15 March 2011

Япон маягийн хариуцлага

Би аль 2009 онд камикадзе нарын талаар бичиж байсан. Үргэлжлүүлье.

Эх орныхоо төлөө зориулж амиа хорлох нь нэг бодлын бахархмаар ч юм шиг, нөгөө бодлын эмгэнэлтэй ч юм шиг. Эхлэл болгож цөмөөрөө дэд-адмирал Онисигийн үхэхийнхээ өмнө үлдээсэн зурвасыг сонирхоё:
"Би камикадзе нарын сүнснүүдэд хандаж байна. Тулаанд гаргасан баатар зоригоор чинь би чин сэтгэлээсээ бахархадаг. Та нар ялалтдаа итгэж гайхалтай үхлээр үхсэн. Яг сакурагийн унаж буй дэлбээнүүд шиг. Харамсалтай нь та нарын минь мөрөөдөл биеллээ олж чадсангүй. Би өөрийн үхлээр цэргүүдийнхээ, тэдний ар гэрийнхний өмнөх нүгэлээ цайруулахыг хүсэж байна. Надад бүх япончууддаа хандаж хэлэх зүйл бас байна. Болчимгүй зүйл битгий хийцгээгээрэй, амиа бүү егүүтгээрэй. Үгүй бол дайсан л хүчирхэгжинэ. Их эзэн хаандаа итгэж, зовлон зүдгүүрийг тэсвэр хатуужлаараа давцгаа. Япон бахархалаа цаг ямагт санаж яваарай. Та нар - эх орны минь эрдэнэ. Камикадзе нарын сэтгэлийн тэнхээг энхийн цагт ч хадгалж үлдээх хэрэгтэй. Япон үндэстний болон дэлхийн бусад үндэстнүүдийн сайн сайханы төлөө хүч хөдөлмөрөө зориулаарай"
.
Энэ дайчин офицер өөрийгөө нисгэгчидийнхээ өмнө дэндүү их гэм буруутай гэж үзсэн бололтой. Учир нь хамгийн тарчилж үхдэг арга буюу секундантгүй харакири өөртөө хийж 15 цаг тарчилж байж өөд болсон түүхтэй.
Мэдээж хэрэг, ийм хариуцлага, өөрийгөө үл хайрлах байдал нь хүндэтгэл төрүүлнэ. Гэвч энэ нь урд өмнө нь хийсэн лай, нүгэлийг нь цайруулж чадахгүй л болов уу. Өөрийгөө хайрлах эсвэл хөнөөх асуудал хувь хүний өөрийн хэрэг. Харин харъяаныхаа хүмүүст яаж хандах нь тэс ондоо асуудал. Японы адмиралуудын толгойг нь эргүүлж үхэхээр хөөргөсөн нисгэгчидийн дийлэнх олонх нь залуучууд, бараг хүүхдүүд байсан. Эх оронч үхлээр үхэх нь нэр төрийн асуудал, цэвэр ариун үйл хэрэг мөн гэж тархийг нь эргүүлэхэдэд төдийлөн хүнд биш байсан болов уу. Цайрайнуудыг нь харалдаа:
Гөлөг барьсан хүүхдийг Юкио Араки гэдэг байсан. 17 настай. Энэхүү зураг дарагдсаны маргааш энэ хүү бусад нөхдийнхөө хамт америкийн хөлөг онгоцруу довтолж амь үрэгдсэн.
Харин энэ гандсан фото дээр дэслэгч Уэмура гарч. Армид ирэхийн өмнө оюутан байсан залуу.
Эцсийн захидалдаа тэрбээр адмирал шиг япон үндэстэндээ биш өөрийн нэг настай охинд хандсан байдаг:
"Миний онгоцны бүхээгт сахиус байдаг. Тэр нь чиний хүүхэлдэй. Энэ нь чи надтай цуг байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ чи минь надаас маш хол. Үүнийг бодохлоор зүрх шимширэх юм."
Япон адмиралуудын сэтгэл нь зовж тарчилах нь арга ч үгүй байлгүй дэ.
