2011 оны 4-р сарын 3-ны өдөр. Ерөө сумаар орчихоод Хүдэрлүү хөдлөв. Сэлэнгэ аймгийн алслагдсан сумуудын нэг бөгөөд зам муутай юм. Шар усны үер буугаад битүү шавар шавхай.
Сумын самбар урд болон араасаа. Харгалзан: эхний кадрыг очихдоо, дараахыг нь явахдаа дарсан. Бичиглэл үндсэндээ ижил. Ялгаа нь: явж ирэв үү, яваарай.
Зуны дэлгэр цагт байгаль нь янзын байдаг нутаг бололтой. Ой мод, уул ус, гол горхи элбэг. Бид ямар цаг сонгох биш, хаврын хавсарга дундуур очиж таарсан. Замд шаварт суусан мод тээвэрлэгч ачааны машинууд таарлаа. Ачаа нь нурж. Урд өдрийн үүрээр 4 цагт сумаас хөдөлсөн тэрэгнүүд гэнэ.Төд удалгүй сумын төв харагдлаа. Гэвч зам нь тойрсоор 2 цаг зарцуулж байж хүрсэн. Замд бас цас, шаварт суусан 2 портер, 1 экселийн хажуугаар зөрсөн. Эксел сайн явсан байна лэ. Шавраас айж уул хяралж яваад цасанд шигдэж хөөрхий. Гүүрний дэргэд байгаль хамгаалах уриатай, овоо гандсан самбар харагдлаа.
Их удаж дэ энэ самбар гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн сумын төвд бүр аюултай самбар тааралдав. Шуудан банк энд үйл ажиллагаагаа зогсоосон боловч самбар нь хариуцах эзэнгүй бууриа сахиад үлдсэн нь энэ.
Хүдэр сумын төвд амьдрал өөрийн өвөрмөц урсгалаар явагдаж байна. Хэн ч юунд ч хэр барагтаа яарахгүй. Аливаа асуудлыг урсгалаар нь, хамгийн хялбар аргаар шийдсэн шиг. Засаж сайжруулахыг энд төдийлөн боддоггүй бололтой.
Мөн шар усны үерээс болж цооногууд нь усаар дүүрээд халаалт нь зогсож.Газар чийгтэй байхад шонгоос цахилгааны утас байшинруу газраар татчихсан, пускатель нь улаан зам дээр, бараг шалбааганд байх юм.
Ус агуулах сав нь цоорсон, доош багагүй хэмжээгээр урсаж байхыг харав. Өнгөлгөөний төмөр листүүд ховхороод унасан нь хэний ч санааг зовоохгүй.
Цагдаагийн сумын төлөөлөгчийн ажлын байр.Энэ залуу төлөөлөгч эсэхийг хэлж мэдэхгүй, буцах замд гүүрэн дээр тааралдсан. Хөдөө хэн ямар хувцас өмсөх нь хэнд ч хамаагүй бололтой. Уг нь хүчний байгууллагын албан хаагчид толгойны өмсгөл буюу малгайгүй явахыг хориглодог байсан үе саяхан. Одоо цагт десант өмд байхад малгайгаар яах ч билээ.Өөр сонин содон зүйл энд харагдсангүй. Хаашаа л харна шавар шалбааг.Гэсэн хэдий ч бид сансарт хүнээ хөөргөсөн ард түмэн шүү!Яахав, мэдээж гадны туслалцаа байсныг үгүйсгэхгүй.
17 April 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment