18 April 2011

Үл үзэгдэгч үнэлэмжүүд

Эд зүйлсийн үнэлэмжинд нөлөөлдөг үз үзэгдэгч хүчин зүйлс их бий. Бүх зүйл ид шид, далдын хүчнээс эхэлсэн биз. Тахилгатай мод, хайрхан уул, бөөгийн эд хэрэгсэл г.м. Дараа нь "түүхтэй" материалууд үнэлэгдэж эхэлсэн. Ив ижил 2 бөгж байлаа гэхэд ерөнхийлөгч зүүж байсан нь илүү үнэтэй байх нь ойлгомжтой. Мөн уран гартнуудын бүтээл сайн үнэлэгддэг. Барималчин, зэр зэвсэг үйлдвэрлэгч, дархан, мужаан г.м. Шашины урсгалууд хажуугаар нь зохион бүтээх ур ухаанаа уралдуулсаар ирснийг онцлох нь зөв. Есөн шидийн бурхадын дүр төрхүүд, барималууд г.м. Сүсэгтэн олон очиж мөргөл үйлддэг янз бүрийн зүйлс тийм их үнэтэй юу? Бодоод үзээрэй.
Дараа нь "оригинал" гэдэг ойлголт гарч ирсэн. Европт зураачид өөрийн болон өрөөлийн уран бүтээлийг хэд дахин ч хамаагүй дуурайлган зурдаг байсан юм шүү дэ. Үнэ нь хэмжээ, материалаас л хамаардаг. Төд удалгүй анх зурагдсан уран бүтээл хожуу зурагдсан яг ижил бүтээгдэхүүнээс илүү үнэлэгдэж эхэлсэн. Үнэндээ 2, 3, 4 дахь бүтээл эхнийхээс заавал муу байх албагүй шүү дэ. Зураачийн авьяас эхний бүтээл дээр л тодорч гарч ирдэг гэсэн ташаа ойлголт хүмүүсийн тархинд бат сууж. Мөн цор ганц зүйлс илүү үнэ хүрдэг болж эхэлсэн. Бас л эндүүрэл. Бүх зүйл энэ хорвоод дахин давтагдашгүй, цор ганц шүү дэ. Одоо Луврт өлгөөтэй байгаа Мона Лиза оригинал гэж бодож байна уу? Биш байлаа гэхэд юу өөрчлөгдөх юм? Хамгийн сүүлд тархи угааж буй зүйл - бренд. "Домогт" брендийг хүн багагүй зоос төлж худалдан авснаар сэтгэл санааны таашаал авдаг. Гэвч үнэндээ энэ нь чанарын баталгаа болж чадахгүй шүү дэ. Яг тэр үйлдвэр дээр адил материалаар, ижил технологиор бүтээгдсэн зүйл хямд байхыг үгүйсгэхгүй. Үл үзэгдэгч үнэлэмжүүд цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдсээр...

1 comment:

  1. hehe tiim shuu,,,yag adilhan hoyor zuragnaas hoyor uur taashaal avah uu? daa te

    ReplyDelete