16 March 2011

Нэгдмэл үндэстэн

Дахиад японы талаар бичье.Аливаа газар байгалийн гамшиг (үер ус, гал түймэр, газар хөдлөлт г.м.) болсны дараа эмх замбараагүй нөхцөл байдал үүсдэг. Дээрэм тонуул газар авч, төр засаг байгаа эсэх нь мэдэгдэхгүй. Нью-Орлеан, Гаити, Чили-д лав ийм л байсан, ойрын жилүүдийн жишээ гэвэл. Гэвч Японд ондоо зүйл байна. Дээрэм тонуул, хулгай, эмх замбараагүй байдлын тухай мэдээлэл би л лав олж харсангүй, уншсангүй.
Харин ч бараг эсрэгээр. Зарим нэг хүнсийн дэлгүүрийн эзэд барааныхаа үнийг буулгасан гэнэ. Хүнс, ундаа зардаг аппаратууд үнэгүй ажиллаж байна гэнэ. Усанд урсаад шавар балчигаас өөр зүйл үлдээгүй газар оршин суугчид нь бие биендээ дэм болж, задгай гал тойрч суугаад хүнсээ хувааж хэрэглэж байна.
Энэ бүхэн нь тухайн улсын нийгмийн тогтолцоо, үзэл баримтлалтай холбоотой. Япон хүн болгон өөрийгөө бусадтайгаа "нэг завинд" сууж байгаагаа яс махандаа шингэтэл ойлгодог. Нэг бүхэл зүйлийг бүрдүүлэгч эд анги нь гэсэн үг. Өөрийн зовлон жаргалыг тэсээд гардаг сэтгэлийн тэнхээтэй нөхдүүд. Мөн тус улсад гэмт хэргийн түвшин маш доогуур. Цагдаагийн үйл ажиллагаа нь үлгэр жишээ. Шийтгэл хүлээлгэх систем нь хүмүүнлэг бөгөөд алдаа гаргасан иргэнээ буцаад нийгэмдээ элсүүлэхийн төлөө их хичээдэг. Бид нэг гэдгээ тус ард түмэн үг, лозунгаар биш үйл хэргээр харуулж чадаж байна. Нэгдмэл, нягт үндэстэн, өөр юу гэхэв.
1732-33 онд Японы баруун өмнөд мужууд өлсөглөнд нэрвэгдэж. Эмх замбараагүй байдлын тухай ямар ч баримт байдаггүй. Сонирхолтой нь, эхэлж дан эрчүүд нь үхдэг байж. Хамгийн сүүлд - хүүхдүүд. Одоо цагт Африк тивд өлсөглөн болход эсрэгээрээ, эхэлж хүүхдүүд нь үхээд, чадалтай, хүчтэй эрчүүд нь амьд үлддэг. Ялгаа байгаа биз?
Төгсгөлд нь: өөрийн эрхгүй ийм нөхцөл байдалд бид яах бол гэсэн бодол төрөх юм. Жишээ нь: УБ-т маргааш газар хөдлөөд хамаг юм газрын гаваар орчихлоо. Нийгэм, хүмүүс яаж өөрчдөгдөх вэ?

2 comments: