Дэлгүүрүүдэд хөлдөөгч, хөргөгч хог шиг их байдаг боловч ард олон үнэ, хэмжээ, фирм, өнгө зэргийг нь харсан болоод л худалдаад авчихдаг. Хөргөгч ямар ямар янз байдаг, юугаараа хоорондоо ялгарах тухай товчхондоо:
Нэг. Байрлал. Хэвтээ хөлдөөгчид (дэлгүүрүүдэд бууз банш, мөхөөлдөс хадгалагддаг) маш сайн хөлдөөдөг. Агуулагдаж буй хүнсийг тохиргооноос шалтгаалж тас хөлдөөх юм уу тодорхой нэг температурт байлгаж чадна. Ер нь бол давгүй эд. Гэхдээ гэртээ ийм хөлдөөгч байрлуулах нь тийм ч тохирожмтой бус. Ядаж л дотор нь олон жижиг чихүүсгээ хийхэд хүндрэлтэй болохоор босоо хөргөгч айлуудад зонхилдог.
Хоёр. Хөргөгчийн гэсгээлт. Зарим хөргөгчийг цас мөснөөс нь арилгах гэж тэжээлээс салгаж, хаалгыг нь онгорхой орхихоос өөр арга байдаггүй. Хуучин орос хөргөгчтэй байсан хүн зовлонг нь мэднэ. Хэдэн цаг доош ус нь дусдаг, хоол хүнс ил хэвтээд байдаг, хүсэх зүйл биш. Тиймээс хөргөгч худалдаж авахаас өмнө гэсгээлт хийх шаардлагатай эсэхийг заавраас нь харчихад илүүдэхгүй. Сүүлийн үед "ноу фрост" системтэй хөргөгчид олширсон. Гэхдээ энэ технологи нь хүнсийг ямар ч усгүй болгодгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тиймээс хүнсээ гялгар уутанд сайн гэгч боож, битүүмжилж байж хийж байх ёстой.
Гурав буюу уур амьсгалын гэх үү дэ, климатын ангилал. Үсэгнүүдийг нь сонж. Манайд ихэвчлэн N (normal) индекстэй нь худалдаалагддаг (гаднах температур нь 16-32 градуст тохирсон гэсэн үг). SN гэж байвал субнормал - 10-30 градус. ST нь субтропик болж байгаа юм - 18-38 градус. За тэгээд төгсгөлд нь Т буюу тропик - 18-43 градусын орчинд зориулагдсан хөргөгч. Ийм Т үсэгтэй хөргөгчийг Дархадын хотгор юм уу Тэс голын сав газраар өвөлждөг малчид аваад хэрэггүй гэсэн үг.
Дөрөв дахь бөгөөд хамгийн чухал үзүүлэлт нь хөлдөөх чадвар. Бүх хөргөгчний хаа нэг газар цасан ширхэг зурагдсан байдаг.
Цасан ширхэг болгон Цельсийн хасах 6 градус шүү нөхдөө, сайн тогтоо. Боломжит хувилбарууд:
цасан ширхэггүй - дотор нь юу ч хадгалж болохгүй, мөс бэлдэх зориулалтаар л ашиглаж болох эд.
* –6 °C, хөлдөөсөн зүйлийг нэг долоо хоног орхиж болно.
** –12 °C, хөлдөөхөөр хийсэн зүйлээ нэг сараар хийгээд мартаж болно.
*** –18 °C, хөлдөөхөөр хийсэн хүнс 3 сараас 1 жил босон ч яахачгүй.
*(***) –18 °C өмнөх 3 цасан ширхэгтэй хөргөгчтэй адилхан, нэмээд супер-хөлдөөгч функц бий гэсэн үг.
Ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. Аливаа хүнсээ тэс хөлдөөх гэж буй бол сүүлийн 4 цасан ширхэгтэй хөргөгч л тохирно. *-с ***-той хөргөгчинд хөлдүү бүтээгдэхүүн дэлгүүрээс авчирч хийхээс бус дахиж хөлдөөж болохгүй.
No comments:
Post a Comment