Үхсэн хүнээ яах вэ? гэсэн асуудал хүн төрлөхтний өмнө байнга байсан. Шатааж, булж, завинд хийж голд урсгал дагуу илгээж, пирамид босгож, мавзолей барьж, шувуу нохойнд идүүлж, бөөнөөр нь оршуулж дээр нь хөшөө суварга босгож ирсэн хэдий ч асуудал бүрэн шийдэгдсэн үү гэвэл үгүй.
Европ тивд эхэлж нас барагсадаа хотын гадна оршуулдаг байсан боловч дундад зууны үед христийн шашин нөлөөллийн дээд цэгт хүрч ард иргэд "Хоёр дахь айлчлал"-д үнэн сэтгэлээсээ итгэж байсны хувьд шууд хотдоо, сүм хийддээ үхэгсэдээ оршуулж эхэлсэн. XIV зуун гэхэд Францын томоохон хотуудын төвд оршуулагдсан хүний тоо нь хотын амьд иргэдийн тооноос хэдэн арав дахин их болсон байв. Ахан дүүсийн оршуулга буюу бөөнөөр нь оршуулж 10 кв. метр талбайд 1500 цогсоц хэдэн давхаргаар шингээж эхэлсэн. Хавь орчмын оршин суугчид нь хотын захиргаанд байнга гомдол мэдүүлдэг болж. Арга ч үгүй л дэ. Хүүрийн үнэр хувцас, тавилга, тэр ч байтугай хоол хүнсэнд хүртэл нэвчиж байхад.
Бас нэг жишээ: еврей үндэстнүүдийг гетто-гийн гадна хүнээ оршуулахыг хориглосноос болж Прага хотын еврейчүүдийн оршуулгад 12 үе (100,000 гаруй) үхэгсэд байв.
XVIII зуунаас л европын улсууд хот суурин газрын шугамд дотор хүнээ оршуулахыг хориглосон хууль захирамжууд гаргаж эхэлж. Гэвч хотууд мэдээж хүрээ талбайгаа тэлж, захад байсан оршуулгууд эргээд хотын бүсд орж байв. Москва хотод л гэхэд өдгөө 70 гаруй оршуулга бий. Цөм дүүрсэн. Жил болгон нэмж 140,000 хүн өөд болдог. Булагдсан хүн 30 орчим жил ялзардаг. Гэвч яс нь хэдэн зуун жил хөрсөнд байж л байна. Бас зарим газар гэрийн тэжээвэр амьтадын оршуулгууд нээгдэж эхэлсэн. Чандарлалт асуудлыг арай хөнгөвчилдөг боловч орчинг бас л чамгүй бохирдуулдаг юм.
Оршуулга л бол оршуулга. Энэ процесс хэзээ ч хаана ч сайхан болж байсан түүхгүй. Оршуулгын бизнесийг буян ч гэж хэлхэд хэцүү, нүгэл ч гэхэд хүндрэлтэй. Булаад дээр нь чулуу юм уу хөшөө босгодог үйлдлийг юу ч гэлтэй.
Шинэлэг зүйл бий болж байгаа юу гэвэл байгаа л да. Жишээ нь: промессия (promise-с үүдэлтэй үг). Шингэн азотод, –196°С хэмд цогцосыг хөлдөөдөг. Ингэхэд организм шил шиг хэврэг болох бөгөөд үртэс болж үүрдэг. Түүнийг нь вакум-д хатаагаад, соронзонгийн тусламжтай хатуу биетүүдийг (ломб, хиймэл имплантат г.м.) түүгээд крахмал саванд үлдсэн үүрмэгийг хийдэг. Гол зорилго - эх дэлхийд анх түүн дээр үүссэн зүйлийг л эргүүлж өгөх. Гэвч энэ аргын зардал нь өндөр.
Ийм нөхцөлд яавал дээр вэ?
1. Нас барагсадын эд эрхтэнг өвчтэй хүмүүст харамгүй зарцуулах. Ингэхэд 2 асуудал үүсч мэднэ.
а. Эд эрхтний наймаа;
б. Шашин шүтлэгийн хориг.
Эд эрхтэн өнөөдөр ч зарагдаж л байгаа шүү дэ. Хар бизнес хэлбэрээр ч сайн хөгжсөн. Их хэмжээний эд эрхтэн зах зээлд нэвтэрснээр олон мянган хүний амийг аврахаас гадна тухайн процедуурын үнэ өртөг нь буурна. Энэ нь хар аргаар мөнгө хийж буй нөхдүүдийн бизнесийг алдагдалд оруулж, энэ төрлийн наймаа хийх нь цаашид ашиггүй болж, улмаар хумигдаж болох талтай. Шашины хувьд, хүнд үхсэн хойноо ч хамаагүй амьдрал бэлэглэх шиг буян гэж байх уу? Би зүрхээ хэн нэгэнд өглөө гэхэд миний амьсгал хураагдсан ч зүрх минь цохилно.
2. Нэгэнт нэгнийгээ оршуулсан бол дээрээс нь гантиг юм уу чулуугаар дарж, хөшөө суварга босгож, төмөр хашлагаар тойруулахын оронд мод суулга. Модыг арчилж болно, түүнтэй ярьж ч болно. Ийм оршуулган дээр нэмээд хэнийг ч давхар оршуулахгүй. Төмөр хайс хашлага түүнд хэрэггүй. Моднууд хэний хөшөө том, сүрлэг байна гэдэг шиг хоорондоо өрсөлдөхгүй. Тэгээд ч хүмүүсийн оронд ой юм уу цэцэрлэгт хүрээлэн үлдэх нь оршуулгын газар үлдсэнээс дээр болов уу.
28 April 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Гоёо санаа байна
ReplyDelete