Зурган дээр нисгэгчидийг сүүлчин замд нь үдэж байна:
Адмирал нисгэгч жаалуудтай сүүлийн хундагыг тулгаад эх газартаа хоцорно. Хүүхдүүд нисээд иргэж ирэхгүй. Аймшигтай. Зурган дээр Фурудомэ адмирал гарч. Мань эр өндөр гэгч насалсан гэж байгаа. Мэдээж хэрэг бүгд гэдсээ хүүлэхгүй шүү дэ.
Японы нийгмийн гол онцлог нь өөрийн үйлдэл, гаргасан шийдвэрийн бүх хариуцлагыг үүрсэн шиг үүрдэг явдал гэж би боддог. Энэ нь үеэс үед уламжилагдаж ирсэн гэхүү дэ. Ямар нэг дарга л бол хариуцлага өндөр гэж жигтэй. Хариуцлага хүлээхдээ дээд даргынхаа өмнө биш өөрийнхөө совесть-ийн өмнө хүлээдэг. Совесть гэж шууд үзэх нь ч хаашаа юм, христиан ойлголт шүү дэ (монгол хүнд совесть байдаггүй болохоор энэ үг орчуулагддаггүй гэдэг, хэ-хэ). Ичиж, улмаар нэр нүүрээ алдах гэх нь зөв байж мэднэ. Буруу зүйл хийсэн япон дарга ичсэндээ шууд чөлөөнд гарна. Зарим шийдсэн товарищууд нь нэг мөсөн өөрийгөө бүхнээс чөлөөлчих нь ч бий.
Байлдагчидаа хайрлахгүй улаан үхэлрүү нь түлхсэн цэргийн дарга нар аль ч улсын түүхэнд олдох уу? Олдно. Гэвч японы хувьд энд мэдээж дахиад л онцлог бий. Хүмүүсээ үл хайрлахын зэргэцээ япон алуурчин өөрийгөө ч хайрладаггүй. Тэгээд өөрийгөө гэм буруутай гэж үзвэл алдаагаа тэр дор нь өөрийгөө егүүтгэх замаар засчихна. Гитлер, Гиммлер, Геббельс, Геринг нар өөр ямар ч арга замгүй болсон хойно л амиа хороосон. Дүүжлүүрт өлгөгдсөнөөс өөрийгөө егүүтгэсэн нь дээр гэж үзсэнээс тэр. Саддам болохоор айлгүй дүүжлүүлсэн (эсвэл өөрийгөө алчих боломж нь олдоогүй). 1945 оны намар шүүхээс айсандаа бус толинд өөрийгөө харахаас зэвүүцсэн, ичсэн мянга мянган япон офицер өөрийгөө егүүтгэсэн юм.
Камикадзег ондоо өнцгөөс харвал тийм ч гоё зүйл биш л дэ: хийдгээ хийж үздэгээ үзсэн (генерал, адмирал) ах нар зоригтой, үзэл бодолдоо хөтлөгдсөн боловч юугаа ч мэдэхгүй өсвөр насныхныг найдвартай үхэлрүү нь түлхэж байгаа үйлдэл шүү дэ. Ийм тохиолдол түүхэнд олон. Москва-д немцүүд тулаад ирэх цагт Жуков 16-тай хүүхдүүдийг эгнээндээ элсүүлж байсан гэх батлагдаагүй мэдээ байдаг. Гитлерийг саналдаа. Берлин эзлэгдэх нь тодорхой болчихоод байхад 14-тэй хүүхдүүдийг орос танкуудын эсрэг илгээж л байсан.
Одоо үед гэвэл - нөгөө Бин Ладен. Уулын мухарт суучихаад л хүүхдүүдийг үхэлрүү нь адислаж илгээсэн шиг л амьдарч байна.
