байгууламж босгодоггүй.
Сайн нийгэмлэг нь сайн дурын үндсэн дээр бий болсон, бие даасан, хэнд ч хор хөнөөл учруулдаггүй, ямарч давуу эрх хөнгөлөлт шаарддаггүй гэдгийг санаж байх нь чухал.

No comments:

Post a Comment