10 September 2016

Холимог хуурга

Холимог хуурга бэлэн болов. Бүр өвлийн зураг ч дунд нь явж байна.
Брисбэн маркет нэртэй эндхий жимс ногооны захаар орж үзэв. Бөөний худалдааны газар, манайхаар бол Барс гэсэн үг. Өглөө 10-12 цагийн хооронд ажилладаг, 2 цаг бужигналдаад дуусдаг юм байна. Мөн 7 хоногийн хоёрхон өдөр нь л ажилладаг гэсэн. Монголчууд 2-3 айлаараа нийлж эндээс жимс ногоогоо цуглуулбал супермаркетаас авснаас хавьгүй хямд тусдаг гэхээр нь цуг орсон юм. Зураг дээр мөсөнд хадгалаастай броколи (үнэ шууд шохойгоор газар бичигднэ):
Хэдийгээр бөөний зах ч гэлээ 1-2 долларын бараа ч байв. Жишээ нь ганц доллараар жижиг уут редиск авч болох нь.
Сонгуулийн үеийн зураг. Валерий Леонтьев.
Катюща. Дууны нэр алдаагүй бичсэн караокед одоогоор орж үзээгүй л явна.
Асуудлыг шийдэж л байвал өнгө үзэмж, аюулгүй байдал, орчин тойрныг бохирдуулах тал дээр огт санаа зовдоггүй улс олон. Наад захын жишээ: гүйдэг хаалга гацаад байна уу? Моторын ашигласан тос асгахад хэдэн өдөртөө гулсаад л байна.
Эвсэл энэ. Өргөстэй тор ашиглахгүй бол болохгүй ээ? Зүгээр автомашины хаалтыг хашаатай бэхлэхэд өргөст торын хэрэг юунд вэ гэдэг их сонин.
G-mobile-ын амбасын үеийн утас газрын гаваас гарч ирсэн. Нэг хэсэг төсвийн байгууллагуудад хүчээр шахаж байсан да, тэр үеийн л эд байх. G-mobile хүчиндэж баахар хэрэглэгчтэй болсон ч гэлээ маркетинг буруу явуулсных уу, үйлчилгээ нь муу байсных уу, тэдгээрийгээ алдаад дууссан юм шиг санагддаг.
Өвлийн хоёр зураг. Цаана харагдаж буй барилга - тээврийн прокурор. Гранд плазагийн урд гэсэн үг. Нэг приусээс энэ найз гүйж гарч ирээд контейнерлүү шээчих юм, гэгээн цагаан өдөр, хөл хөдөлгөөн дунд.
Хэдхэн метрийн наана болохоор 10 жилийн гэмээр охидууд тоглоомын талбай дээр тамхилаастай.
Бичиг бичээс, хаяг самбар. Гурван яамны хойхно орос үг латин үсгээр:
Хаана авсан зураг юм бол, мартаж.
Соёлын төв өргөө дахь соёлгүй бичээс.
Мөн л СТӨ-д авсан зураг. Галын крант онгорхой байх ёстой гэж боддог байсан, эндүүрэл байж. Ер нь СТӨ-гийн байр хүнд газар, орохлоор яг 90-ээд оны өлмөн зэлмүүн цагт очсон мэт мэдрэмж төрдөг юм.
Бас нэг галын крант (11-р хороолол).
SOS Medica эмнэлэг харин галын аюулгүй байдлыг хангах асуудлыг хялбар шийдэж.
6-р сургуулийн коридорт. Яам.
6-р дунд сургуулийг ийм олон төрлийн гүнзгийрүүлсэн сургалттай гэж мэдээгүй явсан.
Гоё гарчиг, яг нүдийг нь олоод хэлчихэж.
Харшил-2016 гэж нэрлэж болох зураг. 2 дусал явуулж байж босч ирдэг уламжлал тогтчих шиг боллоо.
Зогсоолын талаар. Машинаа бараг орцруу оруулаад тавьчихдаг нөхдүүдийг яалтай. Гараад ирнэ - эгц урдаас хашлага даваад ороод ирсэн машины нүүр.
Уулзвар дээр хашлага тал давуулж тэргээ орхичихоод (хөдөлгөөнд саад учруулж буйдаа огт санаа зоволгүй) яваад өгдөг нөхдүүд бас байна.
Зогсоол хүрэлцэхгүй байхад зогсоол өмчлөх асуудлыг таслан зогсоох хэрэгтэй байна. Түрүүлж ирсэн нь машинаа тавина. Даргын зогсоол ч гэх шиг, газрыг нь тэр өмчилсөн үү, эсвэл эзэмших гэрчилгээтэй юм уу? Нийтийн зам талбай нийтийн л байг. Төлбөртэй байна уу - хамаагүй, төлбөртэй байж болно, гол нь бүгдэд ижил боломж олго.
Нэг хувиа хичээгч нь тамга бэлдээд орцны хана бузарлав. Өөр нэг бүр мулгуу нь утасны дугаарыг нь арилгах гэж үзүүртэй зүйлээр хана цохиод цохиод явчихсан байгаа юм. Бүтэн орцыг, айл болгоны хаалганы хажууд. Homo sapiens гэж ийм хүмүүсийг яагаад ч нэрлэх боломжгүй.
Найзын дугуй ажлын газрынхаа гадаа. Эмээлээ хулгайд алдаад байдаг болохоор тайлж аваад ордог байна.
ШУТИС-ийн магистрантур, докторантурт суралцагсад хэлний шалгалт заавал өгдөг юм билээ. Найдвартай нь дээр гээд англи биш орос хэлийг өнгөрсөн хавар сонгосон. Шалгалтын өмнөх өдөр (5 дахь байсаан ядаж байхад) найзуудтай уулзаад, юуч билээ тэмдэглээд, улмаар өглөө нь бүрсгэрдүү амьтан шалгалтандаа очсон. Тестээ хийж дуусчихаад "За ямартаа ч 90-ээс дээш бол авсан" гэсэн итгэлтэй байв. Дүн гарсан - 100. "Мастерство не пропьеш" гэдэг үг санаанд буув.

No comments:

Post a Comment