Камикадзегийн буюу амиа хорлогч баатрын санааг эзэн хааны тэнгисийн хүчний удирдлага анх санаачилж. 1944 оны намар болход Япон улс АНУ-аас цэргийн салбарын үйлдвэрлэлийн бүхий л үзүүлэлтээр хоцорч эхлэв. Энэ чигээр дайныг цааш үргэлжлүүлвэл ялагдах нь тодорхой. Тарчиг япончууд тарган цатгалан америкчуудаас ганц л давуу талтай - самурайн сэтгэлийн тэнхээ. Мянга мянган зоригт япон хөвгүүд хуй салхи мэт дайсны хөлөг онгоцуудыг довтолно. Дайсан ийм зориг хатуужлаас эмээж Японруу түрэмгийлэн довтлохоо өөрчилж нэр төртэй энх тайваны гэрээ байгуулах нөхцөл бүрднэ. Ад чөтгөрийн гэмээр энэхүү санаа яаж ч яваад дэмжигдээд гараад ирсэн юм бүү мэд.
Санааг гүйцэлдүүлж эхлэхэд ч бас япон зан чанар харагдсан. Дээрх саналыг санаачлагчдын нэг адмирал Масафуми Арима "бурханы тэнгэрлэг хуй салхи" гэж юу байдгийг биечилэн харуулах зорилгоор анхны нислэгийг хийжээ. Салах ёслол гүйцэтгээд, одонгуудаа цол хэргэм таниулах тэмдгүүдийн хамт тайлаад 2 моторт онгоцонд суугаад "Франклин" хөлөг онгоцыг довтлоод амь үрэгджээ, хөөрхийс. Дүр төрх нь энэ:
Дараа нь түүний жишээг дөрвөн мянган хүн дуурайж 34 хөлөг онгоц живүүлж, 368-ыг жагсаалаас гаргав. Тэгсэн хэдий ч дайнд ялагдсан. Эзэн хаан үндэстэндээ хандаж хэлсэн үгэндээ ард түмнийхээ баатарлаг үйл хэргээр бахархаж байгаагаа илэрхийлж, шинэ Япон орныг бүтээн байгуулахыг уриалав. Товчхондоо: концерт дууслаа, анхаарал хандуулсанд баярлалаа. Гэвч камикадзегийн санааг төрүүлсэн бусад нөхдүүд өөрсдийгөө тийм ч амар хариуцлагаас чөлөөлчихөөгүй. Матомэ Угаки адмирал хамгийн сүүлчийн амиа хорлогч нисгэгч болсон юм. Үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурдаг өдөр түүний бие агаарт хөөрч, сүнс нь тэнгэрт халив. Энэ байна мань эр, яг нисэхийнхээ өмнө, хамаг одон тэмдгээ тайлсныг нь анзаарна уу:Энэ өдөр америкийн хөлөг онгоцуудыг довтолсон өөр тохиолдлууд бүртгэгдээгүй. Тэрбээр хараал идсэн янки-нуудаас хэд гуравыг хань татаад халихыг төдийлөн бодоогүй нь илт. Зүгээр л ийм сэтгэлийн ачаа тээж цааш амьд явахыг хүсээгүй. Нэг үгээр - япон хариуцлага. Байлдааны талбараас хол, тулаанд оролцож байгаагүй штабын офицерууд хүртэл харакири маш их хийж байв. Энэхүү өөрийгөө шийтгэдэг хариуцлага нь өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн. Мэдээж юм л бол гэдсээ хүү татах явдал нь цөөрсөн л дө. Алдаа гаргасан яамны сайд, дампуурсан банкны эзэн - цөм хамаг бурууг өөр дээрээ авдаг. Доод албан тушаалтнууддаа бурууг бухах шиг булай байхгүй.
Манай түүхэнд ч гэсэн ийм тогтолцоотой үе байсан уу гэвэл байсан. XIII зуун хавьцаа юм болов уу да. Гэвч бид ийм "хэрэггүй зүйлийг" хоолтойгоо холиод идчихээ мэдэхтэйгээ улс. Одоо цагт бүхий л шатны удирдлагууд маань соёлтой боловсон, орчин үеийн сэтгэлгээтэй сайхан хүмүүс. Тэгээгүйсэн бол 20 жилийн дотор бид өнчирчихгүй юу.

1 comment: